Улаанбаатар хотод мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсийг нийслэлийн ИТХ-ын 2024 оны IX тогтоолоор баталсан. Тодруулбал, хотын төвийн Чингэлтэй, Сүхбаатар, Баянгол дүүргийн нутаг дэвсгэр бүхэлдээ, Баянзүрх, Сонгинохайрхан, Хан-Уул дүүргийн Гачуурт, Хонхор, Жаргалант, Эмээлт, Туул тосгон, Өлзийтөөс бусад бүх хорооны нутаг, алслагдсан гурван дүүргийн суурьшлын бүс, Богдхан уул орчимд мал аж ахуй эрхлэхийг хориглосон. Тэгвэл сүүлийн үед эдгээр хориглосон бүсүүд, хотын төвийн хэсгээр адуу бэлчиж байгаа талаар иргэдээс гомдол ирүүлэх болжээ. Энэ талаархотын дарга Х.Нямбаатар “Улаанбаатар хотын мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсэд иргэд адуугаа бэлчээж, чипээр хянадаг боллоо. Үүний уршгаар гудамж талбай адууны хомоолоор дүүрч байна. Хот дотор мал бэлчих нь нийтийн эзэмшлийн зам, талбайг бохирдуулах, ногоон байгууламж сүйтгэх, зам, тээврийн осол гарах, халдварт, гоц халдварт өвчин тархах эрсдэлтэй. Тиймээс мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсээс малаа авч гарахгүй бол арваннэгдүгээр сарын 1-нээс эхлэн Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороонд байрлах нийслэлийн Цагдаагийн удирдах газрын харьяанд байдаг тэжээлийн талбайд бүх адууг хашна. Адуугаа авахад нь торгууль ногдуулж, хоногийн тэжээлийн мөнгийг нь төлүүлнэ” гэж мэдэгдэв.
Мөн нийслэлийн ЗДТГ-ын дарга Д.Амгалан “Нийслэлийн Засаг даргаас холбогдох байгууллага, дүүргүүдэд хууль, журмыг хэрэгжүүлэх үүрэг өгсөн. Мөн Зөрчлийн тухай хуулиар мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсэд малаа нэвтрүүлсэн иргэнийг нэг сая, хуулийн этгээдийг 10 сая төгрөгөөр торгоно. Хотын төвийн зургаан дүүрэг, ялангуяа Богдхан уул, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд мал нэвтрүүлсэн зөрчил цөөнгүй” гэв.
Ч.Туяа