Манай улсад жендерийн эрх тэгш байдлыг хангах төрийн тогтолцоо үүсэж хөгжсөний 30 жилийн ой энэ сард тохиож байна. Үүний хүрээнд жендерт суурилсан хүчирхийллийн өнөөгийн нөхцөл байдал, 16 хоногийн аяны талаар Жендерийн үндэсний хорооны нарийн бичгийн дарга бөгөөд ажлын албаны дарга А.Адилбиштэй ярилцсанаа хүргэе.
-Жендерийн үндэсний хороо үүсгэн байгуулагдсан 30 жилийн хугацаанд жендерийн тэгш байдлыг хангах чиглэлээр хийсэн ажлууд болон ололт амжилтуудаасаа хуваалцахгүй юу?
-БНХАУ-ын Бээжин хотноо 1995 онд зохион байгуулсан Дэлхийн эмэгтэйчүүдийн IV бага хуралд бэлтгэх зорилгоор анх Засгийн газрын тогтоолоор ажлын хэсэг байгуулсан түүхтэй. Бага хурлаар улс орнууд жендерийн эрх тэгш байдлыг хангах хөгжлийн зорилтуудаа тодорхойлж, бодлогын чиглэлийг шинэ шатанд гаргах Бээжингийн тунхгийг баталсан. Дэлхийн 187 улсад хэрэгжүүлж буй эл тунхаг нь жендерийн тэгш байдлыг хангах туг болсон баримт бичиг юм. Энэ нь дан ганц уриа төдий бус, даян дэлхийн бүх орон, иргэн бүр хүчин чармайлтаа нэмэгдүүлэх шаардлагатайг сануулсан дохио байв.
Бээжингийн тунхаг, мөрийн хөтөлбөрийн үндсэн 12 чиглэлд суурилан “Эмэгтэйчүүдийн аж байдлыг сайжруулах” үндэсний хөтөлбөрийг 1996 онд боловсруулан, Засгийн газрын 145 дугаар тогтоолоор баталсан. Эл хөтөлбөрт 2000 он хүртэл баримтлах үйл ажиллагааны үндсэн чиглэлийг тодорхойлон, эмэгтэйчүүдийн эдийн засгийн нөхцөл байдлыг сайжруулах, шийдвэр гаргах түвшинд тэдний оролцоог нэмэгдүүлэхээр тусгасан. Мөн эмэгтэйчүүд, охидын эрүүл мэнд, боловсрол, эрхийг хамгаалах, ялангуяа гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх болон байгаль орчныг хамгаалах зэрэг бодлого, зорилт, үйл ажиллагааг тусгаснаараа онцлогтой.
Үүний дараа УИХ Жендерийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийг 2011 онд Засгийн газрын өргөн мэдүүлснээр баталж, Ази, Номхон далайн бүсэд бие даасан хуультай анхдагч улсуудын нэг хэмээн тэмдэглэсэн байдаг. Ингэснээр хүн төрөлхтний хөгжлийн үндсэн суурь зарчмыг үндэсний хууль, тогтоомжид шингээн баталгаажуулахын зэрэгцээ жендерийн эрх тэгш байдлыг салбар, хүрээ бүрд хангах эдийн засаг, эрх зүй, нийгмийн баталгааг бүрдүүлсэн гэж хэлж болно. Хуульчид Үндсэн хуулийг эцэг, Жендерийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийг эх хэмээн тодорхойлсноос үзвэл ямар чухал бодлогын суурь зохицуулалтыг үүнд агуулж буйг харж болно.
-Манай улс түүхэндээ жендерийн эрх тэгш байдлыг хангах тухай хуультай болсон цөөн орны нэг гэдэг дээ.
-Жендерийн үндэсний байгууллагыг 1995- 2015 онд байгуулж, жендерийн үндэсний бодлогоо баталсан. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай анхны хуулийг баталж, хүйсийн квоттой боллоо. Үндэсний хороог Эмэгтэйчүүдийн асуудлаарх зөвлөл болгон 1996 оны 238 дугаар тогтоолоор өөрчлөн байгуулжээ. Эл зөвлөл нь эмэгтэйчүүдийн аж байдлыг сайжруулах үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд 2000 он хүртэл анхаарч ажилласан.
