БНХАУ-ын Олон улсын эдийн засаг, худалдааны арбитрын комиссын арбитрч С.Уянгаатай хоёр улсын аж ахуйн нэгж, байгууллага, бизнес эрхлэгч, иргэд хоорондын худалдааны маргаан, гэрээ хэлцлийг хуулийн хүрээнд хэрхэн шийдвэрлэдэг талаар ярилцлаа. Тэрбээр тус комисст сонгогдсон анхны монгол арбитрч юм. Өмнө нь тухайн улсын Олон улсын далайн хэргийн арбитрын комиссын арбитрчаар ажиллаж байжээ.
-БНХАУ-ын хууль, эрх зүйг төрөлх хэлээр нь судалж, олон нийтийн эрх ашгийг хамгаалж ажиллах нь амаргүй байх. Та хаана ингэж хятад хэлийг сайтар эзэмшсэн юм бэ. Саяхан тус улсад докторын зэрэг хамгаалсан гэж сонслоо.
-Би хятад хэл судлаад 30 гаруй жил өнгөрчээ. 1990 онд нийслэлийн ерөнхий боловсролын 13 дугаар сургуульд Монгол Улсад анх удаа хятад хэлний сонгоны анги байгуулахад орж суралцаж байв. Сургууль бүрээс шилдэг хүүхдүүдийг цуглуулж, хятад хэл заасан бөгөөд 23-лаа төгссөн юм. Математикийн өвөр монгол багшийг сургуулийн удирдлагын зүгээс хүүхдүүдэд хятад хэл заагаач гэсэн санал тавьсан юм билээ. Хатуу багш байсан учраас манай ангийнхан хятад хэлийг маш сайн сурсан даа. 1998 онд МУИС-ийн Олон улсын харилцааны дээд сургуульд гадаад албаны ажилтан буюу дипломатч мэргэжил эзэмшсэн. Дараа нь олон улсын эрх зүйн магистрт суралцаж, тэр үедээ МУИС-д олон улсын эрх зүйн чиглэлээр хичээл заадаг байлаа. 2005 онд БНСУ-ын Күүкминий их сургуульд иргэний эрх зүйн чиглэлийн судлаачаар суралцсан. Тухайн үед гадаад харилцаа хаалттай, олон улсад боловсрол эзэмшсэн хүн цөөн байлаа. Тэндээ солонгос хэлний бэлтгэл ангид сурч, суурьтай болоод мэргэжлийн судалгааны ажлаа хийсэн дээ. Тухайн үед хөдөлмөрийн гэрээгээр болон “хараар” ажилладаг монголчууд олон байв. 25 мянга орчим монгол хүн визийн зөрчилтэй хөдөлмөрлөж байлаа. Нутаг нэгтнүүддээ туслахын тулд Солонгост докторын түвшинд сурч байсан хоёр найзтайгаа хамтран “Бид таны төлөө” ТББ байгуулж, эрх нь зөрчигдсөн монгол иргэдэд хууль, эрх зүйн туслалцаа үзүүлж эхэлсэн юм.
Гадаад ажилчдыг дэмжих төвд хандаж, хуулийн зөвлөгөө өгдөг хүмүүстэй нь хамтарч ажилласан. Тэнд гэрээгээр ажиллаж байгаа хүмүүсийн нийгмийн даатгал, баталгаат байдлыг хэрхэн хангах тал дээр төр, захиргааны холбогдох байгууллагынхантай санал солилцдог байв. Солонгосоос ирээд 2008 оноос төрийн албанд буюу одоогийн Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Гадаад харилцааны хэлтэст Азийн улс орнуудын хамтын ажиллагаа, олон улсын гэрээ хэлэлцээр, төсөл, хөтөлбөр хариуцаад 10 гаруй жил ажилласан. 2017-2025 онд БНХАУ-ын Ардын их сургуулийн Хууль зүйн сургуульд иргэн, худалдааны эрх зүйн чиглэлээр докторт суралцаж төгссөн.
ХЯТАДАД ШҮҮХ ХУРАЛ ЯГ Л ТОВЛОСОН ЦАГТАА БОЛДОГ
-Арбитрч нь хоёр талын маргааны асуудлыг шүүхээс гадуур шийдвэрлэдэг, төвийг сахисан мэргэжилтэн гэж ойлгосон. Хүмүүс тэр бүр мэдэхгүй байх. Та арбитр, шүүхийн ялгааг товчхон хэлж өгөөч.
