Монголбанк үндэсний түүх, соёл, байгалийн өвийг олон нийтэд сурталчлан таниулах зорилгоор дурсгалын зоосны шинэ цуврал гаргахаар төлөвлөжээ. Ингэхдээ “Чингис хаан” дурсгалын зоосыг үргэлжлүүлэн үйлдвэрлэхийн зэрэгцээ 2027 онд “Монгол Улсын хаад”, “Төрийн тахилгат уулс” цувралыг олон нийтэд хүргэхээр ажиллаж буй гэнэ. Үүний хүрээнд Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч Э.Анар Лихтенштейн Улсын “Койн инвест” компанийн гүйцэтгэх захирал Йохан Бернерийг хүлээн авч уулзжээ. Уулзалтаар дурсгалын зоосны үйлдвэрлэл, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцсон байна.
Төвбанк тус компанитай 1996 оноос хойш хамтран ажиллаж, үндэсний түүх, соёл, байгалийн өвийг харуулсан дурсгалын зооснуудыг олон улсын стандартад нийцүүлэн үйлдвэрлэж иржээ. Монгол Улс дурсгалын зооснуудаараа олон улсын нэр хүндтэй үзэсгэлэн, уралдаанд удаа дараа амжилт гаргаж, үндэсний өв соёлыг дэлхийд сурталчлахад хувь нэмэр оруулсаар ирсэн. Тухайлбал, 2009 онд Берлин хотноо болсон олон улсын үзэсгэлэнгээс “Нохой зээх”-ээр шилдэг зоос, 2013 онд “Шар шувуу”-гаар хамгийн алдартай зоос хэмээх шагнал тус тус хүртжээ. Мөн 2023 онд “Best paleo coin award”-аас шилдэг эртний амьтны сэдэвт зоос шагнал хүртэж байв.
Э.СОНДОР