Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү өнгөрсөн сарын 10-нд олон нийтэд мэдээлэл өгөх үеэрээ Худал мэдээлэлтэй тэмцэх төв байгуулна гэж мэдэгдсэн. Тодруулбал, тэрбээр “Дэлхийн нийтэд 2030 он хүртэлх хамгийн том эрсдэл бол кибер аюулгүй байдал, худал мэдээлэл болж байна. Тиймээс Худал мэдээлэлтэй тэмцэх төвийг Монгол Улс албан ёсоор байгуулна. Өөрөөр хэлбэл, кибер аюулгүй байдлын хүрээнд бид цоо шинэ зүйл хийнэ. Энэ нь Худал мэдээлэлтэй тэмцэх төвийг байгуулах юм.
Худал мэдээллээс болж нийгэм хуваагдаж, улс орны эв нэгдэл алдагдан, зөрчил гарна. Тиймээс мэдээллүүд шинжлэх ухааны хувьд үнэн, батлагдсан, эсэхийг албан ёсоор хянах төвийг ЦХИХХЯ байгуулан ажиллах юм” гэж ярьсан. Энэ мэдэгдэл гарсан даруйд маш олон хүн байр сууриа илэрхийлж, иргэний үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрхийг нухчин дарах гэсэн санаархал, төр мэдээллийг хянах гэж оролдох нь дарангуйлал тогтоохын эхлэл хэмээн эсэргүүцэж байлаа.
Үүний дараахан Цагаан сар, Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр зэрэг тэмдэглэлт баяр үргэлжилж, төр иргэнээ хянах гэсэн увайгүй үйлдэл, дарангуйлал тогтоохоор улайрч буйг нь иргэд мартаж орхисон бололтой. Тэгвэл дахин сануулъя. Ард түмнээ хонь мэт номхон байлгаж, ноолохын тулд төр засаг Үндсэн хуульд заасан үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрхэд хэд хэдэн удаа халдахыг санаархаж байв. Тухайлбал, 2020 онд Цагдаагийн ерөнхий газрын дэргэд Худал мэдээлэлтэй тэмцэх дагнасан нэгж байгуулахаар зүтгэж, үйл хэрэг ч болгоод амжсан. Хүний эрхийн чиглэлээр ажилладаг байгууллагынхан үүнийг эсэргүүцэж, хуулиар хулгайтай тэмцдэг болохоос бус, худал мэдээлэлтэй тэмцдэггүй хэмээн дуу хоолойгоо хүргэж байсан ч зогсоож чадаагүй юм. Мөн 2022 онд одоогийн Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, сайд Н.Учрал Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хангах тухай хуулийн төсөл УИХ-д өргөн барьж байв. Ингэхдээ хууль зөрчин хоёр хоногийн дотор батлуулсан ч Ерөнхийлөгч хориг тавьснаар хэрэгжүүлээгүй билээ. Тэгвэл төрөөс эл үйл хэргийг гүйцээхээр тус хуулийн нэг хэсэгт багтсан Худал мэдээлэлтэй тэмцэх төвийг байгуулахаа сарын өмнөхөн зарлачихлаа.
Таамагласан, эсвэл баримт нотолгоонд тулгуурласан, үгүй бол хардах эрхийнхээ хүрээнд ийм байж магадгүй хэмээн асуудал хөндсөн, шүгэл үлээсэн зэрэг хуулийн хүрээнд үзэл бодлоо илэрхийлсэн нэгнийг худалч болгох амар хялбар арга зам нь Худал мэдээлэлтэй тэмцэх төв байгуулах бололтой. Таалалдаа нийцээгүй мэдээлэлд “худал” хэмээх хар тамга дараад л иргэдийн тархийг угаах шиг хялбар зүйл гэж хаа байх вэ. Авлига, ашиг сонирхлыг илчилсэн, Засгийн газар, улс төрчдийг шүүмжилснийхээ төлөө ч иргэд шүүлтүүрт орж мэдэх. Төрийн байгууллагынхан даргынхаа чиг үүргийн дагуу ажилладаг. Тэдний “худал” гэж гаргасан дүгнэлтийг шүүх, цагдаагийн байгууллагынханд шилжүүлэх үү. Энэ нь дабл стандарт үүснэ гэж хуульчид үзэж буй юм.
