Наадамчдаа гомдоосон тасалбарын маапаан. Үндэсний их баяр наадмын нээлт, хаалт, үндэсний бөхийн барилдааны тасалбар өчигдөр худалдаанд гарсан даруйдаа уламжлал ёсоор “шуураад” дуусав. Хоол ундаа зэхээд, хонон өнжин дугаарлаад ч нэмэргүй, технологийн дэвшил ашиглан цахимаар борлуулаад ч ялгаагүй, төрийн наадмын тасалбар гэдэг угаас илүү танилтайд нь олдож, их артай, аргатай шагчдын “хаалгаар гарахгүй, хаагуур гарах вэ дээ” хэмээн маадгархан бөөндөж суудаг эд болсон нь нууц биш. Жилийн жилд олон нийтийн дунд ихээхэн хүлээлт үүсгэдэг наадмын тасалбараа борлуулахдаа Төв цэнгэлдэх хүрээлэнгийн 13 мянган суудлын тоогоороо зардаггүй нь хамгийн хоржоонтой. Улстөрчид, гишүүд, сайд, дарга нар, тэдний ар гэрийнхэн, танил талынхнаас гадна дотоод, гадаадын хүндэт зочид гийчид, ЭСЯ-д, дипломат албаныхан гэсээр дор хаяж 500-600 суудал эзэлнэ.
Дээрээс нь аялал жуулчлалын компаниудын захиалга буюу жуулчдын тасалбар хасагдана. Аялал жуулчлалын салбарын оргил ачааллын үе байтал энэ жил жуулчдад ердөө 2000 тасалбар хуваарилсанд гомдолтой буйгаа Аялал жуулчлалын мэргэжлийн холбооныхон мэдэгдсэн. Энэ мэтээр ил тод, тооцоолж болохуйц хэсгийг нь хасаад хасаад 10 мянган тасалбарыг 10 гаруйхан минутад бүрэн борлуулах хэмжээний техникийн хүчин чадал, нөөц боломж манай төрийн үйлчилгээний дижитал системд үгүй гэдгийг хүмүүс эхнээс нь тооцоод гаргачихсан байна лээ. Тэгэхээр шагчид аль хэдийн тохироогоо хийгээд, аваад түгжчихсэн суудлуудын төлөө иргэд цаг, нервээ баран баахан ноцолдсон гэсэн үг. Ерөөс наадмаар юм бүхэн дамлагдаж, шагийн үнэд хүрдэг. Төв цэнгэлдэх хүрээлэнтэй ойр, Хүй долоон худагт машинаа аятай газарт байрлуулчих гэсэн иргэдийн эрэлтийг далимдуулан, нийслэлийн төр, захиргааны байгууллагын жолооч нар хүртэл А, Ү зөвшөөрлийг хэд нугалан, дамлаж зардаг юм.
Жуулчдаа үлтоосонзохионбайгуулалтынмаапаан. Дэлхийн өнцөг булан бүрээс Монгол орныг зорин ирж, аялж зугаалдаг гадаадын жуулчдын олонх нь Үндэснийихбаярнаадмыг үзэх, тэр дундаа есөн хөлт цагаан туг залахаас эхлээд албан ёсны хөтөлбөртэй төрийн ёслол хүндэтгэлийн хэсгийг ойроос харж, мэдрэх хүсэлтэй байдаг аж. Гэтэл аялал жуулчлалын компаниудад жилд багадаа 3000 орчим квот өгдөг байснаа багасгасаар өнгөрсөн онд 2200 болгон бууруулж, өнөө жил бүр 2000 болгоод таначихаж. Одоогийн байдлаар наадам тааруулж манайд ирэхээр захиалгаа баталгаажуулсан 10 мянган жуулчин байгаагаас 2000-д нь л тасалбар ногдоно гэсэн үг. Европын улсуудаас ирж байгаа жуулчид наадам үзэхээр 1-2 жилийн өмнө урьдчилж захиалгаа баталгаажуулдаг гээд бодохоор тэднээс хэд нь зорилгоо биелүүлж чадахгүй, сэтгэл дундуур буцах бол.
Ийм байхад ямар элэнцгийнх нь хоёр, гурван сая жуулчин хүлээж авах, юун “Go Mongolia”, эсрэгээрээ “Bye Mongolia” болох биз. “Солонгосоос, Хятадаас 10, 20 хүн ирсэн юм аа, наадмын нээлт, хаалтыг үзүүлчихмээр байна. Тасалбар олдох болов уу” гэдэг яриа, гуйлт хаа сайгүй чих дэлсдэг. Жуулчдаар гуйлгах бус, харин ч арга эвийг нь олж байж тэднээс ахиу хэдэн төгрөг “салгах” учиртай бус уу. Олон жуулчин авна гэдэг санаа нь сайхан ч зориод ирсэн хүмүүсээ үл тоож, сэтгэл гонсгор буцаахгүй байх нь хамгаас чухал. Үүний тулд суудлын “бөглөөс” болоод үүрэглэж суудаг тэр олон улс төрч, сайд, дарга нарын эхнэр, нөхөр, хүүхдийн оронд гадаадын жуулчдыг цэнгэлдэхэд оруулаад нээлт, хаалтын тоглолтоо үзүүлчихэд яах вэ дээ. Лав л тэднээс илүү их шимтэн сонирхож, монголчуудын тухай ярих юмтай болоод буцна.
Төсөв нь нэмэгдэхээс үзүүлбэр нь шинэчлэгддэггүй нээлт, хаалтын маапаан. Үндэсний их баяр наадмын нээлт, хаалтын тоглолтыг Төрийн шагналт Н.Наранбаатар найруулагч тав дахь удаагаа найруулах гэж байна. Энэ жилийн наадмын нийт төсөв есөн тэрбум төгрөг. Таван тэрбум төгрөгийг нийслэлээс, үлдсэн дөрвийг нь ССАЖЗ-ын сайдын төсвөөс гаргана гэж байгаа. Өнгөрсөн жилийн наадмын нээлт, хаалт, төрийн хүндэтгэлийн концертын төсөв 2.9 тэрбум байсан. Ковидын үед буюу 2021 оны олон тэгш ой таширласан наадмаар бид 10 тэрбумаар наадаж байсан шиг энэ жил онцлох гойд үйл явдалгүй хэрнээ есөн тэрбумыг төсөвлөж. Нээлт, хаалтын тоглолтод таван тэрбум буюу өмнөх оныхоос төсөв нь 1.7 дахин нэмэгдээд ч өнөөх л найруулагч Н.Наранбаатар, нөгөө л хэдэн жүжигчин, дуучин, бүжигчин, байдаг л цэнгэлдэх, дэлгэц, дарга нар тийш тэмүүлсэн тайз... “Мөнхөд гэрэлтэх Монгол” гээд нэрнээсээ хүртэл хуучинсаг байдал нэвт ханхлуулсан энэ жилийн нээлт, хаалтаас юу ч хүлээгээд нэмэргүй гэлтэй. Өөр газар наадмаа хийх, эсвэл орчин үеийн шинэ цэнгэлдэх хүрээлэнтэй болдоггүй л юм бол ер нь хойшдоо ч их зүйл хүлээх хэрэггүй. Шавхаад шавхаад “ус” л гоожно. Тэр ус нь татвар төлөгчдийн буюу төсвийн крантнаас гоождогийг санацгаая. Зарцуулсан мөнгө төгрөг, цаг хугацааныхаа үнэ цэнийн энд хүрэхгүй, хоосон уянгын халилд хууртахаа ч больцгооё.
Л.Аргамжин