
Онгон байгалийн аюултай нөхцөлд хамгаас илүү итгэсэн хүндээ өршөөлгүй хаягдсан эмэгтэй хүн дэлхий дахинд олон мянга байсны заримаас нь өгүүлье. Австрийн Зальцбург хотын оршин суугч 33 настай эмэгтэй Керстин Гуртнер хайртай хүнтэйгээ улсынхаа хамгийн өндөр (3.8 мянган метр) Гроссглокнер ууланд хийсэн аялал хар дарсан зүүдэнд нь ч оромгүй байдлаар төгсөх юм гэж төсөөлж байсангүй. 36 настай Томас Пламбергер туршлагатай уулчин байлаа. Керстин ууланд явах дадал зуршлын хувьд түүнээс хавьгүй дутуу байсан ч ойр дотно, туршлага ихтэй хүн нь хэцүү нөхцөлд туслахаар ирэхгүй юм гэж яахансанах. Керстин амьдралын идэвхтэй хэв загвартай хүн, найз нөхөдтэйгөө уулзаж учирч явснаа, Итали, Грек, Португалд аялж байснаа гэрэл зургаар нийгмийн сүлжээнд харуулж, хүмүүстэй хуваалцана. Энэ эмэгтэй байгальд гойд дуртай, нуурын цэнхэр ус, мод бүрхсэн хөндий, алсаас харагдах цас мөст оргилууд сэтгэлийг нь татна. Томастай харилцаатай болсноос хойш уул хаданд авирч явж сурч эхэлжээ. Өөрөө ч үүндээ дуртай юм. Томасаас ялгаатай нь аль болох олон уул, оргилд гарахыг эрмэлздэггүй. Гроссглокнер уул 3000 метрээс дээш өндөртэй, түүний гарахаар зорьсон анхны оргил байв.
Керстин, Томас хоёр 2025 оны нэгдүгээр сард ийшээ явжээ. Цаг агаар тун онцгүй, цагт 74 километр хурдтай салхитай, 20 хэм хүртэл хүйтэрч байв. Шөнө болоход Керстин ихэд ядарч цааш явж чадахаа байлаа. Гэтэл дээш өгсөхөө зогсоож, эргэж ирээд доош уруудахад нь туслахын оронд Томас санаанд багтамгүй шийдвэр гаргаж, Керстинийг оргилоос 50 орчим метр зайд орхиод, цааш явав. Тэгэхдээ туршлагатай уулчны хувьд байж боломгүй хэд хэдэн алдаа гаргасан нь хайртай бүсгүйгээ салхинаас хамгаалах нөмөр газар бараадуулсангүй, түүгээр ч барахгүй осгуулахгүйн тулд аврах хөнжил ч үлдээсэнгүй. Бас тэдний дээгүүр аврах нисдэг тэрэг гарч ирэхэд аюул болсны дохио ч өгсөнгүй. Эцэст нь, Томас аврагчидтай таарч, Керстинд аюул учраад байгааг дуулгах үед хүчтэй салхи эхэлж, аврах ажиллагаанд саад учруулав. Өглөө нь Керстинийг олоход амьд гэх шинж тэмдэггүй болсон байв Гроссглокнер оргилд авирах нь уулчдын хувьд хүнд хэцүү “ажил” биш. Гэлээ ч сүүлийн 20 жилд 29 хүн амь үрэгдсэний олонх нь унасан аж. Эндхийн аврах багийнханд ажил мундахгүй. Томасын зан байдал, үйлдэлд хэд хэдэн сэжигтэй зүйл байсныг хожим нь хүмүүс анзаарчээ. Өөрөө туршлагатай уулчин хэрнээ хамт явах эмэгтэйгээ сайн бэлтгэлгүй, энэ уул руу явахад тохирох эд, хэрэгсэл аваагүй хэрнээ явахыг нь зөвшөөрсөн байв. Түүнээс гадна төлөвлөсөн хугацаанаасаа хоёр цагаар хожуу аяллаа эхэлжээ. Австри эрийг болгоомжгүйгээс хүний амь хохироосныг холбогдох хүмүүс хүлээн зөвшөөрсөн байна. Түүнийг таван сар тэнсэн харгалзах ял оноож 9.6 мянган евро (856 мянган рубль)-гоор торгох ялаар шийтгэв. Шүүх Томасын нэр хүндийг бодож, ойр дотны хүнээ алдсаныг нь хөнгөвчилж үзэх шалгаан болгожээ. Түүний зэрэгцээ Томасыг төвөгтэй нөхцөлд байдлыг буруу үнэлснээс хайртай бүсгүйгээ санаатай бусаар орхиж явсан гэж шүүх үзжээ.
