Эртний махчин үлэг гүрвэл Тираннозавр рексийн эсээс гарган авсан материалаар урласан гар цүнхийг өнгөрсөн пүрэв гарагт Парисын дуудлага худалдаанд оруулсан ч хангалттай үнэ хүрээгүй байна. Уг дуудлага худалдааг зохион байгуулсан “Giquello” компанийн зү гээс уг цор ганц, дахин давтагдашгүй бүтээлийг 500 мянган ам.доллароос дээш үнээр зарна гэх найдлагатай байсан ч хамгийн өндөр дүн дөнгөж 150 мянган ам.доллар хүрчээ. Тус гар цүнхийг анх энэ хавар Нидерландын Амстердам хотноо олон нийтэд танилцуулсан юм. Уг бүтээлийн материалыг 25 жилийн өмнө АНУ-ын Монтана мужаас олдсон Тираннозавр рексийн гуяны ясны чулуужсан үлдэгдлээс гаргаж авсан гэнэ.
Палеонтологийн шинжээч Иакопо Бриано эл дуудлага худалдааны талаар AFP агентлагт өгсөн ярилцлагадаа “Бид сүүлийн жилүүдэд эсийн өсгөврийн орчинд лабораторийн аргаар жинхэнэ арьс үүсгэх боломжтой биотехнологийн аргуудыг идэвхтэй хөгжүүлсэн. Ийм материалыг хуванцар холилдсон арьснуудтай харьцуулшгүй. Уг гар цүнхийг 67 сая жилийн өмнө мөхсөн амьтнаас гаргаж авсан арьсаар хийснээрээ онцлог” гэжээ. Дуудлага худалдааг зохион байгуулсан Александр Гикьелло “Өмнө нь ийм төрлийн бүтээгдэхүүнийг зах зээлд борлуулж байгаагүй тул үнэ тогтоох жишиг байсангүй. Гэхдээ бид суурь үнэлгээг тогтоохдоо цүнхийг бүтээхэд гарсан зардал, түүхий эдийн ховор, давтагдашгүй шинжийг харгалзсан. Ийнхүү 300-500 мянган еврогийн хооронд үнэлсэн” хэмээсэн байна.
Д.Сэлэнгэ