Гамшгийн эрсдэлийг бууруулах олон улсын өдөр өчигдөр тохиолоо. Эл өдрийг НҮБ-ын Ерөнхий ассамблейн шийдвэрийн дагуу 1989 оноос хойш тэмдэглэж буй. Дэлхийн хэмжээнд гамшгийн улмаас учирч буй хохирлын хэмжээ улам нэмэгдэж, шууд бус хохирол жилд дунджаар хоёр их наяд ам.долларт хүрсэн ч эрсдэлийг бууруулах хөрөнгө оруулалт маш бага хэвээр байгааг НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш мэдэгдсэн. Тодруулбал, хөгжлийн тусламжийн ердөө хоёр, улс орнуудын төсвийн нэгээс ихгүй хувийг гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагаанд зориулж буйг тэрбээр цохон тэмдэглэсэн юм.
Монгол Улсад энэ он гарснаас хойш есдүгээр сарын байдлаар 4154 гамшиг, аюулт үзэгдэл бүртгэгдэж, 254 хүн нас барж, иргэд, аж ахуйн нэгж байгууллагад 43 тэрбум төгрөгийн хохирол учирсан байна. Онцгой байдлын байгууллагаас хүн хүч, техник хэрэгслийн зардал зэрэгт 540 сая төгрөг зарцуулжээ. Харин эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажилд 720 сая төгрөг зарцуулсан хэмээн ОБЕГ-ын Эрсдэлийн удирдлагын газрын дарга, хурандаа Д.Баасансүрэн ярьсан. Тэрбээр “Сүүлийн 20 жилийн статистикаас харахад манай улсад өвөлжилт хүндэрч, зуд болсон тохиолдол өмнөх 10 жилийнхтэй харьцуулахад 15 хувиар өссөн. Энэ зун ихэнх аймаг гантай байлаа. 330 сумаас 35 нь нэн их эрсдэлтэй, өвөлжилт хүндэрч зуд болох магадлал өндөр. Ялангуяа, Увс аймагт нөхцөл байдал маш хүнд байна. Мөн Ховд, Завхан, Баян-Өлгий, Говь-Алтайн зарим сумд зуд болох эрсдэлтэй байгаа тул үүнийг бууруулах арга хэмжээ авч байна” гэв. Энэ жилийн хувьд НҮБ-аас “Гамшгийг даван туулах чадавхыг бэхжүүлэхэд санхүүжилтийг чиглүүлье” уриатай тэмдэглэж буй. Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт аюулт үзэгдэл, ослын 121 удаагийн дуудлага бүртгэгдсэний 95 нь ахуйн галынх байна. Үүний өмнөх долоо хоногт 109 дуудлага бүртгэгдсэн бөгөөд 81 нь мөн ахуйн галаас үүдэлтэй байжээ.
Ч.Туяа