Их зохиолч, соён гэгээрүүлэгч Д.Нацагдоржийн мэндэлсний 120 жилийн ой энэ онд тохиож буй. ССАЖЗЯ, ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн, Монголын зохиолчдын эвлэл, “Чингис хаан” үндэсний музей зэрэг холбогдох байгууллагынхан их зохиолчийн амьдрал, үйл хэргийг олон нийтэд таниулах, уран бүтээл, үзэл санаа, соёлын өвийг судалгааны шинэ арга зүйгээр баяжуулж, олон улсын түвшинд түгээн дэлгэрүүлэхэд чиглэсэн үзэсгэлэн, эрдэм шинжилгээний хурал зэрэг олон арга хэмжээг энэ өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулж байна. Энэхүү ойг тохиолдуулан утга зохиол судлаач, шүүмжлэгч Х.Чойдогжамцын “Д.Нацагдоржийн “Харанхуй хад” өгүүллэгийн арга, сэтгэлгээний нөлөөлөл, шинэчлэл” сэдэвт судалгааны өгүүллийг уншигчдадаа хүргэж буйг хүлээн авна уу.
I хэсэг Монголын уран зохиолд дэлхийд үнэлэгдэх баялаг өв туурвисан сод зохиолчдын нэг бол Д.Нацагдорж билээ. Бид “Харанхуй хад” өгүүллэгийг XX зуунд дахин давтагдашгүй өвөрмөц урлалтай дэлхийн зохиолуудтай харьцуулан шинэлэг онол арга зүйгээр хандан шинжилж, үнэт зүйлийг нь нээн тодруулахыг зорилоо. Тухайн цагт Монголын уран зохиолд ямар учраас ийм содон сонин эрэлхийлэлтэй зохиол гарах болсон, “Харанхуй хад” өгүүллэгийг яагаад заавал анхааран судлах учир¬тайг профессор Ч.Билигсайхан гярхай ажигласан байдаг. Тэрээр “Монгол сонгомол түүхэн зохиолын язгуур уламжлал XX зуунд илэрхий бууралтад орсон байна. Энэ нь Монголд түүхэн уран зохиол, эрдэм шинжилгээ судалгааны бүтээл, сэтгүүл зүйн эсээ төрөл зэрэг эрт үеэс нэгдмэл байдалтай оршин байсан бичлэгийн арга чиглэл, зарчим XX зууны Европын соёлын эрчимтэй хөгжлийн дэлгэрлийн нөлөөний эрхээр тус тусдаа бие даан салж хөгжих болсонтой холбоотой.
Тиймээс XX зууны эх буюу 1930-аад оны үеэс монгол түүхэн уран зохиолын бичлэгийн өнгө аяс уран сайхны утга зохиолдоо аажмаар шингэх үзэгдэл эхэлсэн бололтой. 1930-аад оны дөнгөж эхээр бичсэн Д.Нацагдоржийн “Хуучин хүү”, “Хөдөө талын үзэсгэлэн” гэх мэт богино төрөл, С.Буяннэмэхийн “Малчин Товуудай” тууж зэргээс харахад түүх орчин үе хоёр, баримт, уран санааны зүйл хоёр тэнцүү маягтай болж ирсэн бол төдий л удалгүй уран санааны зүйл нь илэрхий давамгайлах болжээ. Д.Нацагдоржийн гучаад оны эхээр бичсэн “Ламбагуайн нулимс”, “Цагаан сар ба хар нулимс”, “Үзэгдээгүй юм” зэрэг өгүүллэгт илэрхий уран санааны дүрслэл тодорхой үзэл суртлын нөлөө хоёртод мэдрэгдэж байдаг... Д.Нацагдоржийн “Харанхуй хад” хэмээх богинохон эсээ юуны тухай вэ? Юу бодож зохиолч үүнийг бичив гэдгийг хэчнээн олон талаас нь харж янз янзаар таамаглан бичиж болно.
Гэвч тэр үедээ Д.Нацагдорж юу бодож ямар зорилгоор бичсэнийг өнөөдөр ямар ч суут судлаач гаргаад ирж чадахгүй биз ээ...” гэжээ. Онцолж “Харанхуй хад” бол яг энэ шилжилтийн заагийн оргил бүтээл болохыг мэдэгдсэн байна. Их зохиолч Д.Нацагдорж Герман улсад (1926-1929, Берлин, Лейпциг) суралцсан билээ. Д.Нацагдоржийн уран бүтээл, онцлон “Харанхуй хад” өгүүллэгийг нь судлаач Ч.Болдбаатар, Э.Тог¬туун нар психоаналитик тэмдгийн үүднээс шинжлэн үзээд: “Түүнийг сурч байх үед “Гүүр”(Die Bruche)”, “Хөх морьтон” (Der Blaue Reiter) гэхчлэн зураачдын бүлэглэл ид гаарч умард Европыг дагуулсан төдийгүй утга зохиолын хэл хэллэгийг цоо сэргэгээр өөрчилж, шуугиан тариад байсан. Тодруулж хэлбэл, Мункийн зураг үе үеийн олон үзэгч, зураач зохиолчид экспрессионизмыг тунхаглан ойлгуулах гол төлөөлөл нь болоод байсан тэр эрин үетэй давхцаж байв. Мункийн “Хашхираан”, Нацагдоржийн “Харанхуй хад” гэсэн бүтээлийн аль алинд аюумшгийг зөгнөн сэрэх, биелээгүй өнийн мөрөөдөл хоёрын зөрчил яах аргагүй бий гэдгийг хэлэхэд илүүдэхгүй” гэсэн байна.
