Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор Боловсролын яам, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, Биеийн тамир, спортын улсын хороотой хамтран 21 аймгийн 330 сум, нийслэлийн есөн дүүргийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд зохион байгуулсан “Мөрөөдлийн гоол-2025” тэмцээн өндөрлөж, аваргуудаа тодруулав. Нэг сар үргэлжилсэн энэхүү тэмцээний охид, хөвгүүдийн ангилалд орон нутаг, хотын дүүргүүдээс шалгарсан 54 багийн 3500 гаруй тоглогч өрсөлдсөн. Охидын 13 хүртэлх насны ангилалд Дорнод аймгийн I, 15 насныхад Орхон аймгийн 17 дугаар сургуулийн баг түрүүллээ. Хөвгүүдийн 13 хүртэлх насны ангилалд Баянгол дүүргийн 20, 15 хүртэлх насныхад Баянзүрх дүүргийн 14 дүгээр сургуулийн баг тэргүүн байрт шалгарсан юм. Ирэх жил “Мөрөөдлийн гоол-2026” тэмцээн үргэлжилж, ирээдүйн аваргуудаа мөн тодруулна. Энэ удаагийн тэмцээнд аваргаар тодорсон баг 200 сая төгрөгийн шагнал хүртжээ. Уг хөрөнгө оруулалт нь хөл бөмбөгийн спортыг олонд сурталчлан, түгээн дэлгэрүүлэх, тамирчдыг дэмжин, урам зориг өгөх зорилготой аж.