Монгол Улсад гэрэл зургийн алба байгуулагдсаны 90 жилийн ойг тохиолдуулан “Гурван цагийн өнгө төрх” тусгай үзэсгэлэнг “Чингис хаан” үндэсний музейд олны хүртээл болгож байна. Тус үзэсгэлэнд Монголын гэрэл зургийн хөгжлийн түүхийн онцлох гурван цаг үеийг илэрхийлэхүйц 100 орчим бүтээл дэлгэснээрээ онцлогтой юм. Тухайлбал, М.Гомбожав, Н.Чойжинням, Ц.Дагдандорж тэргүүтэй эл салбарт анхдагч гэгддэг 10 гаруй гэрэл зурагчны бүтээлийг толилуулж буй гэнэ. Мөн монголчууд олимпын аваргатай болсон торгон агшин, сансарт ниссэн түүхэн үйл явдал, төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг, О.Дашбалбар нарын ховорхон хөрөг, Бутаны Цог Жавхлан Хаан болон Ромын Пап ламын Монголд хийсэн онцгой айлчлалаас эхлээд нийгэм, урлаг, спорт, уран сайхны болон баримтат, түүхэн гэрэл зургийг энэхүү үзэсгэлэнд дэглэж, олны хүртээл болгож буйгаараа онцлогтой аж.
Үүнээс гадна эл түүхт ойг тохиолдуулан “Монголын гэрэл зурагчид-2” номыг уншигчдын хүртээл болголоо. Тус номд Монголын гэрэл зургийн салбарт 1935-2025 он хүртэл ажилласан болон өдгөө ажиллаж буй гэрэл зурагчдын товч намтрыг онцлох агшнуудынх нь хамт багтаажээ.
У.Цэцэг