-Олон улсын худалдааны маргааныг голдуу арбитрын шүүхээр хэлэлцдэг. Өөрөөр хэлбэл, гэрээнээс үүссэн маргааныг арбитрын шүүх шийдвэрлэдэг. Талууд гэрээ байгуулахдаа “Хэрэг маргаан үүсвэл эвлэрлийн журмаар, чадахгүй бол арбитраар шийдвэрлүүлнэ” гээд заа чихсан тохиолдолд шүүхийн бус, арбитрын харьяалалд шилждэг. Сүүлийн үед Монголын зарим аж ахуйн нэгж, хуулийн этгээдүүд арбитрын заалтыг гэрээндээ тусгаж өгдөг болсон. Гурван шатны шүүхийн шийдвэр хүлээж, цаг хугацаа алдах, хэрэг маргааныг олон жил шийдвэрлэхгүй байх зэрэг асуудал үүсдэг. Харин арбитр нь богино хугацаанд хэрэг маргааныг шийдвэрлэдэг. Нэг ёсондоо, арбитраар шийдвэрлүүлэх заалттай бол шүүх тухайн хэргийг хүлээж авдаггүй. Манай улсад 1929 оноос арбитрын байгууллагын эрх зүйн суурь тавигдаж, улмаар 1930 онд Арбитраж (Эдийн засгийн зөвлөлийн харьяа арбитрын комисс), 1940 онд Улсын арбитрын газар, 1960 онд Гадаад худалдааны арбитрыг тус тус байгуулж байжээ. Өдгөө МҮХАҮТ-ын дэргэдэх олон улсын арбитр 1960 оноос хойш үйл ажиллагаагаа явуулж байна. Монголын арбитрын байгууллага нь ажилласан жилийн туршлага, өмнө нь шүүгчээр ажиллаж байсан, эсэх, насны хязгаар зэргийг харж, арбитрчийг сонгодог. Өөрөөр хэлбэл, арбитрын шийдвэр үнэн, зөв байх, шийдвэрийг хүчингүй болгохгүй байхын тулд туршлагатай, мэргэжлийн хүн ажиллуулдаг гэсэн үг. Харин Хятадад олон улсын арбитрын маргааныг шийдвэрлэдэг хоёр том арбитрын комисс байдаг. Нэг нь Олон улсын далайн хэргийн арбитрын комисс, нөгөө нь Олон улсын эдийн засаг, худалдааны арбитрын комисс. Миний бие одоо хоёуланд нь арбитрчийн жагсаалтад албан ёсоор бүртгүүлэн, томилогдон ажиллаж байна. Хятадын арбитр арбитрчдыг сонгохдоо төгссөн сургууль, ажилласан жил, туршлага, гадаад хэлний мэдлэг, хятад хэлээр хэрэг хянан шийдвэрлэх чадвар зэргийг харгалзан томилдог. Тухайн орны хэлийг эх хэл шигээ эзэмшиж байж хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэх боломжтой. Арбитрчдын жагсаалтыг таван жилд нэг удаа шинэчлэн өөрчилдөг, тогтвортой ажиллуулдаг.
-Тэгэхээр та 2031 он хүртэл тогтвортой ажиллах нь. Арбитрын шүүх хуралдаанд та өмгөөлөгч, эсвэл шүүгчийн байр сууриас ханддаг уу?
-Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг удирдаж явуулж байгаа шүүгч л гэсэн үг. Хятадад хятад хүн л өмгөөлөх эрхтэй. Гадаадын хүн өмгөөлөхийг зөвшөөрдөггүй. Гэхдээ би тухайн улсад мөн өмгөөллийн үйл ажиллагаа явуулдаг. Итгэмжлэгдсэн төлөөлөгчийн үүднээс Монголын аж ахуйн нэгжүүдийг төлөөлж, эрх ашгийг нь хамгаалж, өмгөөллийн үйлчилгээ үзүүлдэг юм. Орчуулагчаар дамжуулан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох нь газар, тэнгэр шиг ялгаатай. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хятад өмгөөлөгч оролцоно гэдэг тул Монголын хуулийн этгээдүүд орчуулагчтай шүүх хуралд оролцдог. Орчуулагчид хууль, эрх зүйн мэдлэг тааруугаас болж, буруу ойлголцдог. Гэтэл үүний цаана асар их хэмжээний хөрөнгө оруулалт, олон хүний эрх ашиг, хөрөнгө санхүү гийн асуудал яригддаг. Үүнийгээ хамгаалахын тулд хэн ч шүүх хуралд чадварлаг өмгөөлөгчтэй оролцохыг хичээнэ. Хэдийгээр өмгөөлөгч сайн байсан ч орчуулагчийн алдаанаас болж ялагдах тохиолдол гардаг. Тиймээс манай бизнес эрхлэгчид хятад хэлтэй, хуульч гэдэг утгаар нь намайг итгэмжлэгдсэн төлөөлөгчөөрөө сонгож, Хятадад шүүх хуралд оролцуулах явдал цөөнгүй. Харин арбитр дээр арбитрч учраас өмгөөлөгч хийх боломж хязгаарлагдмал.
