Дэлхийн сэтгэцийн эрүүл мэндийн өдөр маргааш тохионо. ДЭМБ-ын санаачилгаар 1992 оноос жил бүрийн аравдугаар сарын 10-ныг Дэлхийн сэтгэцийн өдөр болгон тэмдэглэн иржээ. Эл өдрийг тохиолдуулан энэ сарын 11 буюу бямба гарагт “Сэтгэл бол эрхтэн” нөлөөллийн арга хэмжээг Эрүүл мэндийн яам, СЭМҮТ, Монголын хүүхдийн зөвлөл зэрэг байгууллагынхан хамтран зохион байгуулах нь. 10-19 насны өсвөр үе, залууст зориулан “Сэтгэл ч бас өвддөг, анзаараарай” уриатай эл арга хэмжээ нь Хан-Уул дүүрэг дэх “Edu Park”-т тухайн өдрийн 13.00-18.00 цагт болох юм байна. Урлагийн үзүүлбэрийн зэрэгцээ мэргэжлийн сэтгэл зүйчид зөвлөгөө өгөх тул эцэг, эхчүүд хүүхэдтэйгээ хамт очихыг зохион байгуулагчид уриаллаа.
Дэлхий даяар амиа хорлолтын нийт тохиолдлын 77 хувь нь хөгжиж буй болон ядуу буурай орнуудад бүртгэгддэг бөгөөд өсвөр насныхны нас баралтын тэргүүлэх шалтгааны дөрөвдүгээрт бичигдэж байна. 2023 оны эрүүл мэндийн статистик мэдээллээр манай улсын хүн амын дундах амиа хорлолтын тохиолдлын түвшин 100 000 хүн амд 14.7 байна. Нас барсан 20-24 насны залуучуудын 27.4, 25-29 насныхны 20.6 хувь нь амиа хорложээ. Харин 15-19 насныхны 23.6 хувь буюу дөрвөн хүн тутмын нэг нь амиа хорлосон гэх статистик бий. Тэгвэл амиа хорлоход хүргэдэг гол шалтгааны нэг нь сэтгэл гутрал гэж мэргэжилтнүүд үздэг. Иймд сэтгэлээ тордож, өвдсөн үед нь эдгээх хэрэгтэйг эмч нар зөвлөж байна.
Ч.Болор