Жендерийн асуудал эрхэлсэн төрийн анхны бүтэц бол 2001 оны Засгийн газрын 22 дугаар тогтоолоор байгуулсан Хүйсийн тэгш байдлын асуудлаарх үндэсний зөвлөл байв. Эл зөвлөлийн даргаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга Б.Шатарыг томилсон. Бүрэлдэхүүнд нь УИХ-ын эмэгтэй парламентчдын бүлгийн ахлагч, яамдын төлөөллүүд, НҮБ-ын Эмэгтэйчүүдийн хөгжлийн сан, хувийн хэвшил болон төрийн бус байгууллагын төлөөллийг оруулсан нь тухайн үед олон талт хамтын ажиллагааг хангах үр дүнтэй шийдэл байлаа. Ингээд уйгагүй дуу хоолойгоо өргөж, асуудал дэвшүүлж, нэгдэж зүтгэсний хүчинд Жендерийн эрх тэгш байдлыг хангах тухай бие даасан хуулийг 2011 оны хоёрдугаар сарын 2-нд батлуулсан байдаг. Улмаар Ази, номхон далайн бүсэд Жендерийн бие даасан хуультай болсон анхдагч улсуудын нэг хэмээн тэмдэглэгдэн үлдэхэд хүргэсэн.
-Эмэгтэйчүүдийн шийдвэр гаргах түвшний оролцоо сүүлийн 30 жилийн хугацаанд хэр ахиц дэвшилтэй байна вэ?
-Эрэгтэйчүүд, эмэгтэйчүүдийн тэгш оролцоог хангахад чиглэсэн дээрх хуулийг баталснаар төрийн албанд жендерийн квотыг тогтоож, улс төр, нийгэм, эдийн засаг, эрх зүй, гэр бүлийн салбар дахь тэгш оролцоог хангах эрх зүйн үндсэн арга механизмтай болсон. Бодлогын зөвлөлийн нөлөөллийн ажлын хүрээнд “Шийдвэр гаргах түвшинд жендерийн тэгш байдлыг дэмжих “Лобби бүлэг”-ийг УИХын дэргэд Ж.Сүхбаатар даргатайгаар байгуулж, түүхэн үүргээ гүйцэтгэж чадсан. Монголчууд ардчилсан сонгууль явуулж эхэлсэн цагаасаа УИХ-ын сонгуульд 30 хувийн хүйсийн квотыг хэзээ ч ашиглаж байсангүй. 40 хувийн талаар дурдаж ч байгаагүй бол 2023 онд анх удаа шинэчлэн баталсан Сонгуулийн тухай хуульд тусгасан юм. Тэр ч байтугай жагсаалтыг хүйсээр сөөлжүүлэх түүхэн шийдвэр гаргав. Үндсэн хуульд Сонгуулийн холимог тогтолцоог хуульчлан, УИХ-ын Сонгуулийн тухай хуульд реформ хийж, хүйсийн квотыг шат дараатайгаар нэмж, Улс төрийн намын тухай хуульд бодлогын томоохон шинэчлэл хийсэн зэрэг тууштай зоримог алхмын үрээр Дэлхийн эдийн засгийн форумын жендерийн зөрүүтэй байдлын индексээр Монгол Улс 20 байр урагшилж, 65 дугаарт эрэмбэлэгдээд байна.
-Жендерийн тэгш байдлын бодлогыг бодит амьдралд хэрэгжүүлэхэд төрийн байгууллагуудын уялдаа холбоо хэр хангалттай байдаг бол?
-Монгол Улс жендерийн тэгш байдлыг хангаж, “Тогтвортой хөгжлийн зорилт 2030”-ын хүрээнд тавьсан зорилгоо биелүүлэхэд эмэгтэйчүүдийн ажиллах хүчний оролцооны түвшин хангалтгүй. Мөн эрэгтэйчүүдийн дундаж наслалт эмэгтэйчүүдийнхээс 9.7 жилээр богино. Түүнчлэн жендерт суурилсан, түүний дотор гэр бүлийн хүчирхийлэл буурахгүй байна. Манай улсын хувьд анх удаа Жендерт суурилсан хүчирхийллийн тархалтын судалгааг 2017 онд хийхэд Монголд гурван эмэгтэй тутмын нэг нь амьдралынхаа туршид бие махбодын болон бэлгийн хүчирхийлэлд өртдөг болохыг тогтоосон. Тиймээс энэ төрлийн судалгааг олон улсын түншлэгч байгууллагуудтай хамтран яаралтай хийх шаардлагатай байна. Цаашид жендерийн эрх тэгш байдлыг хангах чиглэлээр гарсан ахиц дэвшлийг хадгалан, үр дүн, сайн туршлагыг бүс нутаг төдийгүй олон улсад хуваалцаж, дэлхий дахинаа уриалж буй жендерийн хариуцлагатай төсөвлөлтийг хөгжүүлэхэд төрийн бодлогын дэмжлэг, түншлэгч байгууллагуудын хамтын ажиллагаа чухал юм.