-Монгол, Хятадын Иргэний хууль, эрх зүйн тогтолцооны ялгаа танд хэр мэдрэгдэж байна. Жишээ хэлж өгөхгүй юү?
-Англо-Саксоны эрх зүйн тогтолцоо (Common Law), Эх газрын хуулийн систем (Civil Law) хоорондоо нэлээн ялгаатай. Монгол, Хятад хоёул Эх газрын эрх зүйн тогтолцоонд хамаардаг. Гэхдээ улс бүр хууль тогтоомждоо өөрийн орны онцлог, үндэсний аюулгүй байдлыг тусгасан байдаг. Жишээ нь, Хятад чөлөөт эдийн засагтай социалист улс. Үүнийгээ хуульдаа суулгаж өгсөн учраас зарим заалт нь өөр. Системийн хувьд ижил. Ялангуяа Хятадад худалдаа, бизнесийн үйл ажиллагааг зохицуулдаг худалдааны эрх зүйн тогтолцоо хөгжсөн. Өөрөөр хэлбэл, иргэний болон худалдааны эрх зүйг нэгдмэл байдлаар зохицуулдаг гэсэн үг. Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Хятадын шүүх тогтолцоо, хууль, эрх зүйн орчноос суралцах давуу тал бий. Үүнийг нь Монголынхоо хуулийн системд оруулах, нутагшуулах чиглэлээр хууль, эрх зүйн салбарынхантайгаа ярилцаж, санал бодлоо солилцдог. Хуулийн систем нь зөв байвал иргэн, бизнес эрхлэгч, хуулийн этгээд, шүүх байгууллагад аль алинд нь амар шүү дээ. Тухайлбал, Хятадад шүүх хуралдааны товыг зарлахдаа 5-6 сарын өмнө мэдэгддэг. Энэ хугацаанд тухайн хэргийг хэлэлцэх QR код бүхий систем үүсгэдэг юм. Үүнд шүүгч, туслах, нарийн бичгийн дарга, нэхэмжлэгч, хариуцагч болон тэдний өмгөөлөгч, итгэмжлэгдсэн төлөөлөгч зэрэг хэрэгт хамааралтай хүмүүс оролцдог. Мэдэгдэл хүргүүлэх албан ёсны маягт бөглөж, оролцогчид гарын үсэг зурж, тамгаа дарж, хүсэлт илгээснээр системд нэвтэрч орох эрхтэй болно. Тухайн системээр дамжуулан талууд тайлбараа өгч, нотлох баримтаа оруулах зэргээр хурлаас өмнөх шаардлагатай бүхий л мэдээллээ солилцдог. Шүүх хурал бол яг л товлосон цагтаа болно. Хэзээ ч хойшилдоггүй.
-Гэтэл манайд шүүх хурал хойшлох нь хэвийн үзэгдэл болсон шүү дээ.
