Дэлхийн томоохон хотууд амбицтай бодлого, алсын хараатай концепцоороо өрсөлддөг болсон. Тэд цэгцтэй төлөвлөлттэй, эрсдэлийн дархлаатай, иргэдэд ээлтэй, аюулгүй, хүртээмжтэй хотыг цогцлоохын тулд өөрийн орны онцлог, хууль тогтоомжид нийцүүлэн урт, богино, дунд хугацааны хөгжлийн бодлого, төлөвлөгөө, үзэл баримтлалыг боловсруулан хэрэгжүүлдэг юм. Энэ бүхнийх нь гол цөмд буюу анхаарлын төвд тухайн хотын оршин суугчид байдаг. Боловсруулж буй бодлого, төлөвлөгөө, хэрэгжүүлж байгаа шийдвэр бүрээ иргэдийн өдөр тутмын амьдралын чанарт сөргөөр нөлөөлөхөөргүй, асуудал бэрхшээл дагуулахааргүй байлгахыг чухалчилдаг гэсэн үг. Эцэс сүүлдээ дэлхийн хотууд нийгмийн суурь үйлчилгээг хэн нь иргэддээ түргэн шуурхай, төвөг чирэгдэлгүй, саадгүй хүргэж байна вэ гэдгээрээ өрсөлдөх болов. Тухайн хотын иргэд хамгийн наад захын хэрэгцээ болсон нийгмийн суурь үйлчилгээнүүдийг ямар ч бэрхшээлгүй авдаг байх нь амьдрахад таатай хотын гол шалгуур гэж үздэгээс тэр юм.
Дэлхийн түүх, урлаг соёлын төв гэгддэг Парис гэхэд “15 минутын хот” гэдэг концепц дэвшүүлээд буй. Иргэд нь сургууль, цэцэрлэг, эмнэлэг, нийтийн тээврийн буудал, худалдаа, үйлчилгээний төв, цэцэрлэгт хүрээлэн зэрэг өдөр тутам үйлчилгээ авдаг газруудад очихын тулд 15 минут л зарцуулдаг байх нөхцөл бүрдүүлэх нь эл концепцын утга учир.
Иргэдийнхээ амьдралын чанарын үзүүлэлт, аж үйлдвэрийн салбарын хөгжлөөр толгой цохидог Швед улс “Нэг минутын хот”-уудтай болох зорилт тавиад байна. Иргэдийнхээ өдөр тутмын үндсэн хэрэгцээ бүхий үйлчилгээг амьдран буй газрынх нь тойрогт хамгийн ойр төвлөрүүлж, хэдийд ч, ямар ч бэрхшээлгүйгээр авах таатай орчин бүрдүүлэх гэнэ. Хөгжингүй, томоохон хотууд ийм л супер, биднээс хол тасархай түвшинд бод лого, төлөвлөлтөөрөө өрсөлдсөөр. Зорилт дэвшүүлээд, бодлого, төлөвлөгөө боловсруулаад зогсохгүй үүнийгээ хэрэгжүүлэх ажлуудыг ч үлгэр жишээ хийж байгаа. Харин манай улс тэдний эгнээнд нэгдэж чадах уу. Энэ жишгээр өрсөлдөх чадамж бий юү. Монгол Улсын нийслэлийг “20 минутын хот” болгох боломжтой юу.
