УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар ирэх оны төсвийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийв. Уг хуралдаанд Ерөнхий аудитор, Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн дарга болон сайд нарын төлөөлөл оролцож, гишүүдийн асуултад хариулсан. Шүүмжлэл дагуулаад буй уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай асуултад Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Учрал “Энэ оны есдүгээр сарын байдлаар биржээр 12.5 сая тонн нүүрс, 4.1 сая тонн төмрийн хүдэр, 35 мянган тонн зэсийн баяжмал, 43 мянган тонн жоншны хүдрийн баяжмал арилжаалсан” гэв. Мөн төсвийн төсөлд хөрөнгө оруулах арга хэмжээг ямар шалгуураар эрэмбэлдэг тухайд “Засгийн газрын 14 мега, дөрвөн жилийн хөтөлбөрт орсон 149 төслийг Тэргүүн шадар сайдын тушаалаар баталсан макро эдийн засгийн нөлөөллийн, төслийн бэлэн байдлын үнэлгээ, санхүүжилтийн эх үүсвэрийн, нийгмийн нөлөөллийн үнэлгээ зэрэг дөрвөн бүлэг, 14 шалгуур үзүүлэлтээр эрэмбэлсэн” гэлээ.
Багш, эмч тэргүүтэй төрийн үйлчилгээний албан хаагчдын цалин, мөн тэтгэвэр нэмэх боломж, Үндэсний баялгийн сангийн хөрөнгөөр ипотекийн зээлийг санхүүжүүлэх санаачилгын эрсдэл зэргээр зарим гишүүн санал хэлсэн.
С.Уул