Америк, Британи, Франц эрдэмтэн Жон М.Мартинис, Жон Кларк, Мишель Х.Деворе нар физикийн салбарын Нобелийн шагнал хүртлээ. Тодруулбал, тэд нүдэнд үл үзэгдэх квант механикийн хонгил болон цахилгаан хэлхээн дэх энергийн квантчиллыг нээснээр 2025 оны Нобелийн шагнал хүртсэн аж. Нобелийн хорооныхон “Тэд 1980 оны дунд үед хэт дамжуулагч материалаар бүтээсэн электроноор туршилт хийж, квантын үзэгдэл нь бодит объектод ч нөлөөлж болохыг нотлон харуулсан” хэмээв.
Жон Кларк болон Жон Мартинис нар өдгөө Калифорнийн их сургуульд багшилдаг бол Франц гаралтай Мишель Х.Деворе “Google quantum AI”-д ерөнхий шинжээчээр ажилладаг аж. Мөн тэрбээр Йелийн их сургуульд багшилдаг юм байна.
Ташрамд дурдахад, Нобелийн шагналыг 1901 онд анх олгож эхэлжээ. Үүнээс хойш физикийн салбарын энэхүү нэр хүндтэй шагналыг 225 хүн хүртсэн аж. Харин өнгөрсөн онд Америкийн эрдэмтэн Жон Хопфилд, Британи гаралтай Канадын эрдэмтэн Жефри Хинтон мэдрэлийн сүлжээнүүдийн машин сургалтын талаарх суурь нээлт хийж, шинэ бүтээл туурвисныхаа төлөө хүртсэн юм.
Э.Сүйлэн