Түүхэнд анх удаа АНУ, Мексик, Канад гэсэн гурван улс хамтран зохион байгуулж буй хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн (ДАШТ) энэ сарын 11-нд албан ёсоор хөшгөө нээлээ. 23 дахь удаагийн ДАШТ гурван улсад зэрэг нээлтийн ёслол хийснээрээ онцлог бөгөөд өмнөх жилүүдийнх шиг урт, сунжирсан хөтөлбөргүй байв. Тухайлбал, Мексик дэх нээлт 16 минут 30 секунд, харин Канад, АНУ-ынх ердөө 13 минут орчим үргэлжилж, үзэгчдийг залхаалгүйгээр шууд л ногоон талбайн “тулаан”-ыг эхлүүлсэн юм. Ийнхүү дэлхийн өнцөг булан бүрд суугаа хөл бөмбөгийн хорхойтнуудын нойр хулжсан, баяр догдлол, өрсөлдөөн дүүрэн өдрүүд эхэллээ.
Нийт 13.9 тэрбум ам.долларын өртөгтэй СПОРТ Хөл бөмбөгийн түүхэн дэх хамгийн нүсэр ДАШТ эл тэмцээн нь 1994 оноос хойших ДАШТүүдээс зардлаараа дөрөвдүгээрт эрэмбэлэгдэж буй. Гэхдээ үүнийг “Катар-2022”-ын 220 тэрбум ам.долларын нүсэр зардалтай харьцуулбал хавьгүй бага үзүүлэлт юм. Катар улс дэлхийн аваргыг угтан шинэ цэнгэлдэх хүрээлэн, зам тээвэр, дэд бүтцийг тэгээс нь эхлэн босгосон бол хойд Америкийн гурван улсад дэлхийн стандартад нийцсэн стадионууд болон хөгжсөн бүтээн байгуулалт нь хэдийн бэлэн байв. Тэд шинэ байгууламж барихын оронд бэлэн нөөц боломжоо ашиглаж, зардлаа хэмнэжээ.
Үүний зэрэгцээ орлогын хувьд энэ удаагийн тэмцээн шинэ дээд амжилт тогтоох төлөвтэй байна. ФИФА уг ДАШТ-ээс нийт 10.9 тэрбум ам.долларын орлого олохоор тооцоолсон нь “Катар-2022”-ынхоос даруй 56 хувиар өндөр үзүүлэлт аж. Харин тэмцээнийг зорих хөгжөөн дэмжигчид зардлаа эртнээс тооцохгүй бол хэтэвчээ хоослоход хүрэхээр байна. Тасалбар, хот хоорондын нислэг, зочид буудлын төлбөр зэргийг нэгтгэн тооцоход хэсгийн шатны нэг тоглолт үзэхэд дунджаар 5744 ам.доллар зарцуулна. Харин хагас шигшээ шатны тоглолтыг цэнгэлдэхээс үзэхэд 14 434 ам.доллар шаардлагатай гэх тооцоо гарчээ.
Түүхэн дэх хамгийн нүсэр бүтцэд тооцогдож буй энэ удаагийн ДАШТ-ий 104 тоглолт 16 хот дамнан өрнөх бөгөөд аваргын төлөөх шийдвэрлэх тулаан ирэх сарын 19-нд АНУ-ын Нью-Жерси муж улсын “MetLife” цэнгэлдэх хүрээлэнд болно. Мөн оролцогч багуудын тоог 32-оос 48 болгон нэмэгдүүлснээр Узбекистан, Йордан, КабоВерде, Кюрасао гэсэн дөрвөн улс дэлхийн аваргын ногоон талбайд анх удаа хөл тавьж, шинэ түүх бичиж байна. Тэр дундаа Азийн төлөөлөл Узбекистан, Йорданы багуудын тоглолт хөгжөөн дэмжигчдийн анхаарлыг ихэд татаж буй. 48 баг өрсөлдөж буй шинэ формат нь зөвхөн тэмцээний цар хүрээг тэлээд зогсохгүй тактик, тоглолтын өнгө төрхийг ч өөрчилж буй юм.
Мэдээж хөл бөмбөгийн супер одод энэ удаагийн ДАШТ-ий гол сэдэв хэвээр байна. Францын шигшээг дахин оргилд хүргэх зорилготой Килиан Мбаппе, Английн найдвар Жуд Беллингем, Бразилын довтолгооны манлайлагч Винисиус Жуниор нар өөрсдийн эрин үеийг тунхаглахаар талбайд гарч буй. Нөгөө талд хөл бөмбөгийн амьд домог гэгддэг Лионель Месси, Криштиану Роналду нарын хувьд энэ нь дэлхийн аваргын “сүүлчийн бүжиг” байх магадлалтай. Тэгэхээр тэдний талбайд өнгөрүүлэх хором мөч бүр, оруулсан гоол, хийсэн дамжуулалт бүхэн хөл бөмбөгийн түүхийн шинэ хуудас болон үлдэх юм.
У.Сүрэн