Гэтэл шүүх хурал дээр Томастай дотно явсан нэг эмэгтэйн өгсөн мэдүүлэг энэ байр суурийг эргэлзээнд оруулжээ. Түүний хэлснээр бол Томас уг эмэгтэйд мөн хүнлэг бус хандаж байсан аж. 2023 онд Гроссглокнер ууланд авирахдаа түүнийг бас л ганцааранг нь хаяад явчхаж байжээ. Эмэгтэй азаар амьд үлдсэн байна. Энэ талаарх шүүхийн шуугиан тарьсан үйл явцыг Австрид төдийгүй уулчдын дунд бодлогогүй шийдвэр, эрсдэлтэй үйлдлүүд эмгэнэлтэй явдлын шалтгаан болж байгааг хилийн чанадад ч ихээхэн дуулиантайгаар шүүн хэлэлцэхэд хүргэжээ. Олон эмэгтэй хүн Томасыг алуурчин гэж нэрлээд Керстинд тохиолдсон явдалд шударга хандахыг уриалав. Нэг эгзэгтэй юм болсон нь золиос болсон эмэгтэйн гэр бүлийнхэн нь Томас буруутай гэдэгт итгэхгүй байв. Керстинийг амиа алдсанаас нэг жил гаруй болоод байхад түүний эцэг, эх нь ер ам нээхгүй байснаа шүүх хурлаас ердөө хоёр долоо хоногийн өмнө ээж Гертруда нь Германы долоо хоног тутмын “Die Zeit” сонины сэтгүүлчид санаанд нь байгаа бүхнээ хэлсэн байна. Түүний хэлснээс үзвэл охин нь шаргуу бэлтгэл дасгал хийж, улмаар Томастай “хамтарч шийдвэр гаргажээ”. Түүнээс гадна Керстин цанаар сайн гулгадаг, ууланд байсгээд л явдаг байж. “Охин маань азгүй тохиолдлын улмаас амиа алдсан” гэж тэрбээр үзэж байлаа. Энэ мэт дуулиан шуугиан тарьсан үйл явдлуудын сүүлчийнх нь Ариэль Кёнигт тохиосон бөгөөд 2025 оны гуравдугаар сард Гавайд аялах үеэрээ нөхөр 46 настай эмч Герхард Кёниг нь түүнийг хөнөөхийг оролдсон байна. Тэрбээр гэргийгээ эрэг гангын ирмэг дээр очоод өөрөө зургаа дарахыг нь санал болгоод яг уг үйлдлийг хийж байхад нь тариур барин түүн рүү дайрчээ. Гэргий нь эсэргүүцэхэд толгойг нь чулуугаар цохиж, нүүрээр нь газар мөргүүлсэн аж. Ариэль хашхирахыг бусад аялагч сонсоод аврах алба руу утасдаж, өөрсдөө туслахаар иржээ. Хорон санаат этгээдийг тэр өдөр нь баривчлав. Гэмт этгээд шүүхэд очсон хойноо биеэ хамгаалж уг үйлдлийг хийсэн гэж мэдэгджээ. Түүний хэлснээр бол Ариэль л нөхрөө түлхэж унагаах гэсэн байна.