-Магадгүй хэн нэгэнд нь гачигдал зовлон тохиолдож болно. Монголд өмгөөлөгч нар ихэвчлэн бие даасан байдалтай, хувь хувиараа өмгөөллийн үйл ажиллагаа эрхэлж, шүүх хуралдаанд оролцдог. Тиймээс “шүүх хурал давхацлаа, бие өвдсөн, ар гэрийн гачигдал” зэрэг шалтгаанаар шүүх хурлыг хойшлуулдаг. Харин Хятадад хуулийн фирмүүд нь тухайн хэрэгт хууль зүйн туслалцаа, өмгөөллийн үйл чилгээ үзүүлэх өмгөөлөгчөө томилсон бичгээ шүүх, арбитрт илгээж, шүүх хуралдаанд оролцдог. Өөрөөр хэлбэл, үйлчлүүлэгчид хуулийн фирмтэй нь гэрээ байгуулдаг гэсэн үг. Өмгөөлөгчид бүгд хуулийн фирмд харьяалагддаг, үйлчилгээ үзүүлж байгаа хэрэг болгоноос нь шимтгэл хураамж авдаг. Тиймээс тэдний өмнөөс болон үйлчлүүлэгчийн өмнө хуулийн фирм нь хариуцлага хүлээдэг. Хятадад олон сарын өмнөөс шүүх хурал зарладаг тул бүгд бэлтгэлтэй байх ёстой. Тухайн хэрэгт томилсон өмгөөлөгч нь шүүх хуралд оролцох боломжгүй болсон тохиолдолд хуулийн фирм өөр өмгөөлөгч томилох ёстой. Тиймээс шүүх хуралдаан хойшлох шалтгаан байдаггүй. Багаар ажилладаг учир тухайн фирмийн өмгөөлөгчид хэрэг болгоныг нарийн судалж, бусдадаа мэдээлэл өгч, харилцан зөвлөлдөн ярилцаж байдаг тул өмгөөлөгч солигдоход нэг их хүндрэл учирдаггүй. Ер нь хэргийн материалтай бүгд танилцсан байдаг гэсэн үг. Манайд бас өмгөөлөгч солигдлоо, хэргийн материалтай уншиж танилцана гэж шүүх хуралдааныг хойшлуулдаг асуудлыг Хятадад иймэрхүү маягаар зохицуулж байна. Шүүх хуралдаан товлосон цагтаа болсноор ачаалал нь ч багасдаг. Монголын шүүгч нар жилдээ 200 гаруй хэрэг шийдвэрлэх ёстой гэж бодоход тухайн жилдээ шийдвэрлэж чадаагүй үлдсэн хэргүүд дараагийхад шилждэг. Үүний зэрэгцээ тухайн жилд шинэ хэргүүд нэмэгдэж, шүүгчид ачааллаа дийлэхээ байдаг. Гэтэл тэр их том гүрэн, хэрэг маргаан ихтэй байсан ч шүүх хуралдааныг сунжруулж, удаадаггүй, цаг цагтаа л шийдвэрлээд явчихдаг.
-Товлосон цагтаа болсноор ямар нэгэн авлига, ашиг сонирхлын нөлөө ч бага байх нь. Хууль чангатай улс шүү дээ.
-Хятад авлигын эсрэг хатуу тэмцдэг улс учраас нөлөөнд автана гэсэн ойлголт бараг үгүй. Шүүх хурлыг хойшлуулж, шүүгчид нөлөөлөх боломж байхгүй.
ӨВӨР МОНГОЛЧУУД ХУВИЙН ТОГЛОЛТ ХИЙХ НЬ БИЙ
-Монгол дахь гадаадын хөрөнгө оруулалтын 90 орчим хувь нь Хятадын аж ахуйн нэгжүүд гэдэг. Хоёр орны бизнес эрхлэгчдийн худалдаа арилжаа, хөрөнгө оруулалтын тухайд голдуу ямар хэрэг, маргаан үүсдэг бол. Үүнийг хуулийн хүрээнд хэрхэн шийдвэрлэж байна вэ?
