Атлантын өмнөд хэсэгт хийсэн далайн амьтдын тооллогын үеэр шинжлэх ухаанд танигдаагүй 1121 шинэ амьтан илрүүлсэн талаар “New scientist” сэтгүүлд мэдээлжээ.
85 орны 1400 гаруй судлаачийг хамруулан далайн амьтдын газрын зураг бүтээх “Ocean сensus” төслийн хүрээнд нэг жилийн хугацаанд хийсэн тооллогоор “илчлэгдсэн” амьтдын ихэнх нь далайн гүнийх. Энэ ажлын сүүлийн гурван жилийн тайланд мэргэжилтнүүдийн онцолсноор дэлхийн хамгийн бага судлагдсан экосистемүүдийн нэг болох далайн гүнээс энэ мэтээр илрүүлсэн төрөл, зүйлийн тоо жил бүр 54 хувиар нэмэгдэж байгаа нь техник, технологийн хөгжилтэй салшгүй холбоотой. Далай, тэнгисийн амьдрал уур амьсгалын өөрчлөлт болон хүний үйл ажиллагаанаас шалтгаалан асар их бэрхшээлтэй тулгарч буй. Ялангуяа далайн уурхайн олборлолт, тээвэрлэлт зэрэг нь бодит заналхийлэл болсныг CNN тэмдэглэжээ. Шинээр бүртгэгдсэн амьтдаас нэлээд анхаарал татсан ер бусынх нь далайн өд (рennatulacea)-ний төрөл зүйл бөгөөд Атлантын өмнөд хэсгийн Сэндвич арлын 805 метрийн гүнээс олсон байна. Шувууны өд шиг хэлбэртэй эл зүйл нь шүрэн хадны колонийн ургацаг. Шүрэн ургацаг гэсэн үг. Ургацаг гэхээр жижиг жижиг тусдаа зүйл биш, бүхэлдээ нэг биет. Тодруулбал хэдэн мянган жижиг, тусдаа ургацгаас бүрддэг бөгөөд далайн шаварлаг, элсэрхэг ёроолд бэхлэгддэг. Хүн төрөлхтөн далай, тэнгис дэх төрөл зүйлийн 90 хүртэлх хувийг судлаагүй байгааг багийнхан тайлбарлаад тэдгээрийг баримтжуулахаас өмнө олон зүйл нь устаж үгүй болох нь хамгийн харамсалтайг анхааруулав.
Ташрамд дуулгахад үүнтэй адил нэгэн нээлтийг Номхон далайд хийжээ. “Journal of fish biology” сэтгүүлд өгүүлснээр нэн ховор зүйлийн гоблин хэмээх аварга загасыг далайн 2000 метрийн гүнд илрүүлсэн бөгөөд гурав гаруй метр урт энэ амьтны бичлэгийг анх 2019 онд алсын удирдлагатай хэрэгсэл (ROV)-ээр авсан ч бодитоор “уулзаж” чадалгүй өдий хүрсэн аж.
Э.Хана