Манай улсын хүн амын бүлгүүдээс хамгийн их хаягдаж, гадуурхагддаг нь хүүхдүүд. Нийгмийн бүхий л шатанд хамгаалуулах, хайрлагдах эрхтэй хүүхдүүд яагаад хөсөр хаягддаг вэ гэхээр тэд сонгууль өгдөггүй. 100 жилийн түүхтэй хүүхдийн байгууллага нь өнөө хэр нь тогтолцоогоо бүрдүүлээгүй, тогтсон ч төсөвгүй явж ирсэн нь үүний баталгаа. Монголын төр ерөөс хүүхдэдээ хайргүй, элэггүй, нийгэм нь ч тэдэнд огтоос ээлгүй. Сүүлийн таван жилд хүүхэд хамгааллын салбарын төсөв овоо нэмэгдэж, бие даасан хуультай ч болоодохлоо. Одоо нэг өөрчлөлт гарах нь гэтэл эрх баригчид хүүхдүүдээсээ дахиад л нүүр буруулах нь. Учир нь тэд төсвийн хэмнэлт нэрийн дор хүүхэд хамгааллын салбарыг хүний нөөцгүй болгож, 3.5 тэрбум төгрөгийн “ашиг” олохоор улайрч байна. Бүр Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн тэргүүн Г.Занданшатар үүнд манлайлан оролцож байгаа нь гутамшигтай.
Хүүхэд хамгааллын салбарын төсөв 2016 оноос хойш чамлахааргүй нэмэгдэж иржээ. Тухайн үед улсаас 300 сая төгрөг төсөвлөж байж. Үүнээс хойш санхүүжилтийг 2018-2021 онд жил бүр тав, 2022, 2023 онд найм, 2024 онд 11 тэрбум төгрөг болгон нэмсэн байна. Харин энэ онд Хүүхэд хамгааллын тухай хуулийг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор төсвийг нь 23 тэрбум төгрөг байхаар анх баталсан ч тодотголоор 20.6 тэрбум болгон таначхаад буй. Гэтэл энэ нь хангалтгүй, дахиад ч 3.5 тэрбумыг “хулгайлна” л гэнэ. Төсвийн энэ хэмнэлтийг төрийн анхан шатанд өрх, гэр бүл, хүүхэдтэй хамгийн ойр ажилладаг нийгмийн ажилтнуудын орон тоог цөөлөх замаар хэрэгжүүлэх юм байх. Өөрөөр хэлбэл, дээрх хуулийн дагуу арайхийн бүрдүүлсэн орон тоогоо төр өөрөө эргүүлэн “самарч”, хуулиа зөрчих гэж байгааг хүүхэд хамгааллын мэргэжилтнүүд эсэргүүцэн, шүүмжилсээр байна. Харин үүнийг хэн ч анхаарч, авч хэлэлцэхгүй байгаа нь хачирхалтай.
Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн гишүүн, “Хүүхэд хүчирхийлэхийн эсрэг үндэсний хөдөлгөөн”-ий ерөнхий зохицуулагч, бэлгийн хүчирхийллийн хохирогч хүүхдийг нөхөн сэргээх “Үжин” төвийг үүсгэн байгуулагч, хүүхэд хамгааллын хамтарсан багийн үндэсний сургагч, зөвлөх Д.Ундраа салбарын зардал жил ирэх тусам нэмэгдэж буй ч үр дүн, чанарын ялгаа ер гарахгүй байгааг шүүмжилсэн. Асуудал хариуцсан аймаг, дүүргийн дарга нар нь байнга солигддог, хүүхдийн байгууллагуудын албан тушаалууд намын шахааны хүмүүсийн дамжаа болчихсон нь энэ салбар уналтад орох бас нэг шалтгаан гэв. Хүүхдийн байгууллагууд өнгөрсөн 100 жилийн хугацаанд үүргээ төдийлөн гүйцэтгэж чадаагүй, өдгөө хүний нөөц, ёс суртахууны асар доройтолд орчхоод буйг ч тэрбээр хэлсэн юм. Ур чадвартай, мэргэшсэн, сэтгэлтэй цөөхөн хүний нуруунд л энэ салбар үлгэн салган урагшилж яваа аж.