Гэтэл Герхард Ариэль руу дайрсныхаа дараа түрүүчийн гэргийгээсээ төрсөн насанд хүрсэн охидынхоо нэгэн рүү утасдаад “Би Ариэлийг алчих гэсэн боловч тэр зугтчихлаа” гэж хэлсэн хэмээн Ариэль мэдэгдсэн байх юм. Аялалд гарахаасаа өмнө Герхард гэргийгээ хүчиндэж, хэдэн сарын турш түүнийг элэг барьж, доромжилж байжээ. Бас их хартай, байнга хянаж мөрддөг байсан гэнэ. Энэ байдлаа гэр бүлийнхээ хүрээнд шийдэхийг тэд хичээж, Ариэлийн төрсөн өдрийг тохиолдуулан хийх уг аялал харилцаагаа хэвийн болгоход нь туслах байжээ. Сэтгэл санаа нь ихэд үймэрсэн үедээ гэргийнхээ амийг хороохоор Герхард шийдсэн болох нь 2026 оны дөрөвдүгээр сард нотлогдож түүнд 20 хүртэлх жил хорих ял оноох дээр тулжээ. Ойр дотны хүндээ чадагдсан Керстин Гуртнер, Ариэль Кёниг болон бусад эмэгтэйд тохиолдсон түүх рүү чиглэсэн, хайртай гэх бүсгүйчүүдээ эрс аюултай нөхцөлд хувь заяанд нь даатгаад орхидог, эсвэл ердөө л тэднээс салахыг хичээдэг эрчүүдэд чухам юу нөлөөлдөг талаар олон янзын тайлбар, маргаан, хэлэлцүүлэг хийгээд хамгийн шийдмэг санал бодлын урсгал хөвөрч гарав. Яриа хөөрөө юуны урьд нэг нь (ихэнхдээ эр хүн) нөгөөгөө ууланд аялж явахдаа юм уу, онгон байгалийн нөхцөлд хаяж орхидог “Альпын хагацал” хэмээхийн эргэн тойронд эхэлжээ. Ийм нэрийг ШотландКанадын зохиолч Роберт Баррын 1893 онд бичсэн ижил нэртэй өгүүллэгээс авсан байна. Зохиолын гол баатар Бодманы гэр бүлийн хоёр нэгэндээ дургүй болсон ч салдаггүй байсан нь тухайн үед ийм асуудлыг шийдэхэд жинтэй үндэслэл шаарддаг тэр нь энэ хоёрт байсангүй. Тэгээд нөхөр нь гэргийгээсээ ангижрах зальт төлөвлөгөө боловсруулсан нь Швейцарын Альпад амарч явахдаа авгайгаа ангал руу түлхэж унагахаар шийдсэн байна. Гэтэл гэргий нь өөрөө эргээс үсэрч, аллагад нөхрөө буруутгах шийдвэр түрүүлээд гаргачхаж. Энэ зохиол хэвлэгдсэнээс 130 жилийн дараа “Альпын хагацал” хэмээх нэр томьёо хоёр дахь удаагаа 2026 оны хоёрдугаар сард хэрэгжсэн нь нэг эр эмэгтэйгээ уулын замд хаясан явдал байв.
Үүнд өртөж хохирсон бүсгүй “Чи түүнтэй уул руу явбал тэр чамайг ганцааранг чинь үлдээж, чамд ер хайртай байгаагүйг нь ойлгоно” гэж цахимаар хүмүүст сонордуулсан байна. Цахим сүлжээнд хүүхнүүд энэ мэт явдлын талаар өргөн мэдээлэх болжээ. Түүгээр ч барахгүй ийм юм үзсэн хүмүүст зориулсан групп ч бий болгосон аж. “Би 21 настай байхдаа уулчинтай танилцаж тэр намайг уруу татав. Би ч их гэнэн байж, туршлагагүйгээсээ болж түүний уур унтууг хүргэчих вий гэж бодсон байх. Нэг удаа тэр намайг түлхэж байхад нь цагдаа нар тааралдаж, түүнийг зогсоожээ. Би ч яах вэ замаар л явж байв. Түүнийг дахиад ийм хандлага гаргавал баривчилна гэж түүнд хэлсэн гэсэн” гэж нэг эмэгтэй ярьсан байх юм. Өөр нэг эмэгтэйн ярьснаар нөхөр нь түүнийг хавцлаас түлхэхээр төлөвлөсөн байж. Тоглоом шоглоом гэх нэрээр тэр намайг ихээхэн хүчтэй түлхсэн, яг энэ үед ойрхон нэг хүн гараад ирэв. Ажлаас шалтгаалж бид хоёрын харилцаа хол хөндий байсан болохоор дахин би ийм байдал ороогүй”. Хэдэн жилийн өмнө өөрт нь тохиолдсон явдлыг 30 настай, швейцар эмэгтэй ярьжээ. Тэгэхдээ тэрбээр нэг герман эртэй есөн сар уулзаж учирч явжээ. Тэр хоёр Германы баруун өмнөд нутагт байх Шварцвальд гэдэг уулархаг газар луу явахаар шийджээ. Үүнээс өмнө нь бүсгүй ийм аялалд явж байсангүй, 22 километр замыг яаралтай туулах хэрэгтэй болж, гэтэл авч явсан ус нь дуусаж, эмэгтэй цааш явж чадахаа байв. Энэ тухайгаа хамтрагч эрдээ хэлбэл “хүлээж бай” гэж автобусны жолоочоос гуйна гэснээ түүнийг орхиод явж одов гэнэ. Эмэгтэй хаашаа явахаа мэдэхгүй хоёр цаг түүгээр тэнэжээ. Хэсэг хугацаа өнгөрөхөд тэрбээр ядрахаа байж эрч хүч нь нэмэгдэж сүүл рүүгээ бараг л “гүйв” гэнэ. Эцэст нь, унаагаар доош буухын тулд Үндэсний паркад явж байсан хүмүүсээс тусламж хүсэв. Тэгээд паркаас гарч галт тэргэнд суугаад Швейцарь руу явах замдаа түүн рүү залгахад нөгөөх нь утсаа авчээ.
