Гавьяат багш, техникийн ухааны доктор, шим тэжээл судлаач Г.Энхтайвантай ярилцлаа. Тэрбээр 1977 онд ШУТИС-д хоол үйлдвэрлэлийн технологийн ангийн хоёр дахь элсэлтийн оюутан болж байж. Төгсөөд сургуульдаа багшаар үлдэн, Монгол Улсад анх удаа эмчилгээний болон сургуулийн хоол үйлдвэрлэлийн технологи, стандартыг нэвтрүүлэхэд оролцжээ. Ялангуяа сургуулийн хоолны жишиг орчин бий болгоход хувь нэмрээ оруулсан нэгэн. Өдгөө гавьяаны амралтад гарсан ч сургуульдаа зарим улиралд багшилж, “INFOODS” олон улсын байгууллагын гишүүнээр ажиллаж байна.
-ШУТИС-ийн харьяа Хүнсний эрдэм шинжилгээ, судалгааны хүрээлэнгээс саяхан “Хүнсний найрлагын мэдээллийн сан FCD-Mongolia-2025” эрдэм шинжилгээний анхдугаар хурал зохион байгуулсан. Хүнсний найрлагын мэдээллийн сан гэж чухам юуг хэлээд байна вэ?
-Үйлдвэрлэн гаргаж буй бүх хүнсний бүтээгдэхүүний найрлага ил тод, мэдээлэл нь ойлгомжтой, стандартын дагуу байх ёстой. Үүнийг үйлдвэрлэгч бүр хэвшүүлж, өөрсдийн лабораторийн шинжилгээний үр дүнг шошгодоо бичих учиртай. Шошгын мэдээллийн ач холбогдол болон ер нь хүнсний найрлагын мэдээллийн талаарх ойлголтыг нэмэгдүүлэх, асуудлаа хэлэлцэх зорилгоор дээрх эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулсан.
-Хүнсний шошгод ямар мэдээлэл байх ёстой вэ. Манай үйлдвэрүүд шошгын стандартыг хэр зэрэг мөрддөг бол?
-Хүнсний бүтээгдэхүүний шошго тун чухал үүрэгтэй. Хэрэглэгчид тухайн бүтээгдэхүүнийг худалдан авахаас өмнө орц, найрлага, шим тэжээл, амин дэмийн талаарх бүх мэдээллийг харж, ойлгох боломж бүрдүүлдэг. Шошгод уураг, өх тос, нүүрс ус гэсэн үндсэн гурван мэдээллийг заавал бичнэ. Эдгээрээс уураг, өөх тосыг амьтны болон ургамлын гаралтай гэж ангилдаг. Харин нүүрс ус бол ургамлын гаралтай. Тиймээс үндсэн гурван бүрэлдэхүүн нь амьтны, эсвэл ургамлын гаралтай юу гэдгийг зааж өгнө. Нэмээд эрдэс бодис, амин дэм, үйлдвэрлэсэн болон дуусах огноо, хадгалах горимын мэдээллийг багтаана. Томоохон хүнсний үйлдвэрүүд өөрсдөө лабораторид хүнсээ шинжилж, мэдээллийг нь оруулдаг. Мөн тооцооны аргаар найрлагын мэдээллийг тодорхойлж болдог ч лабораторид шинжилсэн нь илүү бодитой, стандартынх байдаг. Манай хүнсний үйлдвэрүүд зарим нь шошгын стандартыг мөрдөж, бүх мэдээллийг багтаадаг бол зарим нь учир дутагдалтай л байна. Сүүлийн жилүүдэд маш олон найрлагатай, төрөл бүрийн хүнсийг зах зээлд нэвтрүүлснээс шалтгаалж зохицуулах үйлчилгээтэй хүнс ч олширсон. Тиймээс хүмүүс ямар найрлагатай, ямар бүтээгдэхүүн хэрэглэвэл зохимжтой гэдгээ чухалчилж, шошгыг сайтар уншдаг болсон. Хамгийн гол нь иргэд хүнсний орц, найрлагын талаар мэдлэгтэй байх л шаардлагатай.
