“Энэхүү газар бол төсөөллийн диваажин шиг жаргана гэж хүсэж очдог жаргалын орон биш. Энэхүү газар бол зовохгүйн тулд очихгүй гэж айдаг там шиг аймшигтай газар ч бас биш. Тэнд ахмадууд асруулахаар очдог. Асарна гэдэг нь өөрөө хайр болдог” хэмээн “Хүлээлгийн өрөө” номын зохиогч Ж.Нямдэжид бичжээ. Тэрбээр ХБНГУ-ын Берлин хотод сурч, ажиллаж, амьдарч байна. Амьдралынхаа 20 орчим жилийг тус улсад өнгөрүүлж буй тэрбээр өдгөө Берлин дэх ахмадуудын асрамжийн газарт ажилладаг. Хүүхдүүдээ гэртээ харж өнждөг түүнд бага цагаар ажиллах ажил хэрэгтэй болж. Ийм ажил хайж яваад тус асрамжийн газартай холбогджээ. Удалгүй үндсэн ажилтны санал хүлээн авснаар долоо дахь жилдээ ажиллаж буй аж. Ж.Нямдэжидтэй номынх нь талаар болон Германы асрамжийн газар дахь ахмад настнуудын амьдрал, Монголд ийм төрлийн үйлчилгээ шаардлагатай, эсэх тухай ярилцлаа.
-Хүнд өвчтэй, өндөр настай хүмүүсийг асарч тойглоно гэдэг амаргүй. Эхэндээ өндөр настнуудын төрх байдал, зан араншин, үнэрээс нь жийрхдэг байсан, сүүлдээ орчиндоо дасаж, тэднийг хайрлаж, өрөвдөж, ойлгодог болсон тухайгаа номдоо бичжээ. “Хүлээлгийн өрөө” гэж нэрлэсний учир юу бол?
-Анх ажилд ороод бага зэрэг цочирдсон минь үнэн. Нэг дор тусгай асаргаатай өндөр настай хүмүүсийг олноор нь хараад л тэр. Гэхдээ хаана, ямар ажил хийж буйгаа ойлгосон даруйдаа өөрөөр харж, тэднийг хайрлаж, ойлгодог болсон. Би тухайн газарт гал тогоонд голдуу хоол хүнс, ахуйн бараа, үйлчилгээ болон настнуудын өрөө хариуцдаг юм. Номоо яагаад “Хүлээлгийн өрөө” гэж нэрлэсэн бэ гэхээр ахмадууд асрамжийн газар очихын тулд эхлээд өрөө сулрахыг хүлээдэг. Ирээд хамгийн түрүүнд анхаарал, халамж, асаргаа, тусламж хүлээдэг. Ариун цэврийн өрөө, усанд орохдоо, хоолоо идэхдээ, эм уухдаа, живхээ солиулахдаа, унтахдаа гээд л бүх зүйлийг хүлээж байдаг. Түүнчлэн ар гэр, үр хүүхдүүдээ ирэхийг хүлээдэг. Ингэж хүлээхийн зуур нүд аних цагаа ч мөн хүлээдэг юм.
-Германд 11 мянга орчим асрамжийн газар бий гэж сонслоо. Гэвч хэвтэх дараалал их, хэдэн сар хүлээдэг юм билээ. Өндөр хөгжилтэй орны ахмадууд асрамжийн газар амьдрахаар очдог шалтгаан нь юу юм бол?
-Энэ тоо нь жил бүр л өөрчлөгддөг. Настнууд ямар газар сонгож очихоос л шалтгаалж хэр удаан хүлээх нь шийдэгддэг юм. Германд нийгмийн халамжийн, эрүүл мэндийн даатгалын бодлого нь настнуудад ээлтэй, төлсөн даатгалынхаа үр шимийг хүртэхээр асрамжид ирдэг. Мөн үр хүүхдүүддээ дарамт, асуудал үүсгэхээс аль болох татгалздаг. Эрүүл мэндийн үйлчилгээ сайтай, хараа хяналттай газар, мэргэжлийн хүмүүсээр 24 цагийн турш асруулах нь гэр бүлээсээ тэр бүр хүсээд ч авч чадахгүй боломж учраас л сонгодог. Үр хүүхдүүд нь эцэг, эхээ чөлөөтэй эргэж, тойронгоо ажил, амьдралаа зохицуулж чаддаг юм.
