АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп энэ сарын 13-ны өглөө Израилд хүрэлцэн ирэв. Тэрбээр Ерөнхийлөгчийн одоогийн бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэлснээс хойш төдийгүй өөрийнх нь санаачилгаар Иерусалим хотыг Израилын нийслэл хэмээн хүлээн зөвшөөрч, Америкийн элчин сайдын яамыг 2017 онд тийш нь нүүлгэснээс хойш еврейн улсад анх удаа айлчилж буй нь энэ. Израилд ердөө долоон цаг саатахдаа Ерөнхий сайд Беньямин Нетаньяху болон барьцаалагдсан хүмүүсийн гэр бүлийнхэн, шархадсан цэргүүдтэй уулзаж, парламент (Кнессет)-ын гишүүдэд нь хандаж үг хэлсэн байна. Трампыг Израилд ёстой л хөл алдаж угтав. “The Times of Israel” сонинд бичсэнээр бол Ерөнхий сайд Нетаньяху нь гэргийн хамт угтаж авсан төдийгүй АНУ-ын Ерөнхийлөгчийн машинд хамт сууж парламентын ордноо зорьсон нь олон улсад баримталдаг протоколыг зөрчсөн явдал гэж бичсэн байх юм.
Газын зурвас дахь эвлэрэл аравдугаар сарын 10-ны шөнөөс эхэлж, Израилын арми (ЦАХАЛ) цэргээ урьдчилан тохиролцсон байрлалд аваачсан юм. 13-нд ХАМАС бүлэглэл Израилын барьцааны хүмүүсээс амьд үлдсэн 20-ийг нь чөлөөлж өгсний дотор Украины Донбассын уугуул Максим Харкин багтсан байна. Израилын тал Палестиний 2000 шахам хоригдлыг суллажээ. Амиа алдсан барьцааны дөрвөн хүний цогцсыг бас ХАМАС хүлээлгэж өгөв. Үлдсэн 24 цогцсын ес нь хаана байгаа нь одоогоор мэдэгдэхгүй бай¬гаа, түүнийг Газын зурваст эрэн хайх ажлыг Израил, АНУ, Египет, Катар, Туркийн хамтарсан бүлэг хийх аж.
Израилын парламентын спикер Амир Охана Америкийн Ерөнхийлөгчийг Вавилоны олзноос ард түмнийг нь чөлөөлсөн II Киртэй зүйрлэсэн байна. “Өнөөдөр та АНУ-ын Ерөнхийлөгчдийн нэг төдий биш, еврейн түүхэнд аугаа хүний хувиар бидэн дээр ирээд байна. Мянган жил өнгөрөвч еврейн ард түмэн Таныг дурсаж байх болно” гэж тэрбээр хэлжээ. Бусад улсын парламентын гишүүдийг дараа жилийн Нобелийн шагналд Трампын нэрийг дэвшүүлэхийг Охана бас уриалсан байна. Трампад энэ жил Нобелийн шагнал өгөөгүй шийдвэрийг Израилын сөрөг хүчний удирдагч Яир Лапид “ноцтой алдаа” гэж нэрлээд “Тэд ирэх онд шагналыг Танд гардуулах ёстой” гэж хэлсэн байна. Трамп Израилын парламентад нэг цаг орчим үг хэлжээ. Олон удаа наргиантай үг хавчуулж, инээж, өөрийн тусгай төлөөлөгч Стив Уиткофф, хүргэн Жаред Кушнерээс эхлээд Батлан хамгаалахын сайд Пит Хегсет, Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио болон Израилын талаарх Трампын байр суурь төлөвшин тогтоход ихээхэн үүрэг гүйцэтгэсэн БНН-ын ивээн тэтгэгч, тэрбумтан Мириам Адельсонд ч талархлаа илэрхийлжээ. Тэгэхдээ тэдний тус бүрийнх нь хийсэн, бүтээснийг тодруулж хэлсэн байна. Тухайлбал, хүргэн Кушнер охиныг нь иудейн шашин шүтдэг болгосон бол Уиткофф олон цаг Путинтэй ярилцсан нь түүний дипломат ур чадварыг нь харуулсан гэнэ. Трамп хажуугаар нь Жо Байден, Барак Обама нарыг шүүмжилж, 2016 онд сонгуулийн өмнөх сурталчилгааны үед түүнийг шинэ зөрчил тэмцэл өдөөж байна хэмээн АН-аас өрсөлдсөн Хиллари Клинтон анхааруулаагүй хэмээн дурсжээ.
