Бүгд Найрамдах Куба Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Хорхе Феррер Родригесийн бүрэн эрхийн хугацаа дуусаж буй аж. Тэрбээр 2021 оны арванхоёрдугаар сард Итгэмжлэх жуух бичгээ өргөн барьснаар ажилдаа орж байсан юм. Түүнийг Элчин сайдаар ажиллах хугацаанд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хөгжиж буй орнуудын 77- гийн бүлгийн дээд түвшний уулзалтад оролцохоор Куба Улсад айлчилж байв. Мөн тус улсын Үндэсний ассамблейн гишүүн Мариэла Кастро манай улсад зохион байгуулсан Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалтад оролцжээ. Манай хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоогоод 65 жил болж буй.
Элчин сайд Хорхе Феррер Родригес ийнхүү удахгүй эх орондоо буцах гэж буйтай холбогдуулан УИХ-ын гишүүн, Монгол-Кубын парламентын бүлгийн дарга Ө.Шижир түүнийг хүлээн авч уулзан, талархал илэрхийлсэн байна.
С.Уул