Ахмадуудын олонх нь 90 орчим настай
-Дэлхий дахинд төрөлт багасаж, ахмадуудын эзлэх хувь нэмэгдсээр. Германд нөхцөл байдал ямар байна?
-Миний анзаарснаар Герман улс ард иргэдийнхээ халамжийн асуудлыг нийгмийн даатгалын системээр маш сайн зохицуулдаг юм билээ. Эрүүл мэнд, асаргаа, тэтгэвэр, осол, ажилгүйдлийн даатгалыг тасралтгүй төлсөн нь л бол тухайн хүн шаардлагатай үедээ улсаас төлбөр тооцоогоо тодорхой хувиар гаргуулдаг.
-Таны ажилладаг асрамжийн газарт дунджаар хэд орчим насныхан очдог вэ. Германд альцгеймер өвчин түгээмэл юм шиг санагдлаа. Үйлчлүүлэгчдийн олонх нь мартах өвчтэй гэж уншлаа. Ийм хүмүүстэй ямар арга барилаар ажилладаг бол?
-Ихэвчлэн 90 дөхсөн насны хүмүүс ирдэг. Ийм өндөр насандаа асрамжид ирж байгаа хүнд зөнөгрөх өвчин их, бага хэмжээгээр бий л гэсэн үг. Олонх нь хүнд шатандаа ирдэг. Ийм хүмүүстэй ажиллахын тулд бид өөрсдөө хүлээцтэй байж тэдэнд тайван, тухтай мэдрэмж өгөх ёстой. Нүд рүү нь хараад, гарыг нь атгаад, сайн сонсож, асуудал гарвал эергээр шийдэх ёстой. Мөн болж өгвөл өдөр бүрийг тэдний хувьд тогтсон, нэг хэвийн байлгах нь зүгээр.
-Монголчууд гэр бүлсэг, эцэг, эхээ өргөж тэтгэдэг ч гэлээ сүүлийн жилүүдэд үйлчилгээ сайтай асрамжийн газрын эрэлт, хэрэгцээ нэмэгдэж байна. Гэвч харамсалтай нь, тийм газар бараг үгүй гэхэд болно. Та туршлагатай хүний хувьд эх орондоо ахмадын асрамжийн газар нээх бодол бий юү?
-Монголчууд болон бусад улсынхан бүгд л эцэг, эхээ асардаг. Тухайн улсын нийгэм, хөгжил, соёлоос хамаарч хайр, халамж нь л өөр, өөр. Түүнээс зөвхөн монгол хүн л гэр бүлсэг гэж ярих нь өрөөсгөл байх. Харин ч заримдаа эсрэгээрээ юм шиг санагдах үе бий. Монголд олон эцэг, эх үр хүүхдээ нөхцөлтэйгөөр хайрлаж, өсгөдөг гэж боддог. Тухайлбал, нэг мөр дөрвөн хүүхэд гаргаж, тэтгэврээ эрт тогтоолгох, “одонгийн хүүхэд” төрүүлнэ гэж ярихыг их сонссон. Энэ нь яах аргагүй нөхцөлдөө орно. Цаашлаад зарим нь бүр “Та нарыг өсгөх гэж, тэжээх гэж ямар их зовж байна, гэтэл та нар...” гэж ирээд л загнаж, зоддог аав, ээжүүд ч бий. Гэхдээ орчин үед залуусын хүүхдэдээ хандах хандлага өөр болсон байна лээ.
