Өнгөрсөн намар буюу энэ хичээлийн жил эхлэхийн өмнө Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан “Улсын хэмжээнд гурван ээлжээр хичээллэх эрсдэл үүссэн 68 сургууль бий. Тэдгээрийн 47 нь нийслэлд үйл ажиллагаа явуулдаг. Нийт 50 мянга гаруй хүүхдийн асуудал хөндөгдөж байна” гэж ярьсан. Хичээлийн жилийн төгсгөлд тэрбээр мөн л “Гурван ээлжээр хичээллэх эрсдэл үүссэн сургуулиудыг цөөлнө” гэх улиг болсон үгээ хэлээд зогсож байна. Тодруулбал, өнгөрсөн сарын 15-нд болсон Засгийн газрын ээлжит хуралдаанаар “2024-2025 оны хичээлийн жилд гурван ээлжид шилжих эрсдэлтэй 14 сургууль бий.
Үүнээс 10 сургуульд онцгой арга хэмжээ авч, хөрөнгө оруулалтыг эрчимжүүлэх чиглэлээр БШУЯ болон Улаанбаатар хотын захирагч хамтран ажиллаж байна. Гурван ээлжид шилжих эрсдэлтэй сургуулиудын тоог бууруулахаар 11 байршилд 5980 хүүхдийн суудалтай сургууль барих төслийг эхлүүлнэ. Мөн энэ онд нийт 40 350 хүүхдийн хүчил чадалтай 86 төсөл, арга хэмжээг дуусгахаар боллоо” хэмээн мэдэгдсэн. Үүнээс харахад өнгөрсөн намар түүний нэрлэсэн 47 сургууль 14 болж цөөрсөн бололтой. Гэхдээ тэдгээрээс зөвхөн 10-т нь онцгой арга хэмжээ авна гэж тодотгосон нь ямар учиртай вэ. Үлдсэн дөрвөн сургууль нь яах юм бол.
Улсын хэмжээнд өнгөрсөн онд ерөнхий боловсролын 871 сургуульд 771 мянга буюу нийт суралцагчийн 63 хувь нь суралцаж буй юм. Ерөнхий боловсролын сургуульд суралцагчдын тоо жилээс жилд нэмэгдсээр, 2023 онд өмнөх жилийнхээсээ 25 мянгаар олон хүүхэд сурсныг Үндэсний статистикийн хорооны мэдээнээс харж болно. Салбарын сайд нь “70 мянган хүүхэд нэгдүгээр ангид орж, 30 мянга нь 12 дугаар ангиа төгсдөг. Жил бүр 35-40 мянган хүүхдийн зөрүү гарч буй учраас ачаалал үүсэж, хичээлийн байр, анги танхим хүрэлцэхгүй байна. Хот төлөвлөлтийн алдаанаас болж Улаанбаатарт сургуульгүй 50, цэцэрлэггүй 17 хороо бий” гэж өнгөрсөн онд онцлон ярьсан. Асуудал нь тодорхой байна. Харин шийдлийг нь эрх бүхий хүмүүс эрэлхийлж, хүүхдүүдийн сурч боловсрох эрхийг бүрэн хангах ёстой. Гэтэл бодит байдалд гурван ээлжээр хичээллэх эрсдэлийг бууруулах ажлыг “гурилдаж” орхижээ.
115 ДУГААР СУРГУУЛИЙНХАН ТҮРЭЭСИЙН БАЙРГҮЙ Ч БОЛЖ МЭДЭХ НЬ
Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооны нутагт байрлах нийслэлийн ерөнхий боловсролын лаборатори 115 дугаар сургуульд 2880 хүүхэд суралцаж байна. Гэтэл сургуулийнх нь үндсэн барилгад 650 орчим хүүхэд суралцах багтаамжтай гэнэ. Үлдсэн сурагчид хаачих вэ. Тэдний 640 нь сургуулийнхаа эсрэг талд байрлах түрээсийн байранд толгой хорогдож буй аж. Иим байдалтай хоёр жилийн нүүр үзжээ. Эргэн тойронд нь орон сууцын барилга шигүү барьсан тул сургуулийг өргөтгөх боломж тун хомс. Гэхдээ энэ онд 115 дугаар сургуулийн барилгыг өргөтгөжээ. Харамсалтай нь, барилга барих газаргүй тул олдсон багахан зайд 120-хон хүүхэд хүлээн авах хүчин чадалтай өргөтгөл барьсан гэнэ. Ингээд ч сурагчид нь анги танхимдаа багталцахгүй хэвээр байгааг тус сургуулийнхан хэлсэн. Нэг ангид 40 гаруй хүүхэд сурдаг аж. Дунд ангийн сургалтын менежер “Манай сургууль хамран сургах тойргоос гадна, нэмэлтээр 20 дугаар хорооны зарим хэсгийн хүүхдүүдийг хүлээж авдаг. Ачаалал маш их.
