
Зүүн гар талаас М.Чинзолбоо, Д.Лхагвдорж
Монголын шайбтай хоккейн спортод сайн тоглодог шилдэг тамирчин цөөнгүй бий. Тэдний нэг нь довтлогч, хоёр дугаартай М.Чинзолбоо, 77 дугаартай Д.Лхагвадорж юм. Энэ удаа тэд Дархан-Уул аймгийн “Шарын гол” багт нэгдэн, лигийн тэмцээнд оролцож байна. Дотоодын тэмцээнд довтлогчийн үүрэг гүйцэтгэж, багаа хожилд хөтөлдөг тэд тив, дэлхийн тэмцээнд ч улсаа төлөөлөн оролцдог шигшээ багийн гол тоглогч. Тухайлбал, Улаанбаатарт 2023 онд анх удаа зохион байгуулсан Ази Номхон далайн орнуудын 18 хүртэлх насныхны “Challenge cup” тэмцээнд зургаан орны багтай тойргоор өрсөлдөж, хүрэл медаль хүртэхэд ихээхэн хувь нэмэр оруулсан. Дөрвөн тоглолтоос тус бүр хоёр хожил, хожигдолтой явсан Монголын баг “Мөсөн өргөө”-нд сүүлийн тоглолтоо Тайландын шигшээтэй өрнүүлэхэд М.Чинзолбоо багийн довтолгооны гол цөм болж, есөн гоол, 11 дамжуулалт өгч, нийт 20 оноо авснаар мэргэн буучдын жагсаалтад аман хүзүүдсэн.Түүний аав Гавьяат тамирчин Н.Мишигсүрэн Монголын шигшээ багийг олон жил ахлан “Asian of challenge cup” болон, IV, III дивиозоны ДАШТ-д оролцсон. Кувейт улсад 2024 онд болсон IV дивиозоны ДАШТ-д тэд шигшээ багийн бүрэлдэхүүнд багтаж тоглосноос М.Чинзолбоо ур чадвараа харуулж, гурван тоглолтод дөрвөн гоол оруулан, нэг дамжуулалт өгч, мэргэн буучдын жагсаалтад аавтайгаа хамт “Топ10”-т багтсан билээ. Монголын шигшээ баг шат ахиж, Мексикийн Мехико хотод өнгөрсөн тавдугаар сард болсон III дивиозоны ДАШТ-д өрсөлдөхөд тэрбээр эсрэг багийн хаалганд гурван гоол оруулж, “Шилдэг тоглогч”-оор шалгарч хөгжөөн дэмжигчдээ баярлуулсан юм.
-Тамирчид хүсэл сонирхолдоо хөтлөгдөж, спортод хөл тавьдаг. Хоккейтой нөхөрлөсөн түүхээ өгүүлбэл сонирхолтой зүйл өгүүлэх байх даа.
М.Ч: -Би хүүхэд байхдаа аавыгаа дагаж хоккейгоор хичээллэсэн. Энэ спортод өөрийн эрхгүй сэтгэл татагдаж, үеийнхэнтэйгээ мөсөн талбайд өглөөнөөс үдшийн бүрий болтол гулгадаг байлаа. Тавдугаар ангиасаа өсвөр үеийнхний тэмцээнд оролцдог болж аавынхаа тоглолтыг илүү сонирхож хардаг байсан минь тамирчин болоход багагүй нөлөөлсөн. Тухайн үед аав Орхон аймгийн “Хангарьд” клубийн ахлагч байлаа. Дотоодын томоохон тэмцээнд клубийнхээ тамирчдаас гадна шигшээ багийнхныг “Asian of challenge cup” болон бөмбөгтэй, шайбтай хоккейн ДАШТ-д ахалж оролцуулдаг байв. Монголын хоккейчид “Asian of challenge cup”-аас 2013-2016 онд хүрэл, 2017 онд мөнгөн медаль хүртэж, Филиппинд 2018, Малайзад 2019 онд медалийнхаа өнгийг хувирган, алтан цомтой ирсэн. Эх орондоо 2023 онд зохион байгуулсан IV дивиозоны ДАШТ-д бид багийнхантайгаа дэд байрт шалгарч, Кувейтэд 2024 онд болоход нь аваргаар тодорсон юм.
