Авлигатай тэмцэх газар (АТГ)-ын дарга, тэргүүн комиссар З.Дашдаваа тэргүүтэй төлөөлөгч энэ сарын 25-28-нд Австрийн Вена хотноо болж буй авлигын эсрэг хууль сахиулах байгууллагуудын “Глобал үйл ажиллагааны сүлжээ” (GlobE Network)-ний VII бүгд хуралд оролцлоо. Энэ хурлаар тус сүлжээний үйл ажиллагааны шинэчлэл, өнгөрсөн оны тайланг хэлэлцэж батлах, шинээр нэр дэвшсэн ажиглагч байгууллагуудын статусыг баталгаажуулах, “GlobE Network” сүлжээний Шинжээчдийн хүрээлэн болон “GlobE Compass”-ын үзэл баримтлалыг танилцуулах, “Үндэстэн дамнасан авлигын хэргүүдэд албан бус хамтын ажиллагааны практикийн эмхэтгэл”-ийн хоёр дахь хэвлэлийг танилцуулах зэрэг асуудлыг хэлэлцжээ. Бүгд хурлын хүрээнд “GlobE Network” сүлжээний гишүүд хооронд мэдээлэл солилцохоор болж, АТГ-ын дарга, тэргүүн комиссар З.Дашдаваа жишиг хэлэлцээрт гарын үсэг зурлаа. Энэ нь тус сүлжээний гишүүн орнуудын хууль сахиулах байгууллага хооронд авлигын гэмт хэрэгтэй тэмцэх, ялангуяа үндэстэн дамнасан гэмт хэргийн мэдээллийг шуурхай, шууд, аюулгүй солилцох, дэмжлэг үзүүлэх зэрэг хамтын ажиллагааны эрх зүйн үндэс болох юм. Мөн ИБУИНХУ-д төвтэй Олон улсын авлигатай тэмцэх ажиллагааны төв (IACCC)-ийн дарга Даниэл Мурфи болон албаны төлөөлөгчидтэй хоёр талт уулзалт хийж, цаашдын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр санал солилцсон байна.