Цаашлаад зохиолд бичвэрийн нарийн судалгаа хийн мөшгөж үзээд, “Харанхуй хад” бол тэмдэг (илэрхийлэл), зөн (түлхэц) төдийгүй субъектын тааламжтай бус сэтгэлзүйн харьцаанд тохирсон өөр өөр тохиолдол. Тэгэхдээ илэрхийлэгдэх төсөө ба шинжийн(болзолт) аль алинд буй тусгаар тусгаар сэтгэцлиг үзэгдлүүд гэдгийг хэлэх нь зүйтэй байх” гэжээ. Мөн Вашингтонд болсон олон улсын монголч эрдэмтдийн хуралд орчуулагч Саймон Викхам Смит “Монголын орчин цагийн утга зохиолд Веймарын БНУ-ын үзүүлсэн нөлөө” илтгэл хэлэлцүүлсэн байдаг. Энэ тухай “Монгол судлалын мэдээлэл” сэтгүүлд: “Д.Нацагдорж, Н.Наваан-Юндэн, Д.Намдаг тэргүүтэй Монголын сэхээтнүүдийг Герман улсад, Берлин, Лейпциг хотод сурч боловсорч байх үед тус улсад Веймарын БНУ ид мандан цэцэглэж, урлаг утга зохиолын шинэчлэл тохиож байсан ажээ. Саймон Смит Өрнийн судлаачид Веймарын үеийн Германы урлагийн шинэчлэл, үзэл санааг хэрхэн тодорхойлсныг тоочсон нь “модернизм, уран зөгнөл, хэв маягийн хялбаршуулал, психоанализ, секс-үхэл” байлаа. Ингээд эдгээр үзэл ид уран бүтээлээ туурвиж байсан монгол залууст нөлөөлсөн байх боломжтойг Д.Нацагдоржийн бүтээлээр жишээ болгон баталсан юм. “Таван минут” болон бусад өгүүллэгийг нь задлан шинжилснээс харахад үнэхээр Веймарын үеийн урлагийн шинэчлэл Нацагдоржийн бүтээлд нөлөөлсөн болох нь харагдаж байлаа” гэсэн байна.
Дээрх баримтуудтай холбогдуулан нэмэн өгүүлэхэд тухайн үеийн герман хэлт уран зохиолын ижилгүй туурвилч Ф.Кафка гойд содон бүтээлүүдээ ид бичиж байсныг мар¬таж болохгүй. Алдарт “Хувирал” туужаа 1915 онд Лейпцигт хэвлүүлж, 1900-гаад оноос амьсгал хураатлаа (1924) роман, өгүүллэг, өдрийн тэмдэглэлээ тасралтгүй бичиж, Берлинд чамгүй хугацааагаар амьдарч (Б.Брехттэй мөн найз байсан гэдэг), тогтмол ирж, буцдаг байсан түүнийг Д.Нацагдорж уншиж, судлахгүйгээр өнгөрнө гэж үгүй юм. Д.Нацагдоржийн “Харанхуй хад” өгүүллэгт ч Кафкагийн “Анчин Гракхус”, “Замд гарахуй” өгүүллэгүүдийн дүрийн сэтгэл зүйн нөлөө, модерн уран зохиолын бичлэг, уран сайхны сэтгэлгээний хамаарал, абсурд хүүрнэмжийн төсөө, төрөгдөлт амьсгал, бэлгэдэлт утгуудын давтагдах нийтлэг өгүүлэмжүүд гүн туссан нь анзаарагддаг юм. Энэ бол Д.Нацагдоржийн зохиолууд монгол ардын аман болоод бичгийн уран зохиолын шавхагдашгүй уламжлал хийгээд дэлхийн сонгодог зохиолчдын дэвшилтэд арга барилаас бү¬тээлчээр суралцан улмаар үндэсний уран зохиолоо шинэчилснээрээ гоц ялгарч буйн нотолгоо юм. Өөрчлөлт шинэчлэлийн халуун амьсгалтай бичлэгийн арга найруулга, уран дүр дүрслэл, бодит ба хийсвэр сэтгэлгээний сор болсон олон бүтээлүүд нь уншигч, судлаачдын анхаарлыг шинэ тутам татсаар байна.