Д.Л: -Миний хувьд 12 настайдаа хоккей тоглож сурсан. Тухайн үед “Хөх чоно” клубийн тамирчин байлаа. Манай клуб тарж, тамирчдын маань олонх нь “Дархан” багт нэгдсэн. Би лигийн тэмцээнд гурав дахь жилдээ оролцож байна. Үүнээс өмнө нь тоглох сон гэж боддог байсан ч бэртэл гэмтлээс үүдэн хойшилсон тал бий. Гавьяат тамирчин Н.Мишигсүрэн дасгалжуулагчийн удирдлагад “Дархан” багийнхантай лигт 2022 онд анх удаа тоглож, аваргын цом гардсан мөч сэтгэлд тод үлджээ. Тус багийг хоёр жил дараалж түрүүлэхэд түүний хийлгэсэн бэлтгэл сургуулилалт, тактик их нөлөөлсөн шүү.
-Монголын үндэсний шигшээ багт тоглохыг хүсдэг олон тамирчин бий.Тэднээс сонгогдож, бүрэлдэхүүнд нь багтана гэдэг ховорхон тохиох боломж шүү дээ.
М.Ч: -Шигшээ багт анх дуудагдаж, бүрэлдэхүүнд нь багтсан тэр өдөр сэтгэл их догдолж, баярлаж байснаа хэзээ ч мартдаггүй. Эх орондоо анх удаа зохион байгуулсан Ази Номхон далайн орнуудын 18 хүртэлх насныхны “Challenge cup”-д үеийнхээ залуустай оролцож, үргэлжлүүлээд аавтайгаа ДАШТ-д хамт тоглосон мөч хамгийн сайхан дурсамж үлдээсэн. Шигшээ багийнхантай 2024 онд хилийн дээс алхаж, ДАШТ-д оролцохоор Кувейт улсад хөл тавихад цаг агаар нь халуун бүгчим санагдсан ч хөгжил нь их таалагдаж билээ. Аав намайг ямар ч тэмцээнд оролцохын өмнө “Уурлахгүй, шатахгүй тоглоорой” гэж зөвлөдөг. Тэнд тэмцээн өрсөлдөөнтэй, сонирхолтой, зодоонтой болсон нь тус улсын үзэгчдийн анхаарлыг их татсан. Манайхан эзэн орны багтай тоглож, онооны харьцаа 4:2 болоход шигшээгийн тамирчдаас “Шарын гол” багийн Д.Лхагвадорж, А.Билгүүн нарыг эсрэг багийнхан шахаж, мөргөхөд зодоон эхэлсэн. Хоккейн тэмцээн нанчилдаангүй өндөрлөх нь ховор. Манайхан шартай. Амархан бууж өгөхгүй ана мана үзэлцдэг. Өмнө нь тус улсын баг IV дивиозоны ДАШТ-д шигшээд шалгардаггүй байсан бол тэр тоглолтод ОХУ-ын легионер тамирчдаар багаа бүрдүүлж хүчтэй өрсөлдсөн. Нутагтаа болсон тэмцээнд үзэгчдийнхээ өмнө алтан цом гардахын төлөө ана мана үзэлцсэн ч манай багт ялагдаж, мөнгөн медаль хүртсэн юм. Тус тэмцээний дараа шигшээд тоглодог залуучуудын баг үргэлжлүүлээд Узбекистаны Ташкент хотод болсон Азийн АШТ-д оролцож, хүрэл медаль хүртсэн. Тус хот манайхтай цаг агаар нь төстэй, цагийн зөрүү холгүй санагдсан.
Д.Л: -Манайхан тус ДАШТ-д Кувейтийн шигшээ багтай дөрвөн цаг тасралтгүй тоглосон. Шүүгчийн буруу шүүлтээс болж, оноо тэнцэн зодолдсон ч үзэгчдийн өмнө, нутгийнх нь талбайд хожиж түрүүлсэн. Тус улсад ажиллаж, амьдардаг монголчууд ирж биднийг дэмжсэн нь сайхан сэтгэгдэл төрүүлж байв. Узбекистан улс хойд хөршийн нөлөөгөөр өвлийн спортын төрлүүдээс хоккейг хөгжүүлсэн. Бид Ташкент хотод АНЭУ-ын багтай хүрэл медалийн төлөө тоглоод ялсан юм. Эх орондоо 2023 онд анх удаа зохион байгуулсан 18 насныхны “Challenge cup”-д хүрэл медаль хүртэж, ДАШТ-д тоглох шигшээ багийн ах нартаа урам өгч билээ. Тэр тэмцээн маш хүнд болсон. Бид эхний гурван байрт шалгарахын тулд бүх хүчээ шавхсан. Манайхан эхлээд хожигдож явсан ч оноог барьж, хөгжөөн дэмжигчдийнхээ ачаар хожиж медаль гардсан.