НУУХЫГ НЬ АВАХ ГЭЭД НҮДИЙГ НЬ СОХЛОХ ВИЙ
Манай улсын Засгийн газар Улаанбаатарыг “20 минутын хот” болгох зорилт тавьж, үүнтэй холбоотойгоор Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн бариад буй. Хэрэв энэ хуулийн төслийг баталбал дагалдах хууль, тогтоолын төсөлд тусгасанчлан Дархан, Эрдэнэт, Зуунмод, Шинэ Хархорум, Налайх, Багануур гэсэн улсын зэрэглэлтэй зургаа, орон нутгийн зэрэглэлтэй 34, дагуул дөрвөн хотыг байгуулж, бие даан хөгжүүлэхээр төлөвлөсөн. Түүнчлэн нийслэлийг 14 хот, 42 хороотойгоор шинэчлэн зохион байгуулахаар тусгасан юм. Ингэснээр чиг үүргийн төвлөрлийг бууруулж, хүн амын хэт төвлөрлийг задлах боломжтой гэж тооцоолсон. Өөрөөр хэлбэл, хотын төвлөрлийг сааруулах замаар агаар, орчны бохирдол, авто замын түгжрэл, барилгажилт, суурьшлын бүсийн замбараагүй тэлэлт, газар ашиглалт, засаг захиргааны нэгж дэх чиг үүргийн давхардал зэрэг тулгамдсан асуудлыг шийдвэрлэж, үүний үр дүнд “20 минутын хот”-ыг бий болгож, хөгжүүлэх үндэс суурь тавигдана хэмээж буй. Улаанбаатарыг бие даасан 14 хоттой болгож, одоо байгаа 204 хороог 42 хүртэл цөөрүүлэн, орон нутгийн статустай хотын тогтолцоонд шилжүүлснээр хороодын удирдлагууд төсвөө шууд захиран зарцуулах эрх мэдэлтэй болж, нийгмийн үйлчилгээг сайжруулах ажлуудыг хэрэгжүүлэх боломж бүрдэнэ гэж ярьцгааж байна. Үүнийг дагаад иргэдийн амьдрах орчин, амьдралын чанар сайжирна гэх. Ийм л сайхан ирээдүйг зөгнөсөн, зовлонгүй хэрэгжүүлчих боломжтой мэт амлалтуудыг “20 минутын хот”-ын концепцод тусгажээ. Үнэн хэрэгтээ энэ нь тэдний ярьж байгаа шиг, баримт бичигт тусгасан шиг амар зүйл биш. Хот, тосгоны эрх зүйн байдал, нутаг дэвсгэрийн нэгж, статусыг өөрчлөөд, хэдхэн хүнд эрх мэдэл олгоод хотжилтын асуудлыг шийдчихнэ гэвэл мөрөөдөл.
Өнөөгийн Улаанбаатарын төлөвлөлт, зохион байгуулалт бол суурийг нь буруу тавьснаас юу юугүй нурах гэж байгаа шилэн барилга шиг эмзэг, эрсдэлтэй. Иргэд эрүүл мэнд, боловсрол, соёл, нийгмийн хөгжлийн үйлчилгээг өдөр тутамдаа бэрхшээлгүй авах нь байтугай ажил, гэрийнхээ хооронд зорчих гэж зүдэрч, цаг хугацаа, эдийн засаг, эрүүл мэндээрээ хохирдог. Сургууль, цэцэрлэг, эмнэлэгт саадгүй хүрэх нь бүү хэл, нийтийн эзэмшлийн гудамж, талбай, хотхон, хорооллынхоо бүсэд ч аюулгүй зорчиж чаддаггүй шүү дээ. Ийм нөхцөлд засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн бүтэц, зохион байгуулалтыг өөрчлөхөөс илүүтэй тодорхой бүсчлэлүүдэд газар ашиглалт, олголт, барилгажилтыг цэгцлэх нь нийгмийн үйлчилгээг хүртээмжтэй болгох, амьдрах орчныг сайжруулах, тээвэр ложистик, дэд бүтцийн сүлжээг өргөтгөхөд чухал нөлөөтэй юм. Хот төлөвлөлтийн мэргэжилтнүүд ч үүнийг хэлж буй. Тодруулбал, улс, орон нутгийн зэрэглэлтэй олон хот байгуулж, нийгэм, эдийн засгийн бие даасан орчин бүрдүүлэн, иргэдийг шинэ суурьшлын бүсэд төвлөрүүлэх урт холын төлөвлөгөө дэвшүүлж, түүндээ хамаг найдвараа “овоолохоос” илүү өнөөдрийнхөө нөхцөл байдлыг сайжруулах, нийгмийн үйлчилгээг хүртээмжтэй болгох суурь дэд бүтцийг бүрдүүлэхэд анхаарах нь үр дүнтэй. Тэгээд ч хот байгуулна гэдэг нүсэр ажил. Бидэнд энэ чиглэлийн туршлага үгүй. Улаанбаатартай хаяа залгаа Налайх, Багануураа дагуул хотын хэмжээнд хөгжүүлнэ гэж ярьсаар арваад жил болсон. Хэрэв Засгийн газар хотын стандарт төлөвлөлтийн жишиг болгох амбицтай концепцоо хэрэгжүүлж чадахгүй бол Улаанбаатарын нөхцөл байдал бүр ч дордоно. Юун “20 минутын хот”, нуухыг нь авах гээд нүдийг нь сохлох гэгч үлгэр болох вий.
