Хувь хүний орлогын албан татварыг нэг хувь болгох өөрчлөлт бүхий төслийг гишүүн Ж.Баярмаа өнгөрсөн гуравдугаар сард УИХ-д өргөн барьсан юм. Тэгвэл Засгийн газраас тавдугаар сард өргөн барьсан татварын багц хуулийн төсөл дунд ч ийм хууль бий. Эдгээр төслийг хэлэлцэхийг нэгдсэн чуулганаар дэмжсэн тул ажлын хэсэг байгуулж, нэгтгэхээр болсон юм. Эл ажлын хэсэг уржигдар хуралдаж төслийг нэгтгэхдээ хоёр сая хүртэлх орлогыг л нэг хувийн татвартай болгоё гэжээ. Нийт цалин авч буй иргэдийн 53 хувь нь энэ ангилалд багтах учраас зорилгынхоо ядаж талыг хэрэгжүүлэх боломжтой болж буй юм. Мөн 792 мянган төгрөгөөс дээш цалинтай иргэдийг ХАОАТ-аас чөлөөлөхөөр тусгасан гэнэ. Эл өөрчлөлтийг баталбал хоёр сая төгрөг болон түүнээс дээш цалинтай иргэд гар дээрээ сард 188 мянган төгрөг авч үлдэх нь. Одоо ийм хэмжээний цалинтай иргэн дээрх татварт 200 мянган төгрөг төлдөг бол 12 мянгыг өгнө гэсэн үг. Таван сая төгрөгийн цалинтай бол 500 мянгыг бус, 312 мянгыг төлөх юм байна.
С.Уул