-Багийн спортынхон өмсгөлийнхөө дугаарт анхаарал их хандуулдаг. Дугааруудаа хэрхэн сонгож авсан бэ?
М.Ч: -Хоккейн тэмцээнд 11, 25 дугаартай тоглодог. Энэ удаа хоёр гэсэн дугаартай лигийн тоглолтод оролцож байна. Би гурван дугаартаа дуртай. Дотоодын тэмцээнд 11, гадаадынхад 25 дугаартай өрсөлддөг. Миний хувьд аль аль дугаартай нь оролцоод шилдэг тамирчнаар шалгарсан. Лигийн тоглолт УАШТээс олон зүйлээр өөр болдог. Багууд хурдтай, өрсөлдөөнтэй байхаас гадна гол тактик, төлөвлөгөөгөө лигт илүү харуулдаг. Хоккейн тамирчдаас довтлогч довтолж, хамгаалахаас гадна эсрэг багийн хаалганд гоол хийх үүрэгтэй. Харин хаалгач маш их үүрэг гүйцэтгэдэг. Тухайн баг хожих, хожигдох нь хаалгачаас хамаарна. Тиймээс тоглолтын 50 хувийг хариуцдаг. Сайн довтлогч, хаалгачтай байна гэдэг хоккейн багийн хожлыг шийддэг юм.
Д.Л: -Лигийн тэмцээн эхний өдрөөсөө л өрсөлдөөнтэй болдог нь багууд оноо цуглуулж, плей оффын тоглолтод оролцохыг хичээдэгтэй холбоотой. Би өмнө нь 19 дугаартай тоглодог байсан. Энэ жил “Шарын гол” багийн бүрэлдэхүүнд багтаж, 77 дугаартай тоглож байна. Хоккейтэй нөхөрлөсөн он жилүүдэд өмнөх дугаар маань олон удаа хожилд хөтөлсөн болохоор шинэ дугаараа ч гэсэн ялалт, амжилт авчирна гэдэгт итгэлтэй байгаа.
-Шигшээ багт тоглодог тамирчдын цөөнгүй нь их, дээд сургуульд сурдаг. Хичээлдээ гүйх, бэлтгэл хийж, тэмцээнд оролцох хааяа хэцүү санагддаг биз?
М.Ч: -“Их засаг” их сургуульд цахилгааны инженер мэргэжлээр сурдаг. Одоо II дамжааны оюутан. Сургуулийн удирдлага, хамт олон, ангийн нөхөд ойлгож дэмждэг болохоор дотоод, гадаадын тэмцээнд оролцдог. Тус сургуульд надаас гадна Монголын шигшээ багт тоглодог Орхон аймгийн хоёр тамирчин бий. Сургуулиа төгссөн ч, амьдралд хөл тавьсан ч ажлаа зохицуулаад тамирчныхаа замналыг үргэлжлүүлнэ гэж боддог. Лигийн тэмцээн өндөрлөсний дараа шигшээ багийн бүрэлдэхүүнийг зарласнаар Хонконгод болох ДАШТ-д өрсөлдөнө.
Д.Л: -МУИС-д банк санхүү, бизнесийн чиглэлээр сурдаг. Сургуулийнхаа захирал, багш нараас чөлөө авч, тэмцээнд оролцдог юм. Канадад сурч байхдаа багийнхаа тамирчдыг их үгүйлдэг байлаа. Тус улс Монголоос олон цагийн зөрүүтэй. Тамирчдаа Мексикийн Мехико хотод өнгөрсөн хавар болсон III дивиозоны ДАШТ-д оролцож байхад нойр хүрээгүй. Тэмцээний лайв үзээд хамт тоглосноос дутуугүй сэтгэл догдолсон.
-Эхний тойргийн тоглолтод “Хангарьд” багийн шилдгүүд харагдсангүй. Тэд энэ удаа залуу тамирчдаар хүч сэлбэжээ.
