Монголын гүйлтийн тэшүүрийн үндэсний шигшээ баг, “Алдар” спорт хорооны тамирчин М.Борхүү сүүлийн үед шорт трекийн төрөлд цахиур хагалж, олон улсын тэмцээнээс медаль хүртэх болсон. Тэрбээр Италийн Турин хотод болсон дэлхийн оюутны универсиад наадамд багийнхантайгаа амжилттай оролцсоныхоо дараа дасгалжуулагч Б.Бат-Оргилын удирдлагад өмнөд хөршийн Харбин хотод өнгөрсөн нэгдүгээр сард зохион байгуулсан Азийн өвлийн спортын IX наадамд өрсөлдөж, хувийн амжилтаа ахиулсан юм. Тэгвэл Өмнөд хөршийн Бээжин хотод өнгөрсөн хавар болсон Азийн цомын нээлттэй тэмцээнд 500 метрийн зайд (46.7 секунд) цагийн амжилтаар ”Дэлхийн цом”-д уралдах эрхээ авсан юм. Казахсан улсыг өнгөрсөн сард зорьж, Астана хотод болсон шорт трекийн залуучуудын “Дэлхийн цом”-ын эхний цувралд 1000 метрийн зайд улсынхаа дээд амжилтыг шинэчлэн, эрэмбэ олгох уралдаанд хэсэгтээ удаалсан юм. Түүнчлэн хоёр дахь цувралын 500 метрийн зайд дэлхийн шилдгүүдтэй хурд сорихдоо 25 дугаар байр эзэлжээ.
-Казахстанд болсон шорт трекийн залуучуудын “Дэлхийн цом”-ын цуврал хоёр тэмцээнд та оролцлоо. Астана хотод тэмцээн хэр сонирхолтой өрнөснөөс ярилцлагаа эхэлье.
-Монголын тэшүүрчдээс “Дэлхийн цом”, ДАШТ-д оролцох эрх авсан хоёр тамирчны нэг би, нөгөө нь Э.Мөнх-Эрдэнэ ах. Миний хувьд залуучуудын “Дэлхийн цом”-ын цуврал тэмцээнүүдэд улсаа төлөөлж, анх удаа оролцлоо. Тус тэмцээнд БНСУ, БНХАУ, Казахстан, Итали, Нидерланд, Канадын тэшүүрчид эхний гурван байрт шалгарахын тулд ширүүхэн өрсөлдсөн. Сүүлийн үед Казахстаны тамирчдын ур чадвар илт сайжирсан нь анзаарагдлаа. Би эхний цувралд 1000 метрийн зайд уралдахдаа өөрийн амжилтаа гурван удаа эвдэж, шинэчилсэн бол 500 метрийнхэд топ 25-д шалгарсан.
-Манайхан Ази, Европын орнуудад бэлтгэл базаасан. Гадаадын тамирчидтай хамтарсан бэлтгэл хийх давуу талтай биз?
-Бид эх орондоо гадаадын тамирчидтай хамтарсан бэлтгэл хийвэл илүү үр дүнтэй байхаар санагддаг. Гэрийнхнээсээ олон сар хол байхаар санаж, сэтгэл зүй тогтворгүй болдог тал бий. Азийн орнуудын олонх нь далайн гаралтай бүтээгдэхүүн, халуун ногоо түлхүү хэрэглэдэг. Тухайн улсын хоол хүнснээс гадна цаг агаар, уур амьсгал, орчин нөхцөлд нь дасан зохицож амьдрах эхэндээ амаргүй. Би БНСУ-ын Инчён хотод тамирчидтай нь зургаа, долоодугаар сард хамтарсан бэлтгэл хийсэн. Түүнээс хойш Монголд ирж, бэлтгэлээ өөрөө тааруулж базаасан. Хүн хилийн дээс алхаад эх орныхоо сайхныг илүү мэдэрдэг юм билээ. Тус хотод байхдаа нутгийнхаа агаар, салхийг өөрийн эрхгүй үгүйлж, монгол дуугаа сонсон хаана юу өрнөсөн бол гээд их судалдаг болсон. Хамтарсан бэлтгэл хийх давуу талтай. Монголын тэшүүрийн шигшээ багт олон тамирчин байдаггүй тул дотооддоо бэлтгэл хийхэд ур чадвараа хэрхэн ахисныг төдийлөн мэддэггүй. Харин гадаадын тамирчидтай байх хугацаанд өөрийн алдаа дутагдал, давуу болон сул талаа олж хардаг. БНСУ-д анх очиж байх үеэ бодвол одоо ахиц гарсан. Азийн тамирчид дасгалжуулагчийнхаа зөвлөснийг дагадаг бол Европчууд өөр. Тэд хэн нэгний удирдлагад гэхээсээ илүү өөртөө тохируулж бэлтгэл хийдэг.
-Азиас Хятад, Солонгос, Японы тамирчид ширүүхэн өрсөлддөг. Тэд уралдааны аль хэсэгт тактикаа гаргадаг вэ?