-Импортын бүтээгдэхүүн бүрийн шошгыг монголоор бичих шаардлагатай юу?
-Тийм шаардлага тавьдаггүй. Монгол, англи, орос хэлээр байж болно гэдэг.
-“INFOODS” (International network of food data systems) буюу хүнсний найрлагын мэдээллийн олон улсын сан гэж байдаг. Уг сантай манай шим тэжээл судлаачдаас та хамгийн түрүүнд хамтран ажиллажээ. Хүнсний найрлагын мэдээллийг бий болгох, олон улсад нийлүүлэх, хамтран ажиллах нь ямар ач холбогдолтой вэ?
-Эл байгууллага дэлхий дахины хүнс, шим тэжээлийн холбогдолтой асуудлыг авч хэлэлцэхдээ хүнсний бүтээгдэхүүний найрлагын мэдээллийг нэгтгэдэг. Дэлхийн өнцөг булан бүрээс шим тэжээл, хоол, хүнс судлаачид цуглан, хүнснийхээ найрлагын үзүүлэлтийг нийлүүлж, шинэ бүтээгдэхүүнээ ч танилцуулдаг. Мөн олон төрлийн төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх санаагаа ярилцан, асуудлаа хэлэлцдэг. “INFOODS” -ын тайланд зонхилох хүнснийхээ найрлагын мэдээллийг байршуулах нь олон талын ач холбогдолтой. Тухайлбал, бэлчээрийн малын махтай, мах нь ийм уураг, амин хүчил, шимт бодис агуулдаг, тийм ургамал, усаар хооллодог, маллагааны явц, малын эм, вакцины талаарх мэдээллийг үнэн зөв, стандартын дагуу нэгтгэн илгээнэ гэсэн үг. Ийм мэдээллийг аль ч орны иргэд харж, Монголд очвол ийм малын мах худалдан авна, улмаар импортолно гэсэн ойлголттой болно. Өөрөөр хэлбэл, хүнсээ олон улсад сурталчлах боломж бүрдэнэ. Мөн дээрх байгууллага дайн байлдаан болон өлсгөлөн, байгалийн давагдашгүй хүчин зүйлд нэрвэгдсэн улсын иргэдэд хүнсний тусламж үзүүлэх, хүнсний тулгамдсан асуудал зэргийг хэлэлцдэг. Манайхаас “INFOODS”-д хүнсний найрлага, шим тэжээлийн мэдээллээ явуулахаар бэлтгэж байгаа бөгөөд үүний тулд өндөр хүчин чадалтай лаборатори хэрэгтэй. Хүнсний судалгааны түвшин хурдацтай хөгжиж, лаборатори, хүрээлэнд нарийн мэдрэмжтэй багаж төхөөрөмж шаардлагатай байгааг хаана, хаанаа анхаарах шаардлагатай байна.
-Тус байгууллагатай та хэрхэн холбогдов?
-НҮБ-аас буурай хөгжилтэй орнуудын хүнс, шим тэжээл судлаач, эрдэмтэд мэргэжил дээшлүүлэх боломж олгодог. Би 1998 онд Японы Цукуба хот дахь Хүнс судлалын үндэсний хүрээлэнд тухайн үеийн буурай хөгжилтэй улсууд болох БНХАУ, Вьетнам, Тайланд, Энэтхэгийн дөрвөн судлаачтай хамт НҮБ-ын тэтгэлгээр нэг жил гаруй ажиллаж, судалгаа хийсэн. Тэгээд НҮБ, “INFOODS”-тэй хамтран ажиллаж эхэлсэн бөгөөд тус байгууллагын хуралд 2010 онд Монголоос Ромд уригдан оролцож, гүйцэтгэх зөвлөлийн гишүүнээр элссэн. Японд байх хугацаандаа өндөр мэдрэмжтэй, хүчин чадалтай багаж, төхөөрөмжтэй лабораторид нь ажиллан, шар луувангийн судалгаагаа гүнзгийрүүлж хийсэн.