ТӨВЛӨРЛИЙГ СААРУУЛАХ УУ, ДААМЖРУУЛАХ УУ
Дэлхийн томоохон хотуудын жишгээс санаа авч гаргаж ирсэн “20 минутын хот” концепцыг “Шинэ сэргэлтийн бодлого”-ын үндсэн чиглэлүүдийн нэг “Хот, хөдөөгийн сэргэлт”-ийн хүрээнд хэрэгжүүлэхээр болсноо Засгийн газраас зарласан. “Хот, хөдөөгийн сэргэлт”-ийн үндсэн зорилго нь хөгжлийн тэнцвэрийг хангах замаар нийслэлийн их төвлөрлийг сааруулж, тулгамдсан асуудлуудыг нь шийдвэрлэх юм. Харин үүний хойно “мэндэлсэн” концепц нь нийгэм, эдийн засгийн бие даасан тогтолцоотой хотуудыг бий болгож, хөгжүүлэх замаар эл зорилгыг хэрэгжүүлэх гүүр болох гол үзэл санаатай. Харамсалтай нь, Хот, нийтийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын болон Хот байгуулах тухай УИХ-ын тогтоолын төсөлд тусгасан зэрэглэл, статусын эрэмбээр бол хот, хөдөөгийн хөгжлийн ялгаа, тэнцвэргүй байдал ирээдүйд улам гаарахаар буйг мэргэжлийн хүмүүс анхааруулсаар байгаа юм. Тодруулбал, улсын зэрэглэлтэй буюу нэгдүгээр эрэмбийн зургаан хотыг бүгдийг нь Монгол орны төвийн бүсэд байгуулахаар тогтсон нь төвлөрлийг задлах бус, харин ч даамжруулах, нийт хүн амын 80-90 хувь нь эдгээрт суурьших эрсдэлийг нэмэгдүүлж буй гэнэ. Манайх шиг газар нутгийнх нь 0.3-хан хувьд нийт хүн амынх нь тэн хагас аж төрдөг, төрийн бүх үйлчилгээ, нийгэм, эдийн засгийн таатай нөхцөлийг нийслэлдээ төвлөрүүлсэн улсад нэгдүгээр зэрэглэлийн хот олныг байгуулах тохиолдолд тархмал буюу бүсчилсэн байдлаар төлөвлөх нь оновчтой хэмээх. Ингэж байж төвлөрлийг сааруулж, төвөөс гадагшаа чиглэсэн шилжилт хөдөлгөөний урсгалыг нэмэгдүүлдэг юм байна. Гэтэл манай Засгийн газар үүний эсрэг төлөвлөлтийн зураг гаргажээ.
Дээрх хууль, тогтоолын төслийг боловсруулахад гар бие оролцсон судлаач, мэргэжилтнүүд төр засгийн хүмүүст энэ эрсдэлийг анхааруулж, санал хүсэлт, зөвлөмж хүртэл хүргүүлж. Даанч өнөөдүүл нь хэрэгсээгүй гэнэ. ШУА-ийн Газар зүй, геоэкологийн хүрээлэнгийн Нийгэм, эдийн засгийн газар зүйн салбарын дарга, доктор, дэд профессор М.Алтанбагана тэргүүтэй судлаачид Монгол Улсад том, дунд, жижиг хэмжээний нийт 34 хот байгуулах санал дэвшүүлжээ. Үүний хоёр нь нийслэл болон нийслэлийн баримжаатай нэгдүгээр эрэмбийн, ес нь нийгэм, эдийн засгийн хөгжилд голлох үүрэг бүхий хоёр, гуравдугаар эрэмбийн улсын зэрэглэлтэй, 23 нь орон нутгийн зэрэглэлтэй хот байх төлөвлөлт хийж. Хотын статус авах боломжтой бүх суурин газарт таван бүлгийн 18 шалгуур үзүүлэлтээр орон зайн анализ, шинжилгээ хийсний үндсэн дээр үүнийг тогтоосон бөгөөд Дархан, Чойбалсан, Даланзадгад, Улиастай, Ховд, Өлгий, Мөрөн, Эрдэнэт, Сайншандыг улсын зэрэглэлтэй томоохон хот болгож хөгжүүлэхэд тохиромжтой гэж дүгнэжээ. Анзаарвал эдгээрийг бүсчилсэн байдлаар сонгосон байна. Гэвч бодлого, шийдвэр гаргах түвшний хүмүүс эрдэмтэн, судлаачидтай гар нийлэн ажилласан мэт дүр эсгэчхээд энэ мэт хамгийн чухал санал, зөвлөмжийг нь үл тоон, орхигдуулжээ.