Ираны цөмийн байгууламжуудад Америк цохилт өгөөгүй бол Газын зурваст энх амгалан тогтоож чадахгүй байсан гэж Трамп энд мэдэгдсэн байна. Исламын энэ БНУ цөмийн хөтөлбөрөө сэргээхийг оролдохгүй байх гэдэгт итгэж байгаагаа илэрхийлээд Тегерантай энхийн хэлэлцээр хийх талаар анхаарч ажиллахыг Уиткофф, Кушнер нараас хүсжээ. “Тэгэхдээ бид эхлээд Оростой учраа олох хэрэгтэй. Украин дахь хямралыг зогсоох ёстой. Хэрэв татгалзахгүй бол Стив чи эхлээд Орост анхаар” гэж нэмж хэлсэн байна.
Дараа нь тэрбээр луйвар хийж, итгэл хөсөрдүүлсэн, үнэтэй бэлэг хэлбэрээр хахууль авсан гэж 2019 онд буруутгагдсан Нетаньяхуг өршөөн хэлтрүүлэхийг Израилын Ерөнхийлөгч Ицхак Герцогоос хүссэн байна. Нетаньяху 2024 оны эцсээс уг асуудлаар шүүхэд байнга мэдүүлэг өгч байгаа юм. Үгийнхээ эцэст Нетаньяхуг “дайны цагийн шилдэг удирдагчийн нэг” гэж магтаад “Би Израилд хайртай, та бүхнийг цаашид дэмжих болно” гэсэн байна.
Дараа нь Америкийн Ерөнхийлөгч “Энхийн дээд хэмжээний уулзалт”-д оролцохоор Египетийн Шарм-эш-Шейх хотод очив. Тэнд 27 улсын төлөөлөл ирсэн байв. Тэдний 20 гаруй нь удирдлагаа ирүүлсний дотор Британи, Герман, Испани, Итали, Канад, Турк, Франц оржээ. Палестинийг Үндэсний засаг захиргааны нь дарга Махмуд Аббас төлөөлсөн байна. Зөвлөлтийн бүрэлдэхүүнд байсан Азербайжаны Ерөнхийлөгч Ильхам Алиев, Армений Ерөнхий сайд Никол Пашинян нар бас уулзалтад оролцож байгаа бол Оросын төлөөлөгчид оролцсонгүй.
Египетийн Ерөнхийлөгч Абдель Фаттах асСисигийн Тамгын газрын мэдэгдэлд өгүүлснээс үзвэл “Газын зурвас дахь дайныг зогсоож, Ойрх Дорнодод энх тайван, тогтвортой байдал бий болгоход тавих хүчин чармайлтыг идэвхжүүлж, тус бүс нутагт аюулгүй, тогтвортой байдлын шинэ эринийг нээх” нь энэ чуулга уулзалтын зорилго юм байна. Уулзалтад Израилыг ч, ХАМАС-ыг ч урихгүй байхаар төлөвлөсөн ч Нетаньяхуг урьчихсан тухайгаа Трамп Египетийн Ерөнхийлөгчид утсаар дуулгажээ. Израилын хэвлэлүүд уг урилгыг Ерөнхий сайд нь хүлээж авсан гэж мэдээлж байсан ч еврейн шашны баяр болох гэж буй тул Нетаньяху очиж чадахаа больсныг Тамгын газар нь мэдэгдсэн байна. Нетаньяху дээд чуулга уулзалтад оролцож болзошгүй тухай мэдээ аваад Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган онгоцоо замаас нь Анкара руу эргүүлэх шахсан тухай “The Guardian” мэдээлсэн байв. Энэ явдал Нетаньяху төлөвлөгөөгөө өөрчлөхөд хүргэсэн, эсэх тухай тодорхой мэдээлэл байхгүй ч хэрэв Ерөнхий сайд нь Шарм-эш-Шейхэд очвол Израилын Засгийн газрын хэт барууны үзэлт гишүүд огцрохоо амласныг хэвлэлд тэмдэглэжээ.