Энэ хичээлийн жилд сургуулийн үндсэн барилгаас гадна өргөтгөл, мөн түрээсийн байранд сурагчдаа хуваарилж, сургалтын үйл ажиллагаагаа явуулсан. Сургуулийн ойролцоо байрлах “Дөл” хотхоны таван давхар барилгын нэг хэсгийг түрээслэн, 640 хүүхдийг суралцууллаа. Өнгөрсөн нэгдүгээр сарын 28-нд өргөтгөлийг ашиглалтад оруулснаар түрээсийн байранд байсан сурагчдаас 120-ийг нь шилжүүлсэн. Түрээсийн байранд 8-11 дүгээр ангийн сурагчид хичээллэдэг. Одоогоор нийт 320 хүүхэд тэнд хичээллэж байна” гэв. Мөн тэрбээр “Энэ хавар 107 сурагч 12 дугаар анги төгсөнө. Гэтэл ирэх намар нэгдүгээр ангид 450 хүүхэд элсэх тооцоолол гараад байна. Түрээсийн байранд хичээллэж буй сурагчид дээр нэмээд 450 гаруй хүүхэд шинээр орж ирнэ. Хүүхдүүдийг хүлээж авах анги танхимгүй учраас дахиад л түрээсийн байр хайх шаардлагатай болж байна. Түрээсийн зардалд улсаас нэг сард 21 орчим сая төгрөг төлдөг. Хоёр жил түрээсэлсэн. Гэтэл “Дөл” хотхоны хятад эзэн нь ирэх хичээлийн жилд энэ байраа түрээслэхгүй, зарна гэж бидэнд мэдэгдсэн. Манай сургуулийн зүгээс барилгын үнийн саналыг нь холбогдох газруудад өгсөн. Тус барилгыг улс худалдаж авч өгөх, үгүйг мэдэхгүй” гэв.
“АНГИ ДОТРОО АРИУН ЦЭВРИЙН ӨРӨӨТЭЙ УЧИР БИЕ ЗАСАЖ ЧАДДАГГҮЙ”
Тус сургуулийн ахлах ангийнхан сурч буй түрээсийн байр болох “Дөл” хотхоны таван давхар барилгад өчигдөр очиж үзлээ. Ямар нэгэн хаяггүй учир олоход амаргүй юм. Анхнаасаа сургуулийн бус, орон сууцын зориулалтаар барьсан барилга тул сургалтын үйл ажиллагаа явуулдаг гэхэд хэцүүхэн газар угтсан. Анги болгон тохижуулж, ширээ, сандал тавьсан өрөөнүүд нь ганцхан цонхтой учир агаар сэлгэлт тун муу, зай талбай бага юм билээ. Хана нь цөмөрч, хог шороондоо дарагдсан анги цөөнгүй харагдсан. Хамгийн асуудалтай нь ариун цэврийн өрөө гэж хүүхдүүд хэлэв.
Тэдний төлөөлөл, хоёр охин “Анги дотроо ариун цэврийн өрөөтэй. Тиймээс ангийнхнаасаа санаа зовоод бие засаж чаддаггүй” гэв. Гэртээ бие засаж ирээд тэвчихээс өөр аргагүй гэлээ. Ер нь л ангийнхаа ариун цэврийн өрөөнд ордоггүй аж. Сургуулийн стандартын барилга бол багш, ажилчид болон охид, хөвгүүдийн ариун цэврийн өрөө нь тусдаа байдаг. Гэтэл эмэгтэй, эрэгтэй сурагчдын дунд нэг л ариун цэврийн өрөөтэй. Тэр нь бүр анги дотор нь байрлах аж. Энэ бол хүүхдийн эрхийг ноцтой зөрчиж буй үйлдэл. Гэтэл хүүхдүүд ийм байдалтай хоёр жилийг өнгөрүүлжээ. Цаашид ч энэ байдал дээрдэхгүй, улам дордох шинжтэй байна. Учир нь ирэх намар түрээсийн ч байргүй болж мэдэх нь. Тиймээс 115 дугаар сургуулийн эл асуудалд салбарын сайд болон хотын удирдлага анхаарч, сурагчдыг сурах эрхээр хангаж өгнө үү.
