Үндсэн хуулийн цэцийн Их суудлын хуралдаан болж, иргэн Д.Алтангэрэлээс ирүүлсэн УИХ-ын сонгуулийн ту¬хай хуулийн 31.2 дэх “Бие даан нэр дэвшигч нь СЕХ-ны баталсан маягтад тухайн сонгуулийн тойргийн 801-ээс доошгүй тооны сонгогчдын гарын үсгийг зуруулна” гэсэн заалттай холбоотой гомдлыг эцэслэн шийдвэрлэжээ. Уг заалт нь Үндсэн хуулийн 14.1 дэх “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна, 14.2 дахь “Хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно. Хүн бүр эрх зүйн этгээд байна”, 16.9 дэх “Монгол Улсын иргэн нь шууд буюу төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан төрийг удирдах хэрэгт оролцох, төрийн байгууллагад сонгох, сонгогдох эрхтэй” гэснийг зөрчсөн гэж Цэц үзсэн юм. Цэцийн Их суудлын хуралдааны шийдвэр эцсийнх байдаг учраас ийнхүү УИХ-ын сонгуульд өрсөлдөх бие даагчид 801 хүний гарын үсэг цуглуулдаг нь түүх болон үлдэж байна.
Нам, эвслээс нэр дэвшигчидтэй тэнцүү шаардлагыг “бор зүрх”-ээрээ өрсөлдөж буй хүмүүст тавих нь шударга бус гэж үзсэн дээрх иргэний тэмцэл ийнхүү үр дүнгээ өгсөн байна. Цэц уг асуудлыг өнгөрсөн нэгдүгээр сард Дунд суудлын хуралдаанаараа хэлэлцээд “Үндсэн хууль зөрчсөн” гэж үзсэн юм. УИХ эл дүгнэлтийг нь хүлээж аваагүй учраас Их суудлаа хуралдуулж, өмнөх шийдвэрээ баталгаажууллаа. Одоо парламент УИХ-ын сонгуулийн тухай хуульд Цэцийн дүгнэлтийн дагуу өөрчлөлт оруулж, бие даагчдад тавьсан өндөр босгыг намсгах учиртай.
С.Уул