Газын зурваст дайны гал зогсоох тухай хамтарсан баримт бичигт уг үйл явдалд тууштай оролцсон АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, Египетийн Ерөнхийлөгч Абдель Фаттах асСиси, Туркийн Ерөнхийлөгч Эрдоган, Катарын Эмир Тамим бен Хамад Аль Тани нар гарын үсэг зурснаар дээд түвшний уулзалт эхэлжээ. “Ойрх Дорнодод энх амгалан тогтлоо. Түүнийг бид олон жил хүлээсэн ч ийм юм болчихно гэж хэн ч бодоогүй. Гэлээ ч бид түүнийг үзлээ” гэж Трамп гарын үсэг зурсныхаа дараа хэлсэн байна. Тэдний хүрсэн энэ тохиролцоо Ойрх Дорнодод дэлхийн III дайны аюулыг зайлуулсан “аугаа үйлс” хэмээн тэрбээр онцолжээ. Гарын үсэг зурсан тунхаглалд палестинчууд болон израилчуудын суурь эрх, аюулгүй байдлын баталгааг хангах нь чухал болохыг онцлон тэмдэглэсэн ч Палестиний улс байгуулах талаар ямар нэг үүрэг хүлээсэн тухай өгүүлээгүй байна.
Талууд зөрчил тэмцлээ бүрэн гүйцэд зохицуулалгүйгээр байлдааны ажиллагаагаа сэргээх замаар урьдын адилаар Газын зурваст үйл явдал өрнөж болзошгүйг шинжээчид урьд нь анхааруулж байсан юм. Израил орох замдаа Газын зурваст дайн “дууссан” гэж Трамп онцлохдоо талуудаас авсан “ам баталгаа”-г үндэслэл болгож, Израил, ХАМАС ч түүний урмыг хугалахгүй гэдэгт итгэлтэй байсан аж. Түүнчлэн АНУ-ын энхийн төлөвлөгөөний олон юм, юуны урьд Палестиний бүлэглэлүүдийн зэвсгийг хураана, Израилын армийн цэргийг эгүүлэн татна, дайны дараа Газад ямар байдал бий болгох зэрэг нарийн ширийн юм одоо хэр нь тодорхой бус байна. Есдүгээр сарын 29-нд олны сонорт хүргэсэн баримт бичигт өгүүлснээр бол Газын зурвасыг “Палестиний технократууд болон олон улсын шинжээчдээс бүрдсэн Шилжилтийн түр Засгийн газар захирах юм. Гэтэл түүний гишүүдийг сонгох шалгуур, бүрэн эрхийн цар хүрээ нь тодорхой бус байгаа. Энэ Засгийн газрын үйл ажиллагааг Трампын удирдах “Энх тайвны зөвлөл” хэмээх олон улсын байгууллага хянах аж. Түүний бүрэлдэхүүнд Британийн Ерөнхий сайд асан Тони Блейр орох ёстой ч бүс нутгийнхан түүнд нэг мөр дэмжлэг үзүүлэхгүй байгаа нь 2003 онд Ирак руу довтлоход Британи чухам түүний удирдлагаар оролцсонтой холбоотой аж.
Р.Жаргалант