-Шар луувангийн судалгаагаар эрдмийн зэрэг хамгаалсан байх нь. -Тийм, Монголд ургуулсан шар лууванг Японыхтой харьцуулан судалж, нутагтаа ирээд докторын зэрэг хамгаалсан. Шар лууван нь улбар шар өнгөтэй, каротин ихээр агуулдаг бөгөөд манай хөрсөнд ургуулсан шар луувангийн каротин нь тосонд уусдаг А амин дэмээр Японыхоос харьцангуй баялаг байсан. Шар луувангийн аминхүчил болон тосны хүчлүүдийг тодорхойлсон нь Монголд анх удаагийн судалгаа болсон юм. Монголын хөрсөнд тариалсан ногооны амин дэмт чанар өндөр, органик гэдгийг харуулсан хэрэг л дээ.
-Органик гаралтай гэхээр бусад хүнсээс өндөр үнэтэй байдаг. Бас манай улс яг органик бүтээгдэхүүн хэрэглэж чадаж байгаа, эсэх нь эргэлзээтэй санагддаг.
-Манай орны хөрс, бэлчээр бас мал органик гэж болно. Биднийг органик хүнстэй гэж тооцдог. Яагаад гэвэл бэлчээрийн маллагаатай, таван хошуу малаа өөр өөр газарт идээшлүүлдэг. Мөн хөрс нь эрүүл, атар газар эзэмшээд удаагүй учраас тариа, ногоо нь органик. Тиймээс түүхий эд нь ч онцлог бөгөөд органик шинж чанартай. Бүтээгдэхүүний үнийн хувьд зах зээлийн зарчмаар тогтдог учраас ийм бүтээгдэхүүн, тийм ханштай байх ёстой гэж хэлж мэдэхгүй нь.
-Монгол хүн хүнсээсээ хордож, өвчлөх нь элбэг боллоо. Үүнд импортын бүтээгдэхүүний нөлөө их байна гэх болсон. Энэ талаар юу хэлэх вэ?
-Энэ хүнс ийм хортой гэж шууд хэлэх хэцүү. Гол нь хэрэглэгчид мэдлэг, мэдээлэл өндөртэй байх учиртай. Импортоор оруулж ирдэг, ялангуяа амттануудад хүүхдүүд тун дуртай. Гэтэл амттанууд ихэвчлэн чихэр, будагч бодис ихтэй. Будагч бодисуудыг химийн аргаар гаргаж авах нь элбэг учраас эрүүл мэндэд сайн биш.
-Будагч бодис бүрийг химийн аргаар гаргаж авдаг гэсэн үг үү?
-Бараг л бүх будагч бодисыг үйлдвэрийн аргаар гарган авдаг. Энэ нь зөвхөн чихэр, амттан гэхгүйгээр хүнсний будагтай бүх бүтээгдэхүүнд хамааралтай асуудал. Мөн чихрийн агууламж өндөртэй хүнс эрүүл мэндэд сайн биш. Ядаж чихрийн нишингээр хийсэн бүтээгдэхүүн буюу органик гаралтайг нь сонговол зохино.
-Ааруул, цагаан идээнд элсэн чихэр хольсноор чанар нь муудах уу.
-Чихэр холилоо гээд шинж чанар нь төдийлөн өөрчлөгдөхгүй. Сахаржих урвал үүсдэг ч үндсэн найрлага хэвээрээ. Гэхдээ цагаан идээгээ аль болох чихэргүй хийх нь зөв.
-Бид ер нь хэр зөв хооллодог вэ. Хооллохдоо юу анхаарвал зохих бол. Ер нь хоол, хүнсний салбарт тулгамдсан ямар асуудал байна?