Монголд мөн ахмад настны тоо нэмэгдэж буйтай холбогдуулан өөрсдийн хөгжил, соёлд нийцүүлэн халамж, асрамжийн бодлого гаргах байх гэж найддаг. Ахмадууд маань жилдээ хоёр ч удаа нийгмийн даатгалын хөнгөлттэй үнээр сувилалд амардаг болсныг харахад найдвар төрж байгаа. Тав тухтай асрамжийн газар олноороо үүд хаалгаа нээгээсэй гэж боддог. Ахмадууд асрамжид очихыг хүсэх болжээ. Ялангуяа, өндөр настай, гэрээр асрах боломжгүй, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ шаардлагатай настнуудыг мэргэжлийн асрагч нараар асруулах нь мэдээж тухайн настан болон ар гэрт нь эрсдэл бага. Түүнээс гадна, үр хүүхдүүд нь аав, ээждээ санаа зовохгүйгээр ажлаа хийж, улс, нийгэмдээ дарамт учруулахгүй байх нь эргээд иргэд өөрсдийн хүссэн эмчилгээ, асаргаагаа авах, нэг нэгнээ нөхөж амьдрах боломж олгодог. Миний хувьд одоогоор асрмжийн газар ажиллуулах боломж байхгүй. Гэхдээ ийм газар нээхийг зорьж байгаа хүмүүстээ өөрийн номоороо дамжуулан урам зориг өгөхийг хүссэн билээ.

-Манай улсад Ахмад настны тухай хуулийн шинэчилсэн найруулгад төрөлжсөн асрамжийн үйлчилгээг шинээр үзүүлэх, барилга байгууламж барихад төрөөс дэмжлэг үзүүлэхээр тусгасан. Гэвч энэ салбарт хүмүүс зориглон орохгүй байх шиг. Германд бол асрамжийн газруудад өндөр төлбөр төлж үйлчлүүлдэг юм байна.
-Тийм ээ. Дээр дурдсанчлан энд настнууд асрамжийн газрын зардлынхаа дийлэнх хувийг өөрсдөө төлдөг. Тэтгэврийнхээ мөнгөөр гэсэн үг. Тухайн настны асаргааны түвшнээс хамаарч даатгалаас эхний нэг жил 15 хувь төлдөг гэнэ. Дараа дараагийн жилээс төлөх хувь нь нэмэгддэг. Тэгэхээр асруулах нь асар үнэтэй. Бусдыг асарна гэдэг нөр их хүч хөдөлмөр. Энэ бүхнийг үнэлэх хэрэгтэй, үнэлүүлэх ч ёстой. Өөрөөр хэлбэл, асрагч нар цалингаа хангалттай авах ёстой юм. Тиймээс асрамжийн газар нь хэн дуртай нь очоод үнэгүй халамж хүсдэг байгууллага биш. Германд нэг настан сардаа монгол мөнгөөр 10 орчим сая төгрөг төлдөг. Монголын хувьд ахмадууд 600-700 мянган төгрөгийн тэтгэвэртэй гэж тооцоход үүнийгээ өгөөд асруулах нь ч бараг багадахаар. Тухайн хүн идэж ууна, өмсөж зүүнэ, эм тан, живх гээд л бүх зүйл хэрэгтэй болно. Гэхдээ миний ярьж байгаа асрамжийн газар бол өндөр настай, эмчилгээ, асаргаа зайлшгүй шаардлагатай буюу тусгай асаргаатай хүний тухайд юм шүү. Монголд, гадаадад ч ялгаагүй тухайн улсын хүн амын тоогоор авч үзэхэд 100 хүний 99 хувь нь эцэг, эхээ гэрээрээ асардаг, нэг бол асаргааны үйлчилгээ авдаг гэсэн судалгаа байдаг. Хүн бүр хөгшрөөд асрамжийн газар очдог гэвэл боломжгүй.
-Таны ажилладаг асрамжийн газар хүний нөөцийн дутагдалд орсон талаар уншлаа. Ажлын ачаалал болон цалин хангамж нь ямар байдаг тухай хуваалцаж болох уу?
