Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн ойн хүрээнд “Чингис хааны тайлга тахилга” сэдэвт эрдэм шинжилгээний хурал “Чингис хаан” үндэсний музейд өнгөрсөн баасан гарагт боллоо. Хурлаар Чингис хааны тахилга, түүний дэг ёс, түүхэн уламжлалын талаарх судалгааны сүүлийн үеийн үр дүнг танилцуулж, тахилгын сан судар болон “Эрчис шүтээн-Эзэн Чингис хаан” бүтээлийг олны хүртээл болгосон юм. Мөн Чингис хааныг тахин дээдэлж ирсэн уламжлал, түүний түүх, өв соёлыг хожмын монголчууд хэрхэн ойлгож, хүндэтгэн хадгалж ирсэн талаар дотоод, гадаадын судлаачид илтгэл хэлэлцүүлжээ. Эл арга хэмжээнд 10 гаруй судлаач илтгэл тавьж, 70 гаруй эрдэмтэн оролцсон байна. ШУА-ийн Түүх, угсаатны зүйн хүрээлэнгийн Эртний түүхийн салбарын эрхлэгч, доктор Г.Алтансүх хаан хэмээх ойлголт нүүдэлчдийн төрт ёсны соёл болон тэнгэр шүтлэгтэй хэрхэн холбогдож ирсэн талаар илтгэлдээ онцоллоо.
Тэрбээр “Хаан” хэмээх ойлголт хүн төрөлхтний сэтгэлгээний хөгжлийн явцад төлөвшсөн бөгөөд нүүдэлчдийн хувьд МЭ-ий I мянганы дунд үеэс томоохон бэлгэдэл, загвар дүр болон бүрэлдсэн гэж үзэж байна. Энэ нь төр улс төлөвшин бий болсонтой шууд холбоотой аж. Нүүдэлчдийн эртний домог зүйн сэтгэлгээнд хаан хэмээх ойлголт тэнгэр шүтлэгтэй салшгүй холбогдож, Хүннүгийн шаньюй нараас Түрэгийн Билгэ хаан, цаашлаад Чингис хааны үе хүртэл уламжлагдан хөгжжээ. Улмаар хаан, тэнгэр, төрийн сүр хүч гэсэн ойлголт харилцан уялдаж, хааныг тэнгэрийн ивээлийг хүртэгч, ард олондоо дээд хүчний ивээл хайрлагч хэмээн үзэх ойлголт тогтсон байна. Түүний хэлснээр энэ нь зөвхөн Чингис хаанд хамаарах ойлголт бус, нүүдэлчдийн үзэл санаанд хаад өөрсдөө томоохон шүтээн байсныг илтгэх уламжлал аж. Хаан нас эцэслэсний дараа тэнгэртээ халин, шүтээний хувьд өөр төлөвт шилжин оршсоор байдаг хэмээн үзжээ. Ийнхүү нас барсны дараа ч хааны шүтлэг улам батжин, өөр ертөнцөд оршсоор байна гэсэн уламжлалт ойлголт бий болсон гэнэ. Тэрбээр энэхүү уламжлалыг нүүдэлчдийн төрт ёсны соёлын чухал өвийн нэг хэмээн тодорхойлж, 2000 гаруй жилийн турш өвлөгдөн ирсэн үнэт өвийг түүхэн эх сурвалж, уламжлалт ёс жаягт нь тулгуурлан, зохистой хэм хэмжээнд хадгалж, хойч үедээ өвлүүлэх шаардлагатайг онцолсон юм.
У.ЦЭЦЭГ