Монголын хөрөнгийн бирж (МХБ)- ийн “Хөрөнгийн зах зээлийн хөрвөх чадварыг нэмэгдүүлэх тусгай хөтөлбөр”-ийн хүрээнд “Тэнгэр капитал ҮЦК” компанийг зах зээл үүсгэгчээр бүртгэж, хамтын ажиллагааны гэрээ байгуулжээ. Зах зээл үүсгэгч нь үнэт цаасны арилжаанд хувьцаа худалдан авах, худалдах үнийн саналыг тогтмол байршуулж, захиалгын биелэлт, зах зээлийн хөрвөх чадварыг сайжруулах, үнийг бодитой тогтоон, ил тод байдлыг хангахад чухал үүрэг гүйцэтгэдэг аж. Түүнчлэн зах зээл үүсгэгчээр бүртгүүлсэн компаниудын арилжааны шимтгэлийг 2029 он хүртэл тэглэсэн, тэдгээрт арилжааны мэдээллийг үнэ төлбөргүйгээр хүргэж буй бодлогын шийдвэрүүдийн үр дүнд ийнхүү эл чиглэлээр ажиллах компанийн тоо өсөж байгаа гэнэ. Цаашид зах зээлийн оролцогч талуудтай хамтран хөрвөх чадварыг нэмэгдүүлж, хөрөнгийн зах зээлийг илүү идэвхтэй, ил тод, хөрөнгө оруулагчдад хүртээмжтэй болгон хөгжүүлэхэд анхаарч буйгаа МХБ-ээс мэдээллээ.
С.Цэрэн