Ф.КАФКА, Д.НАЦАГДОРЖ, “ХАРАНХУЙ ХАД” ГУРАВ
Хүссэн болоод хүсээгүй “хувирал”-аа бид зүүдэндээ л абсурд маягаар үздэг, мэдэрдэг. Австрийн нэрт зохиолч Ф.Кафка “Анчин Гракхус”, Д.Нацагдоржийн “Харанхуй хад” өгүүллэгүүдэд хувь хүний экзистенци нэгдмэл санаанаас гадна хэлбэр зохиомжийн, зүүд совин, зөн билгийн хандлага түгээмэл ажиглагддаг. Жишээ нь хоёр зохиолын ерөнхий хэлбэрийг харвал хоёул хэвтээ тэнхлэгт үйл явдал эхэлж, өрнөж, дуусдаг. “Харанхуй хад”-д орондоо зүүд, зүүрмэгийн байдалтай сэрэхээс авхуулаад замын айлд ороход буруу харан хэвтэх хөгшин, эцэст нь өөрөө ухаан алдан үзэсгэлэнт охины гар дээр сэрэх гэх мэтчилэн. “Анчин Гракхус”-д гол баатар үргэлж завин дээр хэвтээ байдалтай явж, дамнуулах бөгөөд голын цаад, наад эрэгт гарч орон хот хэсэн урд, хойт төрөлдөө зорчсоор байдаг өгүүлэмжтэй. Үүгээр ч зогсохгүй “Харанхуй хад” өгүүллэгийн “...Харанхуй хад хэмээсэн нь хэрхэвч нэг газар байж тохирох тул лав тийм газар уулзах гэсэн юм байна хэмээн сэтгэгдсэн бөгөөд бас дахин нэг удаа шалгаж бодвоос, ер үүнээс зайлахгүй агаад хуанли авч үзвээс наймдугаар сарын бямба гараг нь яг энэ өдөр болсон тул, даруй яаравчлан босмогц, “Морийг барьж, эмээллэ” хэмээн тогоочид хэлбэл, түүний бие өмнөөс их нүд гаргаж, “Яасан данжаад” хэмээн амандаа шивэгнэсээр гарч одоод “Ай, эмээллэсэн ба шүү” хэмээн гадна хашхирч байна” хэмээх эхлэл хэсэг Ф.Кафкагийн “Замд гарахуй” хэмээх богино өгүүллэгийн “Жүчээнээс морь авчрахыг би тушаав. Зарц минь намайг ойлгосонгүй. Өөрөө очиж морио эмээллээд мордлоо. Алсад бүрээн дуу цангинахыг сонсоод түүнээс энэ юу дохиолж буйг асуув. Тэр юу ч сонсоогүй, юу ч мэдэхгүй гэв” гэсэн эхлэл хэсгийг эрхгүй санагдуулдаг төдийгүй нэгэн хэсэгтээ “ихэр” мэт үйл явдлын дүрслэлтэйг харж болно.

“Ж.П.Сартр хүн бол гадаад хүчин зүйлээр бус, харин өөрийн экзистэнциэр асуудлыг шийдвэрлэдэг. Өөрөөр хэлбэл хүн зөвхөн өөрийнхөө шалтгаан болдог бөгөөд энэ эрх чөлөө мөн” гэжээ. “Харанхуй хад”-ны баатар эрсэн газраа олохгүй будилахад буурал толгойтой хөгшин нэгэн чулуу өгснийг үзэхэд хоёр хуваагдан унаж, нэг тал чулууны судлыг шинжлэн зорьсон газраа баримжаалах зэрэг нь цөм сайнаар ч бай, муугаар ч бай төгссөн хамаагүй өөрийн зөн билиг хийгээд хувь хүнийхээ бие даасан, дотоод бодол сэтгэлийн шийдвэрээр өөрийгөө жолоодон залж буйг илтгэдгээрээ эрс шинэлэг өгүүлэмжтэй зохиол юм. Бид судалгаандаа утга санаа, үг хэллэг, дүр дүрслэлийн талыг онцгойлон авч үзэлгүй харин арга, сэтгэлгээний нөлөөлөл болоод шинэчлэлийг тодруулахыг зорилоо. Философич Ж.Отгонбаяр “Харанхуй хад” өгүүллэгийн тухайд “Хэрэв “Хуучин хүү” өгүүллэг Mонголын нийгмийн өмнө үеийн байдлыг хүн талаас нь нийтлэг хэв маягаар дүрсэлсэн бол “Харанхуй хад” нь монголчуудын тухайн үеийн байдлыг нийгэм талаас нь ёгтлон дүрсэлсэн улс төрийн утгатай бөлгөө. Миний бодоход, “Харанхуй хад”-ны далд, бэлгэдэл утга ийм буюу” гэжээ. Үүнийг дэлгэрүүлвээс “Хуучин хүү” өгүүллэг нэг хүний хөрөг дүрээр дамжуулан тухайн цаг үеийг зурагласан бол “Харанхуй хад” амьдран буй нийгмийн байдлаа нэг хүн дээр аваачин зориуд тохон зөрчилдүүлж дүрсэлсэн гэмээр бөгөөд Д.Нацагдоржийн экзистенци өгүүлэгч би баатраар дамжин хүчтэй илэрсэн байна.
Үргэлжлэл бий. Х.ЧОЙДОГЖАМЦ Утга зохиол судлаач, шүүмжлэгч