-Зөвхөн манай асрамжийн газар хүний нөөцийн дутагдалтай биш л дээ. Улс цаашлаад дэлхий даяараа ажиллах хүчний хомсдолтой байна. Тэр дундаа эрүүл мэндийн салбар. Уг нь бол дэлхийн хүн ам өсөөд байдаг, гэтэл ажллах хүч дутагдалтай хэвээр. Эндхийн ажлын ачаалал их. Манай асрамжийн газрынхан настнуудыг цаг ямагт анхаарч, тусламж хэрэгтэй үед нь бэлэн байх нөхцөлтэйгөөр гурван ээлжээр жилийн 365 хоног тасралтгүй асардаг. Мэргэжлийн асрагчийн цалин мэдээж өндөр. 3000-3800 евро байх жишээтэй. Мэргэжлийн бус асрагч гэхэд л 2700-2800 еврогийн цалинтай. Үүнээс татваруудаа төлдөг. Германд татвар, даатгал, шимтгэл гээд бараг л 14-45 хувийг цалингаас суутгадаг. Ингэхдээ тухайн хүний цагийн хөлс, ямар ажил, алба эрхэлдэг, гэрлэсэн, хүүхэдтэй, эсэхээс хамаарч харилцан адилгүй.
Хайрлагдсан хүмүүс асрамжийн газарт ирдэг юм байна
-Өтөл буурлуудын амьдралынхаа сүүлчийн хугацааг өнгөрүүлж буй энэ газрын эерэг болон сул талыг та юу гэж харж байна. Танд гүн сэтгэгдэл үлдээсэн үйлчлүүлэгч бий юү?
-Аюулгүй, цэвэр орчинд өөрийн хувийн орон зай бүхий өрөөтэй, гэрийн ажил, хоол хүнсэнд санаа зовохгүй, нийгмийн харилцаанд орсноороо ганцаардахгүй зэрэг сайн талтай. Хамгийн чухал нь эрүүл мэнд, амь насаа албан ёсоор эмч, эмнэлгийн ажилтнуудад даатгадгаараа онцлогтой. Хоолны цэсээс хүссэн хоолоо захиалж, ядарсан үедээ унтаж, амарч, чөлөөтэй гарч, орно. Асрагчид тэднийг усанд оруулж, өдөр бүр цэвэр хувцас өмсгөж, үс гэзгийг нь самнаад, сахлыг нь хусаж, шүдийг нь угаагаад, агаарт гаргаж, дулаан хувцаслаж, зурагт, радио сонсгож, тааваар нь байлгадаг. Өөрөөр хэлбэл, ганцаараа биш, өөр олон настан өөр шиг нь адилхан нөхцөл байдалд амьдарч байгааг харж, хань бараа болж, хамт өвддөг буюу зовлонгоо тэсэж, хүлээн зөвшөөрөхөд хүргэдэг. Гэртээ ганцаараа юм уу, үр хүүхдэдээ дараатай амьдарч байна гэж сэтгэлээ зовоосноос хавь илүү гэж тэд ярьдаг юм. Мэдээж сул бий. Хөгшид шинэ орчинд танихгүй хүмүүсийн дунд дасан зохицох гэж удна. Гэрээ санах, үр хүүхдүүддээ болон бусдад хэрэггүй болсон мэт санагдана. Настнууд маань сүүлчийнхээ зогсоолд ирлээ гэж мэдэрдэг.
Миний ажиллаж буй тасгийн 32 ахмадаас 18 нь нас баржээ. Шинээр олон ахмад ирсээр байгаа. Энэ хугацаанд надад гүн сэтгэгдэл үлдээсэн хүн олон. Тухайлбал, нэгэн ахмадын ирсэн өдрөөс нь эхлээд сүүлчийн мөч хүртэлх дурсамжийг нь оруулсан. Номоо би түүний түүхээр эхлүүлсэн ч дуусах мөчид тэрбээр амьсгал хураачихсан. Түүхээр нь номоо төгсгөх ёстой болов. Хамгийн сүүлд би түүний оршуулгад оролцсон юм. Охин нь намайг урьснаар барахгүй аавдаа өмсүүлэх хувцсыг нь хамт сонгохыг хүссэн. Аавыгаа дааруулахгүй гээд зузаан ноосон оймс, цамц хүртэл сонгосонд сэтгэл минь ихэд хөдөлсөн. Хайрлагдсан хүмүүс л арсамжийн газар ирдэг юм байна гэдгийг дахин ойлгож авсан.
