Хөл бөмбөгийн томоохон лигүүд завсарлаж, шигшээ багуудын тулаан энэ долоо хоногт үргэлжлэх гэж байна. Ирэх жил болох ДАШТ-ий эрхийн төлөөх эдгээр тоглолттой холбоотой зарим сонирхолтой мэдээллийг хүргэе.
АЗИАС АЛЬ БАГ ЭРХЭЭ АВАХ ВЭ
Япон, Иран, Узбекистан, БНСУ, Иордан, Австралийн баг 2026 оны ДАШТ-д оролцох эрхээ өвөртлөөд буй. Энэ сард тэдэнтэй нэгдэх хоёр шигшээ багийн нэр тодрох учиртай. Дөрөвдүгээр шатанд зургаан баг хоёр хуваагдсан агаад хэсгээ тэргүүлсэн нь ДАШТ-ий эрхээ шууд авах бол хоёрдугаар байрт орсон багууд нэмэлт тоглолт хийнэ. “А” хэсэгт Катар, Оман, АНЭУ, “В”-д Индонез, Ирак, Саудын Арабын баг тоглож буй.
АФРИКИЙГ ТӨЛӨӨЛӨХ БАГУУД Ч ТОДОРНО
Тунис, Марокко тивээ төлөөлөн 2026 оны ДАШТ-д оролцох нь тодорхой болсон бол тэдэн дээр долоон баг нэмэгдэх учиртай. Үүнд Египет, Алжир, Кабо-Верде ороход тун ойртоод буй. Түүнээс гадна Сенегал, Кот-д’Ивуар, Ганийн шигшээ багт ч боломж бий. Тус тивийн эрх олгох тэмцээн арваннэгдүгээр сард дуусах ч ирэх өдрүүдэд их зүйл шийдэгдэх нь гарцаагүй юм.
СЕРБИ-АЛБАНИЙН БАГУУД БЕЛГРАДАД ӨРСӨЛДӨНӨ
Энэ хоёр багийн тоглолт үргэлж ширүүн болдог. Үүх түүхээс гадна утга учир, ач хол богдол нь ирэх бямба гарагт болох тоглолтыг бүр ч үнэ цэнтэй болгож байна. Албанийн нийслэл Тиранад болсон хоёр багийн эхний тоглолт гоолгүй тэнцээгээр дууссан ч Албанийн багийн Р.Манай торгуулийн цохилтоо алдаагүй бол талбайн эзэд ялж болох байлаа. Харин одоо багууд Белградад “тулна”. Албанийн шигшээ нэг тоглолт илүү хийсэн ч Сербийн багаас ердөө нэг оноогоор илүү. Хоёул өмнөө байгаа Английг гүйцэх боломжгүй учраас хоёрдугаар байрын төлөө үзэлцэхээс өөр аргагүй болсон. Хэрэв сербүүд талбайдаа болох эл тоглолтод ялбал ихээхэн давуу байдалтай болох юм.
Сонирхуулахад, 2014 онд болсон хоёр багийн тоглолтын үеэр талбай болон үзэгчдийн суудалд эмх замбараагүй байдал үүсэж, шүүгч М.Аткинсон тоглолтыг зогсоож байв. Улмаар Сербийн багт техникийн алдаа өгсөн билээ.
ИСПАНИ ГҮРЖИЙГ ДАХИН ХЭЛМЭГДҮҮЛЭХ ҮҮ
Сүүлийн дөрвөн жил гаруйн хугацаанд Испани, Гүржийн шигшээ баг хоорондоо таван удаа таарч тогложээ. Тухай бүрд Испанийн баг илт давуу ялж байсныг гоолын зөрүүгээс (20:4) харж болно. Ялангуяа “Евро-2024” тэмцээний эрхийн төлөө талбайдаа 1:7-гоор хожигдсон тоглолт нь гүржүүдэд тун хүнд туссан.
Харин одоо хоёр баг 2026 оны ДАШТий эрхийн төлөө тулалдах гэж байна. Хоёр тойргийн дараах байдлаар Гүржийн баг гурав, Испанийн баг зургаан оноотой болсон. Хэрэв В.Саньолын удирдсан баг ирэх бямба гарагт болох тоглолтоос гайгүй үр дүн гаргаж чадвал ДАШТ-ий эрх ойрхон харагдаж магадгүй. Е хэсэгт эл хоёр багаас гадна Турк (3 оноо), Болгарын (0 оноо) шигшээ тоглож буй.
ИТАЛИЙН ШИГШЭЭГ ЮУ ХҮЛЭЭЛТ
“Скуадра Аззура” өнгөрсөн сард хоёр супер тоглолтыг фэнүүддээ толилуулсан. Тэд эхлээд Эстонийн багийг 5:0-ээр бут ниргэсэн (эхний хагаст онооны харьцаа 0:0 байсныг сануулъя) бол Израилын багтай асар сонирхолтой өрсөлдөөн үзүүлж, 90+1 минутад хожлын гоолыг оруулж байв. Италичууд эл хоёр багтай хариу тоглолт хийх (эхлээд Израилын багтай энэ сарын 14-нд) бөгөөд хоёуланд нь хожсон тохиолдолд хэсэгтээ дэд байр эзлэх нь баталгаатай болно. Харин хэсгээ тэргүүлэх, эсэх нь италичуудаас бус, Шведийн багаас шалтгаалах билээ.
Э.ХОЛАНД БАГАА ДАШТ-Д ОРОЛЦУУЛЖ ЧАДАХ УУ
Норвегийн шигшээ баг 1998 оноос хойш ДАШТ-д “зодоглоогүй”. Тухайн үед тэд шөвгийн 16-д Италийн багт ялагдаж байлаа. Харин одоо хамтдаа “I” хэсэгт хүч үзэж байна. С.Сольбаккены баг хэсгийн таван тоглолтдоо бүгдэд нь ялсны дотор Итали (3:0), Молдавыг (11:1) илт давуу хожсон ялалт бий. Хэрэв гол өрсөлдөгч Италийн шигшээ тааруу тогловол Э.Холанд тэргүүтэй Норвегийн багийнхан 2026 оны ДАШТ-д оролцох эрхээ авна.
К.РОНАЛДУ ХЭДЭН ГООЛ ОРУУЛАХ ВЭ
Португалийн шигшээ эхний хоёр тоглолтдоо ялаад байна. Тэднийг Армен, Унгар, Ирландын багийн өмнө бичигдэнэ гэдэгт эргэлзэх хэрэггүй юм. Өөрөөр хэлбэл, К.Роналду ирэх жилийн ДАШТ-д оролцох нь баараггүй. Португалчууд энэ сард Ирланд, Унгарын багтай тоглох бөгөөд эдгээр тоглолтод К.Роналду хэдэн гоол оруулах нь сонирхол татаж байна. 2026 оны ДАШТ-ий эрхийн төлөөх тоглолтуудад тэр¬бээр гурван гоол оруулаад байгаа юм.
ГЕРМАН ХЭСГЭЭ ТЭРГҮҮЛЭХ ҮҮ, ЭСВЭЛ...
Есдүгээр сард Словакийн багт ялагдаж (0:2) шуугиан тарьсан Германы шигшээ хоёр тоглолтын дараах байдлаар хэсэгтээ гутгаар байрт бичигдэж буй. Тэд энэ сарын 10-нд Люксембург, 13-нд Умард Ирландтай тоглох хуваарьтай. Хэрэв эдгээр тоглолтод ялбал хэсэгтээ дэд байрт орох бөгөөд тэргүүн байр эзлэх, эсэх нь бусад багийн тулаанаас хамаарах юм.
Э.Манлайбаатар