-Хятадууд гадаад улсад хөрөнгө оруулалт ихээр оруулдаг. Үүнийг нь Засгийн газраас нь дэмждэг, банк, санхүүгийн байгууллага нь маш бага хэмжээний хүүтэй зээл олгодог. Тухайлбал, бизнес эрхлэгчдэдээ жилийн 3-5 хувийн хүүтэй зээл өгдөг. Энэ нь маш их хэмжээний боломж нээж өгч буй хэрэг. Монголд уул уурхайн салбарт ихэвчлэн хөрөнгө оруулж байна. Зам, барилга, дэд бүтэц, сүүлийн үед эрчим хүчний чиглэлд хөрөнгө оруулах болсон. Энэ нь багахан хэмжээний бизнес, худалдааны асуудал биш учраас маш их хэмжээний хөрөнгө оруулалт шаарддаг. Гэсэн ч тэд зоригтойгоор хөрөнгө оруулж байна. Хятад хүмүүс бизнесийн ёс зүй, соёл өндөртэй учраас итгэлцлийг нэгдүгээрт тавьдаг. Гэтэл манайхан итгэлийг нь алдах тохиолдол цөөнгүй. Монгол, хятад хэлээр гэрээ байгуулсан ч орчуулга нь зөрүүтэй, алдаатай байдаг. Ялангуяа нотлох баримт, гэрээнд орчуулгын алдаа их гардаг. Мөн шүүх хуралдаанд хэргийг орчуулагч буруу зөрүү тайлбарлах нь бий. Миний бие Арбитр дээр арбитрчаар сонгогдон ажиллах үедээ иймэрхүү асуудлууд гарвал буруу ойлголтыг нь засаж, хэргийг үнэн зөв шийдвэрлэхэд туслалцаа үзүүлээд явдаг. Монголын хууль, эрх зүйн орчныг судлаагүйтэй холбоотой багагүй маргаан үүсэж байна. Өвөр монголчууд дунд нь зуучлах байдал түгээмэл. Зуучлаад хувиа авахыг Хятадын хуулиар хүлээн зөвшөөрдөг, нээлттэй. Тиймээс тэд монгол, хятад хэлтэй давуу байдлаа ашиглан, хувийн тоглолт хийх нь бий. Өөрөөр хэлбэл, хятадуудтай нийлж, Монголын талыг, эсвэл монголчуудтай үгсэж, хятад иргэдийг залилах тохиолдол нэлээд гардаг. Хэрэг, маргааныг харахад дунд нь өвөр монголчууд зуучилсан байдаг. Иймэрхүү маргаан их төвөгтэй, ээдрээтэй, олон оролцогчтой болоод явчихдаг. Жишээ нь, нүүрсний уурхайн ашиглалтын лицензтэй компаниудад хөрөнгө орууллаа гэхэд тухайн аж ахуйн нэгж нь нийгмийн даатгал, гааль, татварт ихээхэн хэмжээний өртэй, хувьцаа эзэмшигчдийн маргаан болон шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд асуудал үүсгэсэн байдаг. Энэ бүхнийг сайн судлахгүйгээр хөрөнгө оруулчихдаг, үүнээс үүдэлтэй хэрэг, маргаан их гардаг. Мөн Хятадын аж ахуйн нэгжүүд маргаан үүсвэл Хятадын шүүх, арбитраар шийдвэрлүүлнэ гээд гэрээндээ тусгачихдаг. Тухайлбал, хариуцагч нь Монголд байгаа үед Хятадын шүүхэд иргэний хэрэг үүсгэхэд ээдрээтэй байдал үүсдэг. Манай хуулиар бол хариуцагчийн оршин суугаа хаягаар нь нэхэмжлэл гаргаж, хэрэг үүсгэдэг. Хариуцагч нь Монголын хуулийн этгээд бол хуулийн дагуу Монголын шүүхэд нэхэмжлэл гаргах ёстой. Тэгэхээр хуулийн этгээдүүд хууль, тогтоомжийг хэрхэн зөв ашиглахаа мэдэхгүйгээс маргаан байнга гардаг.
-Орчуулгын алдаанаас болж хохирсон жишээ хэлж өгөхгүй юү?
-Ийм тохиолдол олон. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд орчуулгын алдаанаас болоод олон жилийн ял авсан хятад хүн бий. Жишээ нь, 2019 онд БНХАУ-ын 800 гаруй иргэн Монголд цахим залилан, мөрийтэй тоглоом эрхлэхийг завдсан хэмээн эрүүгийн хэрэг үүсгэн, хянан шийдвэрлэсэн. Хэргийг удирдан толгойлсон гэх хятад хүнийг Хонконгийн банкаар дамжуулан мөнгө угааж, түүнийгээ Монголд оруулж ирсэн хэмээн гэмт хэргийн зүйлчлэл нь нэмж, ял нь нэмэгдсэн байгаа юм. Тухайн хүнийг гэмт хэрэгт яллаж шийдвэрлэсний дараа хүсэлтээр нь хорих ангид очиж хууль зүйн туслалцаа үзүүлж байхад тухайн хэргийг эргэн сөхөж судалтал тэр буруутгаж хамааруулж ялласан хэрэг нь Хонконгт хаагдчихсан, тэр хүнд хамааралгүй байсан. Хонконгийн цагдаагийн газрын бичгийг үндэслэн, давхар ялласан. Шалгаж байна гэдгийг нь хэрэг үүссэн мэтээр орчуулгын алдаа гаргасан байна лээ. Ямар ч нотлох баримтад орчуулгын алдаа гаргаж болдог. Гэтэл шүүгч хүний үхэл, амьдралын асуудлыг шийддэг шүү дээ. Үйлчлүүлүүлэгчдийн маань 70 орчим хувь нь хятад хүн, аж ахуйн нэгж байдаг. Тиймээс хэрэг маргаан ихэвчлэн Хятадад болдог тул тухайн улсын хууль тогтоомжийг хэрэглэдэг. Хонконг Англо-Саксоны эрх зүйн тогтолцоотой учраас арай ялгаатай. Тэнд эрүүгийн хэрэг дээр ажиллаж байсан. Тэд хятад хэлээр ярихыг хүсдэггүй, ихэвчлэн англиар ойлголцоно. Гэвч Хонконг Хятадын нэг хэсэг болчихлоо шүү дээ. Сүүлийн үед анзаараад байхад хуулийн системийн тогтолцоогоо Хонконгт нутагшуулж эхэлсэн.
МАНАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН САЛБАРТ БАГИЙН АЖИЛЛАГАА ЧУХАЛ
-Арбитрын шүүхийн тухайд маргаан үүсвэл хаана шийдвэрлэхийг гэрээндээ зааж өгч болдог байх аа.
-Тийм ээ. Гэрээндээ маргаан гарвал аль улсын ямар арбитраар шийдвэрлүүлэхээ тодорхой заагаад өгчихвөл амар байдаг. Хариуцагч нь монгол, орос, хятад байна уу, хамаагүй арибтрын ажиллагаанд заавал оролцох ёстой. Гэрээнд заасан албан ёсны хаягаар нь мэдэгдэл хүргүүлнэ. Хятадын талаас манай шүүхээр дамжуулан тухайн хуулийн этгээдэд мэдэгдэл хүргүүлдэг. Хүмүүс мэдэгдлийг хүлээж авахгүй, эсвэл авсан ч гадаадад очиж оролцох боломжгүй гээд тоохгүй өнгөрөөчихдөг. Гэхдээ арбитрын шүүх хурал болдгоороо л болно. Гэтэл манайхан гадаадын шүүх байгууллага Монголд ирээд намайг яаж ч чадахгүй мэтээр хайнга ханддаг. Энэ нь цаанаа ихээхэн хор уршигтай. Мэдэгдлийг авсан даруйдаа өмгөөлөгчид хандаж, яаралтай Хятадын арбитр дээр өөрийгөө хамгаалах тайлбар, нотлох баримтаа бүрдүүлэн, оролцох шаардлагатай. Арбитр нэг удаа хуралдана, гаргасан шийдвэр нь эцсийнх байдаг. Давж заалдах боломжгүй. Процессын алдаа гаргасан тохиолдолд л давж заалдана уу гэхээс, шийдвэрийн агуулга руу ордоггүй. Тэгэхээр Хятадын арбитр процессын алдаа гаргахгүй. Ингээд таныг арбитрын шүүх хуралд очсон, очоогүй шийдвэрээ гаргаж, гүйцэтгэх ажиллагаа явуулснаар маш их хэмжээний өр төлбөрт унах нь бий. Тодруулбал, Монголын шүүх Хятадын арбитрын шийдвэрийг хүлээж аваад, шийдвэр гүйцэтгэх захирамж гаргана. Ингээд заавал биелүүлэх ёстой болдог.
-Шүүх хуралдааныг даргалагчаа өөрсдөө сонгодог гэв үү?
-Арбитр нь олон улсын худалдааны маргаанд хамгийн зохимжтой тогтолцоо. Нэхэмжлэгч, хариуцагч тал өөрсдөө арбитрчаа сонгодог. Тухайлбал, монгол хүнээ хайвал миний нэр арбитрчдын жагсаалтаас гараад ирнэ. Мөн олон улсын гэрээ, худалдаа, хөрөнгө оруулалт, уул уурхай зэрэг мэргэшсэн чиглэл нь тодорхой байдаг. Хятадууд хятад, монголчууд монгол хүнээ сонгодог. Харин хоёр арбитрч дундаасаа гуравдахь даргалагч арбитрчаа сонгоно. Тэгэхээр нэг хэрэг маргаанд гурван арбитрч оролцож, шийдвэр гаргадаг гэсэн үг. Мөн аль улсын хуулийг хэрэглэхээ сонгож болдог. Өөрөөр хэлбэл, арбитрч, хэрэглэх хууль, хурал болох байршлаа сонгодгоороо давуу талтай.