-Жендерт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяныг өнөө жил “Технологи ашиглан үйлдэгдэж буй жендерт суурилсан хүчирхийллийн эсрэг нэгдэцгээе” уриан дор зохион байгуулж байна. Технологи ашиглан үйлдэж буй жендерт суурилсан хүчирхийлэл гэж юу болох талаар та мэдээлэл өгөхгүй юү?
-Жендерт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяныг 1991 онд иргэний нийгмийн байгууллагын санаачилгаар эхлүүлсэн байдаг. Олон улсад жил бүрийн арваннэгдүгээр сарын 25-наас арванхоёрдугаар сарын 10-нд зохион байгуулдаг. Энэхүү дэлхийн хөдөлгөөнийг НҮБын Ерөнхий нарийн бичгийн даргын санаачилга болох “UNITE” буюу “Нэгдье” аян дэмждэг бөгөөд эмэгтэйчүүд, охидын эсрэг хүчирхийллийг таслан зогсоох, урьдчилан сэргийлэх зорилготой. Монгол Улсад энэ аяныг 1997 оноос өрнүүлж эхэлсэн түүхтэй. НҮБ, хөгжлийн түншүүд, төрийн байгууллагууд, иргэний нийгмийн зэрэг олон байгууллагын оролцоо, дэмжлэгтэйгээр өнөөг хүртэл өргөжин тэлж, энэ төрлийн хүчирхийллийг таслан зогсоохын төлөө нэг зорилго, нэгдмэл уриан дор жил бүр нэгдэн ажиллаж байна.
Технологи ашиглан үйлдэж буй жендерт суурилсан хүчирхийлэл (ТАҮЖСХ) нь цахим болон бодит ертөнцөд аль алинд нь нөлөөлдөг. Цахим дээрэлхэлт, гүтгэлэг, хүний хувийн мэдээллийг олон нийтэд зөвшөөрөлгүй нийтлэх, онлайн грүүминг, дийпфэйк зэрэг нь энэ төрлийн хүчирхийлэлд багтдаг. Үүнд голчлон олон нийтийн анхаарлын төвд байдаг эмэгтэйчүүд, улс төрч, сэтгүүлч, өсвөр насныхан, охид зэрэг нийгмийн бүлгийнхэн хамгийн их өртдөг. Ялангуяа өсвөр насныхан болон залуу эмэгтэйчүүд илүү өртөмтгий байдаг бөгөөд цахим орчинд чөлөөтэй үйлдэгддэг энэ төрлийн хүчирхийллийн золиос болдог. Зарим тохиолдолд өөрсдөө ч мэдэлгүйгээр хохирогч, эсвэл бүр үйлдэгч болох нь бий. Үндсэндээ, охид, эмэгтэйчүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, шилжин суурьшигчид зэрэг бүлгийн хүн амын төлөөлөл үүний хохирогч болсоор буй гэсэн үг.
-Манай улсад энэ төрлийн хүчирхийлэлтэй холбоотой хуулийн зохицуулалт хангалттай байдаг уу?
-Жендерийн үндэсний хорооны ажлын албаны зүгээс Жендерт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяныг анхнаас нь дэмжин, хамтран ажиллаж, үндэсний хэмжээнд жил бүр зохион байгуулдаг арга хэмжээ болтол нь бүхий л цаг үед тууштай дэмжиж ирлээ. Төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн бүх шатанд эл аяныг хүлээдэг. Бас аяны хүрээнд хийх ажлуудаа төлөвлөдөг болсон нь сайшаалтай. Харин өнөө жилийн бидний гол сэдвээ болгож сонгосон ТАҮЖСХ нь манай улсад харьцангуй шинэ ойлголт. Өдгөө хүчин төгөлдөр мөрдөж байгаа хуулийг сайжруулах, хуульд нарийн зүйл, заалт оруулж өгөх шаардлагатайг тодорхой судалгаанууд ч харуулж байгаа. Бид олон улсын нэр томьёо, ойлголтуудаа бүх түвшинд нэгтгэх хэрэгтэй. Үндэсний хэмжээнд судалгаа хийх ёстой. Дараа нь бодлого, хөтөлбөрөө боловсруулж, талууд хамтын ажиллагаа, уялдаагаа сайжруулж, хууль сахиулах чиглэлд мэргэжлийн боловсон хүчнээ цаг үетэйгээ нийлүүлэн хөгжүүлж, ур чадварыг сайжруулах учиртай.