Тэгэхэд нөгөөх чинь ер сэтгэл зовоогүй, юу болсныг ч сайн ойлгоогүй байв гэнэ. “Би хэнд ч хайрлагдаагүй, хэн ч биш болохоо чухам тэр үед л ойлгосон. Тэр өдөр өмсөж байсан бүх хувцсаа тайлж хаяад, эр хүнд итгэхээ больсон”. Австри эмэгтэйд ууланд найз нөхөд нь хаяад алга болсон тохиолдлыг тэр өдөр энэ бүсгүй өөрөө амссан байна. “Итгэлгүй хүмүүстэй соёл иргэншлээс хол хэзээ ч битгий явж бай” хэмээн надад тохиолдсон явдлыг уншсан хүмүүсээс гуйя. Өөрийнхөө зөн билгийг сонсож бай. Бид үүнийг ихэнхдээ хайхардаггүй юм. Эргээд харахад тэр хүн бид хоёрт бодмоор юм цөөнгүй тохиолдож байсан ч би хайхарч байсангүй” хэмээн тэрбээр нэмж хэлжээ. Бидний өгүүлсэн эдгээр түүх нэг л зүйлийг хэлээд байгаа нь эмэгтэй хүмүүс эрсдэлтэй нөхцөл байдалд хамтрагчаасаа тодорхой хэмжээнд хамааралтай байдаг аж. Туршлагатай гэгдэх уулчид, аялагчид чухам шаардлагатай үед нь хамт яваа эмэгтэйчүүддээ туслахаас санаанд оромгүйгээр яагаад татгалздаг юм болоо? Сэтгэлзүйн эмч Марина Волкова сэтгүүлчийн эл асуултад хариулахдаа “Зарим тохиолдолд урьдчилан төлөвлөсөн гэмт хэрэг байж болох юм. Амиа алдсан нь түүний үхэл золгүй тохиолдол гэж ойлгогдоно гэж үзээд эрчүүд нь урьдчилан төлөвлөсөн байж болох. Ер бусын нөхцөл байдал нь гэмт хэргийг нуух, хардлага сэрдлэгэд өртөхгүй байх арга мэх болох нь бий. Гэхдээ “Альпын хагацал”-ын тохиолдол бүрд хорон муу санаа ч гол шалтгаан байдаггүй. Зарим үед хүмүүс таагүй байдалтай тулгарч, ихэд ядарч туйлдах, байгаль, цаг уурын нөхцөл муудах хийгээд өөр аюул осолтой учирдаг. “Хамтрагчаа зайлшгүй дэмжихээс аргагүй нөхцөл тулгарах үед хүмүүс өөрийнхөө амь, аюулгүй байдлын үүднээс хандаж, бусдыг хайхрахаа болих нь ч бий. Гэхдээ бусдад аюул учруулдаг энэ хайхрамжгүй байдал нь ямар ч тохиолдолд харгис хэрцгий хандлага юм” гэсэн байна. Волковагийн хэлснээр эрсдэл болон өөрийн боломжийг бодитой үнэлэх нь суурь зарчим юм байна. Хэрэв үе мөч хийгээд зүрх, судасны тогтолцоо сайнгүй бол хэдэн мянган метрийн өндөр лүү мацах шаардлага танд бий гэж үү. Мөн ямар бэлтгэл хийх шаардлагатай, тухайн нөхцөл байдалд юу тохиолдож болохыг урьдчилан мэдсэн байх хэрэгтэй.