МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн Биологийн тэнхим, БНСУ-ын Чанвон үндэсний их сургуулийн судлаач дын хамтарсан баг Баянхонгор аймаг дахь Их Богд уулнаас ортуузын төрлийн гурван шинэ зүйлийг илрүүлж, дэлхийн ургамлын аймагт бүртгүүлжээ. Судлаачид уг ургамлуудад Их Богдын ортууз (Oxytropis ikhbogdicus), Жамсрангийн ортууз (Oxytropis jamsranii), Даариймаагийн ортууз (Oxytropis dariimae) хэмээх шинжлэх ухааны нэршил оноосон байна.
Дэлхий дахинд ортуузын төрлийн 600-гаад зүйлийн ургамал байдгаас Төв Азийн уулархаг бүсэд 170 орчмыг нь бүртгэжээ. Эдгээрээс Монголд 100 гаруй зүйл нь тэмдэглэгдсэнээс дөрөв нь эндемик буюу зөвхөн тухайн бүс нутагт л ургадаг ховор зүйл аж. Тэгвэл дээрх экспедицийнхэн манай орны эндемик ургамлын тоог нэгээр нэмжээ. Буурцагтны ангилалд хамаарах гурван шинэ зүйлээс Их Богдын ортууз зөвхөн манай оронд ургадаг эндемик зүйл ажээ.