М.Ч: -Хоккейн тамирчид бэлтгэл таслах, цугларалтад ирэхгүй байх, сахилга бат, ёс зүйн алдаа гаргавал торгуулдаг. Тухайлбал, лигийн аваргаар цөөнгүй тодорсон тус багийн хоёр сайн тоглогч торгуулж, эхний тойргийн тоглолтод оролцоогүй. Тиймээс энэ удаа баг нь тааруухан тоглолоо. Гэхдээ тэмцээн өндөрлөх болоогүй. Дараагийн тойрогт сайн тоглож, оноогоо ахиулахыг үгүйсгэхгүй. Би тус багт тоглохдоо ах нараасаа их зүйл сурсан. Тэдний заасан бүхэн алхам тутамд хэрэг болдог. Анх тамирчин болчихоод шигшээ багийнхнаас “Багануур” багийн И.Алтангэрэл ахыг хараад түүн шиг хурдтай тоглох сон гэж боддог байлаа.
Д.Л: -Би ч мөн адил санал нэг байна. И.Алтангэрэл ах гадаадад ажиллаж, амьдрахдаа хоккейн багт нь тоглож байсан болохоор хурд, тактик, туршлагаар үеийнхнээсээ илүү санагддаг.
-Лигт өмнө нь тоглодог байсан багийнхантайгаа өрсөлдөгч болох амаргүй санагддаг уу?
М.Ч: -“Лигийн тэмцээнд өмнө нь хошой аваргаар шалгарсан “Дархан” багийнхантай өрсөлдөх амаргүй. Тус багийн гишүүдийн олонх нь залуучууд. Хоккей ид тоглож байгаа ур чадвартай, хурдтай, залуу тамирчидтай эн тэнцүү өрсөлдөхөд ухаан, туршлага, тактик шаарддаг. Тус багийн бүрэлдэхүүнд “Шарын гол” клубийн тамирчид ч бий тул бидний тоглох арга барил, онцлогийг сайн мэднэ. Тухайлбал, Монголын хоккейн шигшээ багт тоглодог довтлогч, ОУХМ З.Батгэрэл ах, хаалгач Б.Содбилэг зэрэг сайн тоглодог тамирчин бий. Бид тэднийг I тойрогт басаж тоглоод арай л хожигдчихсонгүй. Тэмцээний цаг дуусахад онооны харьцаа 5:4 болж, бидний ялалтаар өндөрлөсөн. Энэ жилийн лигт легионер тамирчин оролцуулаагүй. Дотооддоо лигийн тэмцээнийг хөгжүүлье, өөрсдийн боломж нөөцөд тулгуурлаж тамирчдынхаа ур чадварыг ахиулъя гэсэн саналыг багууд тавьсан юм. Хоккей өртөг өндөртэй спорт. Тоглолтын хувцас, хэрэглэлээ гадаадад захиалж хийлгэдэг. Бэлтгэл хийх, тэмцээнд оролцох үед цохиур хугардаг болохоор наанадаж гурав байх шаардлагатай. Би I тойргийн тоглолт өндөрлөхийн өмнөх өдөр цохиураа хугалсан тул нөөц нэг цохиураа гаргаж тоглосон.Бидэнтэй өмнөх лигт тоглож байсан легионерууд одоо гадаадын багт тоглодог. Тэднээс Бату Гендунов Японы багт легионероор тоглож байна.
Д.Л: -Тус багийнхныг хошой аварга болох жил би дотоодын лигт оролцоогүй. Канадын хоккейн академид суралцахаар явсан. Тус улс хоккейн спортыг эх орондоо сайн хөгжүүлсэн. Хүүхдүүдийг багаас нь сонгон авч, академийн шаталсан сургалтаар мэргэжлийн тамирчин болгож бэлтгэдэг. Багуудынх нь тоглолт ширүүн, Монголынхоос илүү контакттай. Миний хувьд үеийнхнээсээ одоо Канадын хоккейн академид суралцаж буй У.Цэнгэлтэй ойр дотно нөхөрлөдөг. Нэг багт байсан найзуудтайгаа лигт өрсөлдөгч болоод тоглох энүүхэнд. Талбайд дайсан шиг өрсөлдөж, тэмцээний дараа тэврэлдээд л уулздаг. Клубүүдийн болон шигшээ багийн дасгалжуулагч тамирчдынхаа амжилтын төлөө бүхнээ зориулж ажилладаг. Баг болгон уриатай. Манай “Шарын гол”-ынхон “Гурав хоёр, нэг” гэж хэлээд талбайд гардаг.
Бид ямар ч тэмцээнд оролцохдоо багийнхаа өмнөх амжилтыг бууруулахгүйг хичээдэг дээ.