-Монголд хууль хэрэгжүүлэхгүй байгаа шалтгааныг та юу гэж харж байна. Хэрхэн засаж сайжруулах боломжтой бол?
-Докторт сурч байхад багш нар бараг хичээл ордоггүй. Хууль тогтоомж байнга шинэчлэгдэн, засаж сайжруулах шаардлагатай байдаг. Тиймээс хуулийн төслүүдийг магистр, докторуудаар хэлэлцүүлж, мэтгэлцээн өрнүүлдэг. Хичээлийн цагаар ихэнхдээ хуулийн төсөл дээр мэтгэлцдэг байлаа. Өөрчлөх шаардлагатай хуулийн заалтад тохирсон жишээ гаргаж ирээд мэтгэлцүүлдэг. Тухайн хууль нь бусад хууль тогтоомжийн уялдаа холбоог хангах ёстой учраас бид сайн судалж, мэтгэлцэнэ. Хуулийн төсөлд цахимаар санал авдаг тул үүнийг нь хууль боловсруулагчид харж, амьдралд ийм асуудал үүсэж болох юм гэдгээр нь засаж сайжруулдаг. Мөн эрдэм шинжилгээний хурал олноор зохион байгуулж, судлаачдаар хэлэлцүүлсний дараа хуулиа баталдаг. Түүнээс манай УИХ шиг хууль батлах гэж гишүүд нь дэвэн дэлхийн хамаг юм хамж яриад, гол асуудалдаа орохгүй байна гэж үгүй. Судалгааны байгууллагууд нь маш их санхүүжилттэй. Гэтэл манайд судлаач дад зориулсан төсөв мөнгөгүй учраас хуулийн төслийн ажлын хэсэг нэрээр хэдэн хүн хэлэлцүүлэг өрнүүлж, өөр өөр өнцгөөс тайлбарлаж, бүх түвшинд хянаж, найруулаагүй учраас урагшилдаггүй. Хэдийгээр хуулийн төсөлд цахимаар санал авдаг ч мэргэжлийн судлаач нар чин сэтгэлээсээ санал боловсруулж өгөх нь ховор. Зөрчлийн тухай хууль гэхэд бусад хууль тогтоомжийнхоо уялдаа холбоог хангаагүй шүү дээ.
-Цаашид хоёр улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжих талаар танд төлөвлөсөн ажил бий юү?
-Би 2015 онд ХХААХҮЯ-нд ажиллаж байхдаа Өвөр Монголын Ардын засгийн газартай хамтарч Монгол-Хятадын экспо зохион байгуулах анхны санамж бичиг байгуулсан юм. Анхдугаар экспог Хөх хотод зохион байгууллаа. Монголын аж ахуйн нэгж, жижиг, дунд бизнес эрхлэгчдийн бараа, бүтээгдэхүүнийг Хятадын зах зээлд гаргах, ялангуяа “Табоа”, “Алибаба” худалдааны цахим сайтад эх орныхоо бараа, бүтээгдэхүүнийг сурталчлан таниулах зорилгоор зохион байгуулав. 2017 онд мөн хоёрдугаар экспо худалдааны зохион байгуулаг чаар ажиллаж, салбар бүрт 25 арга хэмжээ явуулсан. Тухайн үед хөрөнгө оруулалт татах чиглэлээр хамтын ажиллагааны олон гэрээ хийсэн. Стратегийн шинжтэй гэрээ хүртэл байгуулсан юм. Урд хөршийн 10 000, Монголын 3000 гаруй аж ахуйн нэгж, бизнес эрхлэгч оролцсон. 10 гаруй чингэлэг барааг Хятадын хилээр татваргүй нэвтрүүлж, долоо хоногийн хугацаанд бүх бараа, бүтээгдэхүүнийг зарж дууссан. Мөн монгол малынхаа махыг экспортлох зэрэг үйл ажиллагааг эхлүүлсэн. Энэ бүхнийг зохион байгуулж байхдаа манай иргэдэд хууль, эрх зүйн чиглэлээр асуудал, маргаан үүсдэгийг олж харан, тухайн улсын хууль, тогтоомжийг судалсан юм. Хятадууд “Хамтдаа хөлжиж, хамтдаа хөгжье” гэдэг уриатай, бүх зүйлээ хамтарч хийдэг. Манай хууль, эрх зүйн салбарт ч багийн ажиллагаа чухал.