Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Нүд судлалын мэс заслын тасгийн хамт олон АНУ-д төвтэй “Virtue Foundation”-ий эмч нартай хамтран долоо хоногийн хугацаанд эвэрлэг бүрхүүлийн эмгэгтэй 42 хүнд үзлэг, оношилгоо хийжээ. Үзлэгийн явцад хараа нь эрс буурсан, эвэрлэг бүрхүүл шилжүүлэн суулгах мэс засал хийлгэх шаардлагатай зургаан хүнд өндөр түвшний, нарийн мэргэжлийн хагалгаа хийж, харааг нь сэргээсэн байна. Тухайлбал, эвэрлэг бүрхүүлийг бүтэн давхаргаар нь шилжүүлэн суулгах мэс заслыг гурав, эвэрлэгийн эндотелийн давхаргыг шилжүүлэн суулгах хагалгааг мөн тооны өвчтөнд хийсэн аж.
Дээрх мэс заслыг тус байгууллагын эвэрлэг, болрын мэс засалч Лила Ражу, УНТЭ-ийн эвэрлэг, болрын мэс засалч Т.Ундармаа нар удирдаж, нүд судлал, мэдээгүйжүүлэг болон хагалгааны тасгийн эмч, сувилагч, асрагч нар оролцсон байна. Ингэснээр Монгол Улсад эвэрлэг бүрхүүлийн нарийн мэргэжлийн тусламж, үйлчилгээг хөгжүүлэх, дэлхийн жишигт нийцсэн дэвшилт технологи, эмчилгээний арга барилыг нэвтрүүлэхэд ихээхэн хувь нэмэр оруулжээ.
Ч.Цэлмэг