Зөвлөх Д.Ундраа “Уг нь манай улсын хүүхэд хамгааллын салбарын хууль тогтоомж, эрх зүйн орчин нэг үеэ бодвол харьцангуй сайжирсан. Хүүхэд хамгааллын тухай хуультай болж, өнгөрсөн есдүгээр сарын 1-нээс хойш хэрэгжүүлж буй билээ. Гэвч ялангуяа орон нутагт хуулийн хэрэгжилт хангалтгүй байгааг таван аймгийн 54 сумын хүүхэд хамгааллын хамтарсан 140 гаруй багт ажиллахдаа мэдлээ. Анхан шатны нэгжид үүрэг гүйцэтгэж буй, Засаг даргаар ахлуулсан хамтарсан багийн Хүүхдийн төлөө зөвлөлүүдийн үйл ажиллагаа жигдрээгүй байна. Хуулийг хэрэгжүүлэх явцад мэргэжилтнүүдийг сургах, тухайлсан арга, аргачлалыг нь зааж чиглүүлэх зэрэг ажил орхигджээ. Бид 10 жил “орилж” байж Хүүхэд хамгааллын тухай хуульд хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтан заавал ажиллуулах тухай заалт оруулж, орон тоо, төсөв санхүүг нь батлуулсан. Үүний дүнд улсын хэмжээнд өдгөө 204 хороо, 330 сум, аймгийн төвүүдийн хүн ам олонтой багуудад хүүхэд, гэр бүлийн нийгмийн нийт 843 ажилтан ажиллаж байна. Ингэснээр хүүхэд хамгааллын салбар дөнгөж 1930 орчим хүнтэй болоод буй. Анхан шатны нэгжид анх удаа ийнхүү “хөл, гартай” болж, ажлаа эхэлж байтал салбарын хүний нөөцийн 9-10 хувийг нь буюу 190 орчим хүнийг төр буцаагаад цомхотгох нь. Ийм байж болох уу, анхан шатны нэгжид ард иргэдтэйгээ хамгийн ойр ажиллаж буй хүмүүсээ халчихаар цаашид яах билээ. Одоо ажиллаж байгаа хэд маань ч компьютергүй, машин техник ч үгүй л байгаа. Хүүхэд төөрчихлөө гэхэд араас нь ч явах унаагүй л сууж буй нь бидний өнөөгийн үнэн төрх шүү дээ. Ийм байхад хүүхэд хамгааллын зардлаас төр хүний нөөцийн цомхотгол нэрийн дор 3.5 тэрбум төгрөг хэмнэнэ гэхээсээ ичих хэрэгтэй. Мөнгө харамлаж, төсвийг нь танаж, орон тоог нь цөөлж болох, болохгүй салбар гэж бийг иргэд ч ойлгохтойгоо болсон. Гэтэл төр төмөр нүүрээ харуулах гээд байгааг ойлгохгүй юм” гэж ярилаа.
Орон тоог нь цөөлөх шаардлагагүй салбарын нэг нь яах аргагүй хүүхэд хамгаалал гэдэгтэй санал нийлэх хүн олон. Угаас хүн хүчний асар хомсдолтой ажиллаж байхад хэнийг нь халах гээд байгаа юм бэ хэмээн унтууцах хүмүүс ч байна. Жишээ нь, Завхан аймгийн Тосонцэнгэл сум 13 мянга орчим хүн амтай хэрнээ нийгмийн бодлогын ганцхан мэргэжилтэнтэй аж. Мал хариуцсан таван хүнтэй мөртөө шүү дээ. Яг нарийн яривал нийгмийн бодлогын мэргэжилтэн нь хүүхдийн салбартай ямар ч хамааралгүй. Шинэ хууль хэрэгжүүлэхтэй холбоотойгоор хүчээр шахам ийм мэргэжилтнүүдийг хүүхэд хамгааллын хамтарсан багт ажиллуулчихсан жишээ цөөнгүй.