АМЛАЛТ, ХИЙРХЛЭЭ ХОЙШ ТАВЬЯ
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “20 минутын хот” концепцыг танилцуулахдаа “Манай Засгийн газар байгуулагдсан цагаасаа тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх суурь реформыг хийхэд анхаарч ирсэн. Суурь асуудал шийдэгдэхгүй бол түүнээс улбаалсан зовлон хэзээ ч арилахгүй. Улаанбаатар хотын засаг захиргааны бүтцийг 1960 онд дөрвөн районтойгоор, 1992 онд есөн дүүрэгтэйгээр өөрчлөн байгуулсан. Тэр цагаас хойш 32 жил өнгөрчээ. Нийслэлд эрс, цогц реформ хийх цаг нь болсон” хэмээн ярьсан юм. Улаанбаатар хотод өөрчлөлт шинэчлэл хийх цаг нь болсон гэдэгтэй хэн ч маргахгүй. Нийслэлчүүдэд өдөр тутам тулгардаг асуудал, бэрхшээлүүд үүнийг нотолж буй. Гэхдээ зовлон бэрхшээлээр түрээ барьж, улс төрийн оноо цуглуулан, шоу хийдэг явуургүй бодлогоос “20 минутын хот”-ыг хол байлгах хэрэгтэй. Одоогоор холбогдох хууль, тогтоолын төслүүдийг өргөн барьж, эл концепцыг хэрэгжүүлэх Үндэсний хороог байгуулан, сайд, дарга томилсноос өөр хийсэн, тодорхой болгосон зүйл Засгийн газарт байхгүй.
Тийм байтал улс төрчид мөрөөдлийн хотоо байгуулчихсан мэтээр сурталчилж, амбицалж байгаа. Сонгуульд нэр дэвшсэн хүмүүс нь хүртэл “Хязгаарыг давсан хотжилтын шийдэл нь “20 минутын хот” хэмээн сурталчилгаа хийж, нийслэлчүүдэд сайн сайхан ирээдүйг амласан. Түгжрэл, утаа гээд үй олон дарамтад аж төрж буй хотынхонд “Асуудлыг чинь шийдэж өгнө”, “Нийгмийн үйлчилгээг гэрийн тань хаяанд аваачна” хэмээх амлалтууд амьдралд ойр санагдсан байж магадгүй л юм. Харин эдгээрийгээ хөрсөн дээр буулгаж чадах уу гэдэг томоос том асуултын тэмдэг улаанбаатарчуудын өмнө тулгараад байна. Засгийн газар хот байгуулалтын салбарт үнэхээр л эрс, цогц реформ хийх гэж буй бол хоосон амбиц, “гоё” амлалтуудаа таягдан хаяад мэргэжлийн түвшинд ажиллах хэрэгтэй. Хот байгуулалтын чиглэлээр мэргэшсэн хүмүүсийн оролцоог бодитойгоор хангаасай. Наадмын өмнө болсон “Монголын эдийн засгийн чуулган”-ы үеэр Ерөнхий сайд “20 минутын хот”-ын хүрээнд Бага тойрууг Хөшигийн хөндийтэй холбосон гүүр байгуулна. Төв талбай дахь Чингис хааны хөшөөнөөс Хөшигийн хөндийн “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудалд 20 минутын дотор шууд очдог байх боломж бүрдүүлнэ. Энэхүү гүүрийг “Go Mongolia” буюу өөдлөн тэмүүлэх Монгол хэмээн нэрлэнэ” гэхчлэн адал явдалт кино шиг л зүйлс ярьсан. Амьдрах таатай орчин бүрдүүлнэ, нийгмийн суурь үйлчилгээг хүртээмжтэй болгоно гэдэг тогтвортой бодлого, үзэл баримтлалтай хотуудад бол минутаар тодорхойлж, хэмжиж, биелүүлж болох зүйл хэдий ч манайх шиг замбараагүй, төлөвлөлтгүй нийслэлд тэс ондоо гэдгийг онцолъё.