Улаанбаатар хотын инженер хангамжийн байгууллагууд болон хэрэгжүүлэгч агентлагынхан есөн дүүргийн хэмжээнд өвөлжилтийн бэлэн байдал, иргэдийн аюулгүй байдлыг хангахаар ажиллаж буйгаа мэдээллээ. Одоогоор нийслэлд 80.2 км инженерийн шугам сүлжээ, 132 км авто зам шинэчилж байгаа аж. Дулаан хангамжийн болон цахилгаан түгээх сүлжээний урсгал болон их засварын ажлууд дуусах шатандаа орсныг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хотын инженерийн дэд бүтцийн газрын дарга Л.Алтангэрэл хэлсэн. Түүнчлэн төвийн зургаан дүүргийн 102 892 гэрэлтүүлгийн хэвийн ажиллагааг хангаж, үерийн хамгаалалтын байгууламж бүхий 24 байршлаас 34 мянга гаруй шоо метрлаг хагшаас цэвэрлэжээ. Мөн нийслэлийн хэмжээнд жил бүр 36-45 байршилд буюу нийт 596 га талбайд халиа тошин үүсдэг байна. Өнөө жил ч уг эрсдэл хэвээр гэнэ. Дөрвөн дүүргийн нутаг дэвсгэрт ийм эрсдэл үүсэх магадлалтай бүсэд зөвшөөрөлтэй 1110, зөвшөөрөлгүй 67 хашаа, нэгж талбар бий аж. Үүнээс энэ онд нөлөөлөлд өртөх өндөр магадлалтай 390 айл өрхийн нэгж талбарыг чөлөөлжээ. Халиа тошин жил бүрийн арванхоёрдугаар сарын 10-наас үүсэж, энэ нь өвлийн турш, хаврын эхэн саруудад ч үргэлжилдэг. Иймд дүүргүүдийн ЗДТГ, онц гой байдлын албад, инженер хангамжийн байгууллагууд одоо ноос урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч хэрэгжүүлж буй нь энэ гэнэ.
О.Оргилох