-Цахим хүчирхийллийн талаарх сүү лийн үеийн бодит тоон мэдээллээс хуваалцаач?
-Азийн сангийн дэмжлэгтэйгээр “Технологийн тусламжтай үйлдэгддэг жендерт суурилсан хүчирхийлэл” судалгааг хараат бус бие даасан судлаач Л.Ариунзул, П.Даваанамжил нар хийсэн. Ингэснээр бид тодорхой чиглэлд гол асуудлаа олж харах боломж бүрдэж байна. Судалгаагаар 2024 оны байдлаар Монгол Улсад интернэт хэрэглэдэг 2.9 сая иргэн байж. Тэдний интернэт хэрэглээний түвшин 83.9 хувьтай. Мөн 18-64 насныхан өдөрт дунджаар 433 минут буюу долоон цагийг интернэт орчинд идэвхтэй өнгөрүүлдэг болохыг тогтоожээ. Харин “Datareportal”-аас жил бүр гаргадаг судалгаагаар 2024 онд цахим орчинд хамгийн их цаг зарцуулдаг улсаар Кени шалгарсан. Тус улсын иргэд цахим орчинд өдөрт гурван цаг 53 минутыг зарцуулдаг гэсэн судалгаа бий. Үүнээс монголчууд бид хэтийдсэн хэрэглээтэйг харж болно. Түүнчлэн 2024 оны эхний есөн сард цагдаагийн байгууллагад нийт 32 492 гэмт хэрэг бүртгэгдсэнээс 7900 буюу 24.3 хувийг нь цахим хэрэгсэл ашиглан үйлджээ. Дөрвөн хэрэг тутмын нэгийг цахим хэрэгсэл ашиглан үйлдсэн гэхээр технологид суурилсан хүчирхийллийн тоо жил ирэх тусам нэмэгдсээр буйг харуулна. Энэ төрлийн хүчирхийлэлд залуучууд голчлон өртдөг. НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн 2024 оны судалгаагаар монгол залуучуудын 51.3 хувь нь цахим дээрэлхэлтэд, таван хувь нь бэлгийн дарамтад өртсөн байна. Хүүхдийн тусламжийн 108 утсанд бүртгэгдсэнээр хүүхдүүдийн дунд онлайн дарамтын тохиолдол 2022 онд 83 байсан бол 2023 онд 448 болж өсжээ.
-Үүнээс урьдчилан сэргийлэхийн тулд цаашид ямар арга хэмжээ авбал зохистой вэ?
-Юуны түрүүнд технологид суурилсан хүчирхийллийн талаарх ойлголт, мэдээллээ нэг түвшинд хүргэх хэрэгтэй. Мөн иргэдийн мэдлэг, хандлагыг дээшлүүлэхэд анхаарах учиртай. Үндэсний хэмжээнд статистик судалгааг тогтмол хийж, хууль сахиулагч болон төрийн албан хаагчдын мэдлэг, ур чадварыг нэмэгдүүлэхэд анхаарвал зохистой. Түүнчлэн энэ төрлийн гэмт хэргийн хохирогчдод дэмжлэг үзүүлэх, туслах замын зураглалыг асуудал хариуцсан холбогдох байгууллагууд хамтдаа боловсруулах хэрэгтэй. Үүний гол хохирогчид болж буй 15- 18 насны охидод зориулсан тусгай боловсрол хөтөлбөр, сургалттай болох, албан бус боловсролын агуулгадаа заавал тусгах ёстой. Цаашид илүү уялдаа холбоотой, тууштай, охид, эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэлгүй ирээдүйг бий болгохын төлөө эл аянд хөвгүүд, эрчүүд манлайлан нэгдэхийг хүсэж байна.
У.СҮРЭН