-Аль аль нь холын зайд уралдахдаа араас дагаж, сүүл хэсэгт урагш гарч уралддаг. Шорт трекийн ойрын зайд өмнөд хөршийнхөн сайн.
Японы тамирчид хүчтэй өрсөлддөг ч Хятадын тэшүүрчдийн ур чадвар, техникт хараахан хүрдэггүй. Тэшүүр, шорт трекийн спортод жин хамаарахгүй. Хэн хурд, хүч, техникийг сайтар эзэмшинэ тэр амжилт гаргана. Манайхан хүчээр илүү ч техник дутуу байгаа нь анзаарагддаг. Би БНСУ-д анх бэлтгэл хийхдээ багийнх нь тамирчдыг гүйцэх гэж мөсөн талбайг хэдэн удаа тойрдог байлаа. Сүүлдээ ана мана уралддаг болсон. Бид тамирчидтай нь ойр нөхөрлөж, мэдээлэл хуваалцдаг юм. Миний ажигласнаар Азийнхан нэг их нээлттэй бус. Сэтгэл хөдлөлөө гаргаад байдаггүй. Уралдаан, тэмцээнтэй холбоотой зүйл асуусан тохиолдолд хариулна. Тэгвэл Европчууд нээлттэй, найрсаг зантай. Мэдэх, чадах зүйлээ харамгүй хуваалцдаг.
-Өвлийн олимпын наадам удахгүй хөшгөө нээх нь. Та өмнө нь Италийн Турин хотод уралдахаар хөл тавьсан. Танд ямар сэтгэгдэл төрүүлэв?
-Миний очсон орнуудаас Итали хамгийн сайхан сэтгэгдэл төрүүлсэн.Тэнд болсон оюутны универсиад наадамд оролцохдоо Турин хотын хөгжилтэй танилцсан юм. Эл хотын эртний барилгуудын өвөрмөц загвар, түүх, соёлын бүтээлүүд нь сонирхолтой санагдаж байв. Би түүхийн талаар судлах дуртай. Гадаадын тамирчдын зарим нь биднээс сонин асуулт асууна. Залуучуудын ангилалд уралддаг нэг эмэгтэй тэшүүрчин надаас “Монголчуудын гэр дотор мөс байдаг уу” гээд асууж билээ.
-Тэшүүр, шорт трект амжилт гаргасан тамирчдын олонх нь орон нутгийнх байх юм. Та аль аймгийнх вэ?
-Булган аймгийн Хишиг-Өндөр сум миний төрсөн нутаг. Би багадаа үеийнхэнтэйгээ сумын төвийн баруун талын гол дээр өдөржин гулгадаг байлаа. Сургуулийн биеийн тамирын багш Ц.Дэмбэрэлмаа аав, ээжийн дотнын найз. Түүний удирдлагад долоон настайдаа тэшүүрээр хичээллэж, тэмцээнд оролцож эхэлсэн. Манай сумаас төрсөн ОУХМ Г.Мөнх-Амьдрал, “Алдар” спорт хорооны дасгалжуулагч Б.Тулга гээд тэшүүрийн шилдгүүд цөөнгүй бий. Гэрийнхэн минь намайг спорттой нөхөрлөсөн үеэс өнөөг хүртэл тууштай дэмжиж, дотоод, гадаадын тэмцээнд оролцуулж байна.
-Үе үеийн алдартнуудыг төрүүлсэн “Алдар” спорт хорооны тамирчин болж, шигшээ багийн бүрэлдэхүүнд багтсан нь таны хувьд ховорхон тохиох боломж байсан болов уу?
-Есдүгээр ангиа төгсөөд 2019 оноос “Алдар” спорт хорооны дасгалжуулагч Б.Тулга багшийн удирдлагад хичээллэсэн. Тэрбээр тамирчдынхаа бэлтгэлээс гадна хооллолт, сэргэлт, амралт, сэтгэл зүйн байдалд анхаарал хандуулдаг. Багш их гярхай. Шавь нараа хэрхэн амжилтад хүргэх талаар маш сайн судалгаа хийдэг. Хүн бүртэй нэг бүрчлэн тулж ажиллана. Одоо бол биднийг ганц хараад л бүх зүйлийг уншина шүү дээ. Би тус спорт хорооны харьяаллын тамирчин болоод хоёр жил болж байна. Шигшээ багийн босгоор алхсан анхны өдрөөс үүрэг хариуцлага дагаад ирэх шиг санагдсан. Олон улсын тэмцээнд эх орноо төлөөлж оролцох тул одооноос илүү хичээх ёстой гэж хэдэн сар бодож явсан даа.
-Сингапурт болсон тэмцээнд анх оролцохдоо хамгийн түрүүнд олж харсан зүйл тань юу байв?