-Хүүхдээ хэр хайрлаж өсгөсөн өтөл буурай болоод түүнийхээ хариуг хүртдэг гэдэг зарчимтай улс шиг санагдсан.
-Зөвхөн германчууд гэлтгүй, хүн бүхэн юу тарина түүнийгээ хураадаг гэдэг замаар амьдардаг. Германчууд хариуцлагаа бусдад хүлээлгэх дургүй. Мөн бусдын өмнөөс ч шийдвэр гарган хариуцлага хүлээх дургүй. Энэ зарчим нь тэднийг “хүйтэн” хүмүүс шиг бодоход хүргэдэг байж магад. Хүүхдээ хөл, хэлд орохоос эхлээд насанд нь таарсан үүрэг, хариуцлага оноож, өөрсдөөр нь асуудлыг шийдүүлж, үр дүнг нь үзүүлж, ярилцаж, ойлгуулж хүмүүжүүлдэг. Энэ нь хүүхэд маш эрт биеэ даахад нөлөөлдөг. Бусдад төвөггүй амьдарч, өөрийгөө хариуцаад явчихдаг зарчим нь өтөл нас хүртэл л дагалдсаар байдаг. Тиймээс л оршуулгаа хүртэл бэлдээд, асрамжийн газарт очдог. Хүүхдүүддээ аль болох төвөг бага удахыг хүсдэг нь эцэг, эхийн хайр юм. Үр хүүхэд нь ч аав, ээжийгээ “хаячихдаг” юм биш. Улсынх нь хөгжил, нийгэм эл боломжийг бүрдүүлжээ. Авах ёстой үйлчилгээгээ л авч буй энгийн амьдрал. Харин хүүхдүүд нь ээж, аавыгаа хүссэн үедээ, өдөр бүр эргэж тойрдог. Ахмадууд гэртээ буй мэт өрөөгөө тохижуулаад амьдардаг. Зарим нь асаргаа, эмчилгээгээ сайн хийлгээд энэ газарт урт удаан амьдардаг бол ганц нэг нь хоолноос татгалзаж, сэтгэлээрээ “явчихдаг”. Энэ мэтээр олон асруулагчийн түүхийг номдоо оруулсан. Хэрэв сонирхвол “Азхур”, “Интэрном”, “Мир” номын дэлгүүрийн төв салбарт борлуулж байгаа. Мөн “МБоок”-ээс аудио хэлбэрээр сонсох боломжтой.
-Хүн бүр өтөлж, хөгширнө. Үүнд сэтгэл санаа, бие махбодь, бүр оршуулгын зардал гээд бүх л зүйлээ төлөвлөж бэлдэх ёстой санагдлаа. Таны номыг уншаад хүмүүс юу ойлгож, ухаараасай гэж хүсэж байна вэ?
-Миний ном таныг хөгшчүүдийн ерцөнцөөр аялуулах болно. Хүн бүр л “хүлээлгийн өрөө”-нд очно. Гэхдээ тэр нь хаана ч байж мэднэ. Заавал асрамжийн газрын өргөөг хүлээлгийнх гэхгүй шүү дээ. Гэртээ ч байж болно. Тиймд сэтгэлээ бэлдэхээс гадна үр хүүхдэдээ болж өгвөл яаж дарамт багатай амьдрах вэ л гэж бодон, одооноос өөрөө өөрийгөө хариуцаж амьдарч, “нүгэл, муу ер” гэлгүйгээр гэр бүлийхэнтэйгээ энэ сэдвээр чөлөөтэй ярьдаг байгаасай. Мэдээж ээж, аавыгаа асруулахаар асрамжид өгч байгаа бол та ачлалгүй хүн болчихгүй. Харин ч өөрөө хүсээд өгч чадахгүй асаргааг боломжтой болгосноороо магадгүй та бүр ч ачлалтай байж мэдэх юм гэдгийг ойлгоосой гэж хүсэж байна.