-Хоол, хүнснийхээ орц найрлага, амин дэм, шимт бодисын агууламж, ашиг тусыг мэддэг байх нь зөв хооллох нэг алхам. Бас бие махбодынхоо онцлог, улирал болон цаг уурын нөхцөл, цагийг харгалзан хооллох нь зүйтэй. Өөрийгөө чагнадаг, хоол, хүнсний талаар мэдлэг, мэдээлэл сайтай байх нь л чухал. Ногоон болон бусад өнгийн ногоо, цагаан идээ, зохицуулах үйлчилгээтэй үр тарианы гурил, хүнс иддэг бол сайн. Хүүхдүүддээ багаас нь зөв хооллох дадалд сургаж, тайлбарлаж, “эрүүл” гал тогооны соёлд сургах хэрэгтэй.
Манай орны хоол, шим тэжээлийн салбарт тулгамдаж буй гол асуудал бол сургууль, цэцэрлэгийн хоол. Улсын хэмжээнд 800 гаруй сургууль бий гэдэг. Эдгээрт багшийн дутагдалтай гэж л ярихаас хоол зүйчийн талаар бараг хөнддөггүй. Зүй нь бүх сургуульд хоол зүйч хэрэгтэй. Манай сургуулиудын хоолны төсөв бага. Тиймээс бага төсвөөр арай илүү илчлэгтэй, эрүүл хоол хэрхэн хийхийг тооцож, мэргэжлийн байдлаар хандах учиртай. Уг нь цагаан идээ, мах, гурил гээд үндсэн түүхий эдээ тухайн орон нутгаасаа арай хямд худалдан авах боломж бий. Бид сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдээ зөв хооллож эхэлбэл том хөрөнгө оруулалт болно. Япон, БНСУ, БНХАУ зэрэг олон орон 30-40 жилийн өмнөөс сургууль, цэцэрлэгийн хоол, хүүхдүүдийн эрүүл мэнд, өсөлтөд ихээхэн анхаарч өдгөө нуруулаг, эрүүл иргэдтэй ч болж, дундаж наслалт уртассан. Зөв хооллох нь биеийн өсөлт хөгжилт болон эрүүл мэндийг дэмжих чухал хүчин зүйл. Зөв хооллож хэвшвэл эм уух шаардлагагүй, эрүүл аж төрнө.
-ШУТИС-ийн багш нар анх сургуулийн болон эмчилгээний хоол “нэвтрүүлсэн” гэсэн. Энэ талаараа тодруулж өгөөч.
-Сүхбаатар дүүргийн 25 дугаар сургуулийн хүүхдүүдийн эрүүл мэндийг дэмжих, хичээлийнх нь идэвхийг сайжруулах зорилгоор анх сургуулийн гал тогоог зөв зохион байгуулалттай, хоол зүйчтэй болоход тусалсан. Бид мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч, хоолны цэс зохиож, хамтран ажилласан. Үүний дараа 2003-2004 онд Монголын анхны хувийн сургуулиудын нэг “Орчлон”-г барьж эхэллээ. Тэгэхэд Г.Лхагваа багш (Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, доктор) бид хоёр тус сургуулийн захиралтай хэрэг болгон очиж уулзсан. Тэгээд сургуульдаа хоолны танхим байгуулахын ашиг тусыг хэлж, ятгаснаар иж бүрэн төхөөрөмж бүхий хоолны газар байгуулсан. Улмаар ШУТИСийн төгсөгчдөөс ажиллуулж, сургуулийн жишиг хоолны газар бий болсон юм. Үүнээс улбаалж сургуулийн Шим тэжээл судлалын төвтэй хамтран ажилладаг БНСУ-ын талын дэмжлэгтэйгээр Чингэлтэй дүүргийн 58 дугаар сургуулийн хоолны газрын цэс, үйлдвэрлэл, үйл ажиллагааны зохион байгуулалт, тоног төхөөрөмжийг өөрчлөн, сурагч, багш, ажилчдад үйлчлэх цайны газар байгуулсан. “Эрүүл, чанартай хоол үйлдвэрлэх анхны алхам бол эрүүл, цэвэр ус, тиймээс усыг нь эхлээд шинжилнэ” гэж солонгос мэргэжилтнүүд хэлсэн. Худгийн ус шаардлага хангаагүйгээс сургуулийн хашаанд шинээр худаг гаргасан. Мөн хоол, хүнс үйлдвэрлэлийн стандарт мөрдүүлж, тоног төхөөрөмж, сав суулга, аяга, таваг зэргийг угаах, ариутгах төхөөрөмж бүхий гуанзтай болсон. Ийнхүү анх удаа стандартын дагуу тохижуулсан, мэргэжлийн гал тогоотой, нийслэлийн жишиг сургууль бий болсон. Дараа нь Архангай аймгийн хоёрдугаар сургууль, Булганы Дашинчилэнгийн сургууль болон дотуур байрны цайны газрууд орон нутгийн жишиг болж, манай сургуулийг төгссөн мэргэжлийн хоол зүйчид хариуцсан юм.