-Шигшээ багийн тамирчин болж, Монголын бүх ард түмний спартакиад наадамд 2023 онд оролцсоныхоо дараахан Сингапурт зохион байгуулсан олон улсын тэмцээнд өрсөлдсөн юм. Тэнд уралдахдаа үеийнхээ тамирчдын туршлагыг хараад өөрийгөө аль хавьд явааг анх мэдэж байлаа. Тухайн үед би өөрийгөө маш их голсон. Монголд ирсэн даруйдаа бэлтгэл, техниктээ анхаарал хандуулж, ур чадвараа хөгжүүлэхээр хичээсэн.
-Сүүлийн үед гүйлтийн тэшүүр, шорт трекийн тэмцээний дүрэмд өөрчлөлт оров уу?
-Жил бүр шинэчлэгддэг. Насанд хүрэгчдийн оролцдог “World cup” тэмцээн “World tour” болж өөрчлөгдлөө. Эл тэмцээнд өрсөлдөх улсын бүрийн баг өөрийн орны хэв шинжийг агуулсан амьтны дүрс бүхий логотой оролцоно. Монголын тэшүүрийн холбоо уг уралдааны хувцаст оруулах логоны уралдаан дотооддоо зарлаж, нэн ховор, зөвхөн Монголд байдаг бөхөнгийн дүрс шалгаруулснаа Олон улсын тэшүүрийн холбоонд явуулахад шалгарч, манай тамирчдаас Э.Мөнх-Эрдэнэ ах албан ёсоор “Mongolian saigas” буюу “Монголын бөхөнгүүд” нэртэйгээр цуврал тэмцээнд хурд сорихоор боллоо. Монгол бөхөнгийн дүрс бүхий хувцсыг насанд хүрэгчдийн “Дэлхий цом”, ДАШТ-д оролцох цагийн амжилт нь баталгаажсан тамирчин өмсөх эрхтэй. Италид “МиланКортина 2026” өвлийн олимпын наадам болсны дараа ДАШТ эхэлнэ. Миний оролцох залуучуудын “Дэлхийн цом” тэмцээнийг ирэх жил АНУ-д зохион байгуулна.
-Шигшээ багийнхан тэшүүр, хувцас хэрэглэлээ хаанаас захиалдаг вэ?
-Миний хувьд гүйлтийн тэшүүрийн ирийг Недерландаас авч, гутлыг нь БНСУ-д захиалж хийлгэдэг. Гадаадын томоохон тэмцээнд оролцдог тамирчдын тэшүүрийн гутал 4000 ам.долларын үнэтэй байх жишээтэй. Байнга бэлтгэл хийдэг болохоор тэшүүрийн ир амархан элэгддэг юм. Тиймээс жил бүр шинээр сольдог. Уралдааны үеэр контакт гардаг тул солих нөөц иртэй байх ёстой. Шорт трекийнх богино зайд уралдах зориулалтай тул тэшүүр нь өндөр, гутал нь ирнээсээ салдаггүй. Тэшүүрийн гутлыг жил бүр солих шаардлагагүй. Чанартай бол таван жил ч өмсөнө. Тамирчин болсноос хойш дөрвөн гутлын ард гарчээ.
-Оюутны универсиад, “Харбин-2025” Азийн өвлийн спортын наадам хэрхэн оролцсоноо сонирхуулаач.
-Өөрийнхөө бэлтгэл хийсний хэмжээнд бол сайн уралдсан. Өнгөрсөн жилийн хавар болсон Азийн цомын тэмцээнээс “Дэлхийн цом”-д уралдах эрх авахдаа шилдгүүдтэй өрсөлдөх хэмжээнд дөхжээ гэж бодож байв. Шигшээ багийн ах, эгч нартай хамт бэлтгэл хийсэн үр дүн ч багагүй нөлөөлсөн. Тэд ахын хувьд надад алдаа дутагдлын минь талаар зөвлөж, би ч дүү гэлтгүй тэднийхээ давуу, сул талыг ч гэсэн зөв хэлж ойлгуулдаг байлаа.
-Ирснийхээ дараа нутагтаа очиж хэд хоног амарсан биз дээ?
-Намайг шигшээ багт орох жил манайх Улаанбаатарт шилжин ирж, төвхнөсөн. Би ч Техник, технологийн политехник коллежид суралцаж төгслөө. Миний хувьд их, дээд сургуульд үргэлжлүүлэн сурахад хэзээ ч оройтохгүй. Спортын талбар тамирчдаас залуу насандаа амжилт гаргахыг шаарддаг болохоор ойрын жилүүдэд ур чадвар, карьертаа анхаарал хандуулж, амжилтаа ахиулахыг зорьж байна. Миний хувьд дасгалжуулагч, хөдөлгөөн засал мэргэжлээр суралцахыг хүсдэг. Өвөө, ээж хоёр цахилгааны мэргэжил эзэмшсэн. Би мэргэжлийг нь өвлөж суралцвал III үеийн цахилгаанчин болох юм.