УИХ-ын гишүүн Д.Ганмаа Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэнг УИХ-ын Ёс зүйн дэд хороонд өгч буйгаа өнгөрсөн долоо хоногт мэдэгдсэн. УИХ-ын тухай хуулийн 27.5.5-д “Ёс зүйн дэд хороо гишүүний ёс зүй, сахилга, хөрөнгө, орлогын мэдүүлэг, чуулганы хуралдааны дэг сахиулах асуудлыг эрхэлнэ гэж заасныг удирдлага болгон дараах гомдлыг гаргаж байна. Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн нь Үндсэн хуулийн 14.2, УИХ-ын тухай хуулийн 8.1.21, Төрийн албаны ёс зүйн тухай хуулийн 7.1.7 дахь хэсгийг зөрчсөн үндэслэлээр гомдол гаргаж байна гэжээ. Мөн УИХ-ын гишүүний Ёс зүйн дүрэмд заасан биеэ авч явах, шударга байдлаар үлгэр дуурайл үзүүлэх, гишүүний бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ баримтлах ёс зүйн шаардлага биелүүлэх, бусдын нэр төр, алдар хүнд, эрх, хууль ёсны ашиг сонирхлыг эрхэмлэн хүндэтгэлтэй хандах зэргийг баримтлаагүй гэв.
Тодруулбал, өнгөрсөн сарын 30-нд болсон УИХ-ын өргөдлийн байнгын хорооны хурлын үеэр эмч, багш нарын цалингийн асуудлыг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн Д.Ганмаа эмч, эмнэлгийн ажилчдын цалин хангамжийн асуудлыг хөндсөн. Гэвч үүний дараа Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн түүнийг “Аятайхан байгаарай, хохино шүү” гэж дарамталсан тухай тэрбээр хэвлэлд мэдэгдсэн юм. Харин Эрүүл мэндийн сайд энэ явдлыг эрс няцааж “Чанга дуугаар ярьсныг минь буруу ойлгосон байх. Ийм явдал болоогүй” гэж тайлбарласан. Ёс зүйн дэд хорооныхон Гомдол, мэдээлэл хүлээн авснаас хойш ажлын 30 хоногийн дотор шийдвэрлэн дүгнэлт гаргах юм.
Ч.Цэлмэг