-Эмчилгээний хоол өгч эхэлсэн талаар сонирхуулна уу.
-2000 оны эхээр юм байна. Улсын Гуравдугаар төв эмнэлгийн элэгний тасагт анх эмчилгээний хоол туршиж, нэвтрүүлсэн. Тухайн үед эрүүл хооллолт, эмчилгээ, сувиллын хоолны талаар шинжлэх ухааны үндэслэлтэй мэдлэг, ойлголт тааруу байв. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгсэд, өвчтөнүүд гэрээсээ бууз, хуушуур голдуу хоолыг их хэмжээгээр, үдэш орой авчруулаад, өнжүүлж, хонуулж иддэг байлаа. Тэгээд гаднаас эргэлт авахыг бүрмөсөн болиулж, зөвхөн эмчилгээний хоолоор үйлчлэх боллоо. Хоолны орц, боловсруулалт, хэмжээ зэргийг тун нарийн тооцож, сувиллын хоол санал болголоо. Анх өвчтөнүүд дургүйцэн, бүр дөрөв, тавдугаар давхар руу цонхоор уяа, бүс унжуулж, шөнө хоол авч, шүүгээндээ хадгалж идсэн хэрэг ч гарлаа. Эмч нар тууштай байж, “Эдгэрье гэвэл эмнэлгийн хоол ид, эсвэл гэртээ харь” гэжээ. Хэсэг хугацааны дараа өвчтөнүүдийн бие сайжирч, эрүүлжиж эхэлсэн. Түүнээс хойш эмнэлгийн тасаг бүр, өөр өөр хоол үйлдвэрлэж, хоол зүйчийн хяналтанд ажиллах шаардлагатайг эрүүл мэндийн салбарынхан төдийгүй олноороо ойлгосон юм. Сургууль, эмнэлгүүдэд зориулсан хоолны стандарт боловсруулахад оролцон ажилласан гэдэг бол багш болсны минь нэг бахархал.
-Гал тогооны тоног төхөөрөмж болон аяга, таваг угаах стандарт чухал байх нь.
-Угааж, ариутгаж, хатаасан аяга, таваг, халбага, сэрээг л шаардах хэрэгтэй. Янз бүрийн бодистой бүтээгдэхүүнээр, стандартын бус нөхцөлд угаасан хоолны сав, хэрэгслийг хэрэглэх нь өвчлөх нэг шалтгаан болно. Тиймээс хоол үйлдвэрлэж буй бүх хүн, аж ахуйн нэгж хамгийн түрүүнд аяга таваг угаах автомат машин, хатаалга зэргийг суурилуулахад анхаарвал сайн. Үүнийг бүр журамласнаар элэгний вирус, хеликобактерын халдвар ч буурна. Хоол үйлдвэрлэлтэй дүйцэхүйц чухал асуудал бол угаалга, ариутгал юм.