Хан-Уул дүүргийн 19 дүгээр хороонд 16 мянга орчим хүн амьдардаг бөгөөд төрийн өмчийн ерөнхий боловсролын ганц сургууль байгаа нь 115. Тус сургуулийн эсрэг талд орон сууцын хотхон барьж буй. Тэнд сургууль барих сураг сонсогдож байгаа гэнэ. Гэвч одоо суурийг нь ч тавиагүй сургуулийг хэзээ ашиглалтад оруулна гэж хүлээх вэ.
ИРЭХ НАМАР ОРОН СУУЦ ТҮРЭЭСЛЭХ, ЭСЭХИЙГ МЭДЭХГҮЙ ГЭВ
Баянзүрх дүүргийн 25 дугаар хороонд орших ерөнхий боловсролын 111 дүгээр сургуулийн сурагчид мөн л түрээсийн байранд хичээллэж байна. Сурагчдыг гурван ээлжээр хичээллүүлэхгүй байх нэг шийдэл нь түрээсийн байр. Гэвч орон сууц, зоорийн давхарт сурагчдыг хичээллүүлэх нь арга ядсан л хэрэг аж. Хүүхдээ “шингээж” дийлэхгүй сургуулиудын барилгыг өргөтгөх, хөрөнгө оруулах, барилга угсралтын ажлыг дуусгахад шаардлагатай санхүүжилтийг гаргаж, арга хэмжээ авахыг Засгийн газраас Л.Энх-Амгалан сайдад үүрэгдсэн. Гурван ээлжээр хичээллэх эрсдэлд орсон 47 сургуулийн хөрөнгө оруулалтыг 2024 оны улсын төсөвт тусгаж, хэрэгжүүлж эхэлсэн боловч зарим ажил удааширсан учир нийслэлд шилжүүлсэн талаар Л.Энх-Амгалан сайд тайлбарласан юм. Энэ хугацаанд хүүхдүүдийн сурах эрх зөрчигдсөөр байна.
Баянзүрх дүүргийн 111 дүгээр сургуульд 1900 орчим хүүхэд сурдаг гэнэ. Тэднээс бага бүлгийн зургаан анги нь түрээсийн байранд хичээллэдэг ажээ. Сургуулиас нэлээд зайтай буюу 84 дүгээр сургуулийн баруун талд байрлах таван давхар саарал барилгыг түрээсэлдэг юм байна. Сургалтын үйл ажиллагаагаа хэрхэн зохион байгуулсан талаар тус сургуулийн захирал болон нийгмийн ажилтнаас тодруулахыг хүссэн ч мэдээлэл өгөхөөс татгалзсан юм. “Би захирлын албан тушаалаа хүлээж аваад удаагүй. Ирэх намар орон сууц түрээслэх, эсэхийг хэлж мэдэхгүй” гэснээс өөр зүйл хэлсэнгүй. Өмнө нь түрээсийн байрны асуудал хөндөж, хэвлэлд ярьсан сургуулийн удирдлагыг “дээрээс нь” донгодсон гэнэ. Тиймээс тэрбээр албан тушаалаа алдах вий гэхээс эмээж буй бололтой. Тус сургуулийн ард талд “Шинэ Монгол” сургуулийн шинэхэн байр сүндэрлэж харагдана лээ. Харин улсын сургууль барих гэж хэчнээн жил зарцуулдаг билээ.
111 дүгээр сургуулийн бага ангийнхны хичээллэдэг түрээсийн байранд очлоо. “Фитнес клуб”, “Хүнсний дэлгүүр” гэх хаяг нүдэнд өртөхөөс биш, сурагчид хичээллэдэг гэж мэдэгдэх зүйл алга. “Сургууль орчмын бүс” гэсэн тэмдэг байршуулсан ч уг барилга авто замтай хэт ойрхон тул хүүхдүүдэд эрсдэл үүсгэж болзошгүй санагдсан. Биеийн тамирын хичээлийг зоорийн давхарт явуулдаг талаар ч нэгэн ээж бидэнд ярьсан юм. Энэ тухайд сургуулийн зүгээс ямар нэгэн тайлбар өгөхөөс татгалзсан. Сурагчдын амралт эхэлсэн гээд асуудал дууссан мэтээр хандаж буй нь өрөөсгөл. Гуравхан сарын дараа хүүхдүүд сургуульдаа эргээд ирнэ. Дахиад л зориулалтын бус байранд угтаж авах уу. Олон хүүхдийн сурах эрх зөрчигдсөөр байхад салбар яамныхан нь нүдэн балай, чихэн дүлий суусаар намартай золгох вий.