Хүүхэд хамгааллын энэ оны төсөвт дээр дурдсанчлан 20.6 тэрбум буюу нэг хүүхдэд жилд ердөө 15 мянган төгрөг л зарцуулахаар тусгасан. Энэ мөнгө зорилтот бүлэгт хаанаа ч хүрэлцдэггүй, насанд хүрээгүй хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн тоо жил бүр өссөөр. 2020-2024 онд гэхэд бэлгийн хүчирхийллийн хохирогч болсон шалтгаанаар үзлэг, шинжилгээнд хамрагдсан эрэгтэй 263, эмэгтэй 3898, нийт 4161 хүүхэд бүртгэгдэж. Бэлгийн хүчирхийллийн хохирогч болж, насанд хүрээгүй үедээ хүүхэд төрүүлсэн 10-14 насны 98, 15-19 насны 11 878 хүүхэд байна. Үр хөндүүлсэн 10-14 насны 215, 15-19 насны 2950 охин бие, сэтгэлээрээ хохирчээ.
Зөвхөн илэрсэн тоо баримт нь л энэ, цаана хэчнээн хүүхэд хохирсныг хэлж, тааварлахад бэрх. Хүүхэд хамгааллын салбарын тогтолцоо бэхжээгүй, салбар дундын хамтын ажиллагаа маш сул байгааг хохирогч хүүхдүүдийн дээрх статистик бэлхнээ хэлээд өгнө. Сүүлийн жилүүдэд хохирсон эдгээр хүүхдэд гэхэд л улс ямар үйлчилгээг хэдэн удаа хэчнээн төгрөгөөр үзүүлсэн, эсэх нь ч тодорхойгүйг Д.Ундраа зөвлөх хэлнэ лээ. Тэрбээр” Хүчирхийлүүлсэн, дарамт шахалтад өртсөн, хараа хяналтгүй хоцорсон хүүхдүүдтэй хэн тулж ажилладаг вэ, анхан шатны нэгжийн хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтнууд. Хүүхэд, гэр бүлийн салбарын албан хаагчдаас биш, Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан, Хөгжлийн банк, Боловсролын зээлийн болон Тариалан эрхлэлтийг дэмжих зэрэг 23 санг цөлмөсөн төрийн эрх мэдэлтнүүд, орлогоо нотолж чадахгүй болтлоо баяжсан улс төрчдийнхөө аялдан дагалдагчдыг цөөл, төсөв, тансаг хэрэглээг нь тана” гэсэн юм.
Хүүхдийн хөгжил, хамгааллын асуудал нь таван гол суурь үйлчилгээнд тулгуурлан явагдах учиртай. Нэгдүгээрт, хүүхдэд эрүүл мэндийн үйлчилгээг ураг байхаас нь үзүүлэх ёстой. Хоёрдугаарт, боловсролын суурь үйлчилгээг цэцэрлэгээс нь авхуулаад олгох, гуравдугаарт халамж, дөрөвдүгээрт хууль, эрх зүйн буюу гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажил, иргэний бүртгэл, хил нэвтрэх үеийн аюулгүй байдлыг хангах, тавдугаарт, нийгэм, сэтгэл зүйн үйлчилгээ хамгийн чухалд тооцогддог байна. Гэвч эдгээр суурь үйлчилгээг үзүүлэгч байгууллагууд, эрх бүхий хүмүүс өнөөдрийг хүртэл ямар ч уялдаа холбоогүй ажиллаж ирснийг албаныхан хэлсэн.
Уг нь тэгш оролцоотой орчинд хүүхэд хөгждөг, хөгжсөн хүүхэд хамгаалагддаг гэдэг ч эл концепцыг Монголын төр барьж ажиллаж чадахгүй өдий хүрчээ. Тэр дундаа гэр бүл төвтэй хүүхэд хамгааллын тогтолцоонд шилжээгүйгээс хүүхдүүд хүчирхийлэл, дарамтад өртсөөр, ахуйн орчинд түлэгдэж, бэртсэн хэвээр байгаа юм. Хүүхдүүд ихэвчлэн томчуудын хараа хяналт сулаас, дэд бүтэцгүйн зовлон буюу харанхуй гудамж, зам, тээвэр, барилга, байгууламж, цахилгааны аюулгүй байдал алдагдсанаас хохирдог. Ахуйн орчны аюулгүй байдлыг эцэг, эх, асран хамгаалагчид, дэд бүтцийнхийг төр хангаж, хариуцаж ажиллах ёстой ч хаана хаанаа хариуцлагагүй хандсаар. Алга болсон хүүхдийг хэн нэгэнд алуулсан, эсвэл хүчирхийлүүлснийх нь дараа олдог системийг л өөрчлөхийг иргэд шаардсаар буй билээ.