Өөрөөр хэлбэл, Худал мэдээлэлтэй тэмцэх төвийг ямар үндэслэл, шаардлагаар байгуулах нь тодорхойгүй байна. Манай улс хүний нэр төр, алдар хүндийг гутаах, гүтгэн доромжлохын эсрэг хуультай улс. Тодруулбал, 900 орчим хууль, нийтээр дагаж мөрдөх 2000 гаруй журам хүчин төгөлдөр үйлчилж байгаа. Бүгд өөр өөрийн зохицуулалттай бөгөөд буруутай этгээдэд хариуцлага тооцож буй. Тэгвэл хуулиар зохицуулж буй энэ асуудалд төр яагаад хошуу, хуруугаа нэмэх гээд байна вэ. Зөвхөн төр л худал, үнэнийг тогтоож чадах уу. Үнэн болохыг нь яаж батлах вэ. Үүнийхээ оронд төр мэдээллийн нээлттэй байдлыг хангаж, хэвлэлийн эрх чөлөөг хуулиар хамгаалж, иргэдээ мэдлэгтэй болгосноор худал мэдээлэлтэй тэмцэх биш үү.
Төрийн байгууллагууд бүгд дэргэдээ хэвлэл мэдээллийн газар, алба, хэлтэс ажиллуулж, өөрсдийн таалалд нийцсэн мэдээллийг түгээсээр удаж буй. Дарга, сайд, албан тушаалтнуудаас сэтгүүлчид мэдээлэл авна гэдэг биелшгүй даалгавар мэт болсон. 2024 онд Монгол Улс хэвлэлийн эрх чөлөөний үзүүлэлтээр 21 байр ухарч, 109 дүгээрт эрэмбэлэгдсэн. Мөн ардчиллын индексээр дөрвөн байраар ухарч, 81 дүгээрт бичигдсэн юм. Ардчилал, хэвлэн нийтлэх эрх чөлөө улам хумигдсаар байгаа энэ цагт төрөөс Худал мэдээлэлтэй тэмцэх төв байгуулбал дарангуйлал тогтоно хэмээн хуульч, судлаачид хэлж байна. Энэ чиглэлээр ажилладаг мэргэжилтнүүдээс цөөн асуултад хариулт авснаа хүргэе.
Байр суурь
Худал мэдээлэл хамгийн их түгээдэг нь улс төрчид, төр засаг
Б.Пүрэвсүрэн (“Глоб интернэшнл төв” ТББ-ын хуульч)
-ЦХИХХЯ-наас Худал мэдээлэлтэй тэмцэх төв байгуулна гэж мэдэгдсэн. Энэ боломжтой юу?
-Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хууль нь “...Төрөөс олон нийтийн мэдээллийн агуулгад хяналт (цензур) тогтоохгүй”, “Төрөөс хэвлэл мэдээллийн хэрэгсэлд нийтлэх, нэвтрүүлэх мэдээлэлд хяналт тавих байгууллага байгуулахгүй бөгөөд ийм хяналтын үйл ажиллагааг санхүүжүүлэхгүй” гэсэн заалттай. ЦХИХХЯ-наас Худал мэдээлэлтэй тэмцэх төв байгуулах нь үүнтэй зөрчилдөнө. Дээрх нэгжийг төрөөс санхүүжүүлэхгүй байх хуулийн гарц, шийдэл нь энэ юм. Нөгөө талаас худал мэдээлэл хамгийн их түгээдэг этгээд нь улс төрчид, төр засаг өөрсдөө шүү дээ. Хэвлэл мэдээллийн хэрэгсэлд үнэн бодит мэдээлэл түгээх үүрэг нь ёс зүйн зарчмаараа оногдсон байдаг. Ёс зүйн асуудал зөрчсөн бол Хэвлэл мэдээллийн зөвлөлөөс хариуцлага тооцох зөөлөн зохицуулалтын хэм хэмжээг мөрдөж байгаа. Харин иргэн хэвлэл мэдээллийн редакц шиг баталгаатай, үнэн бодит мэдээлэл төдийлөн түгээх боломжгүй байдаг нь сэтгүүл зүйн арга, төрлөөрөө ч ялгаатай. Гэвч худал мэдээлэлтэй тэмцэх нэгж нь Монгол Улсын 3.4 сая иргэний үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрхийг үл хүндэтгэн, таамагласан, асуудал дэвшүүлсэн төдийд л хариуцлага ярих “шийтгэл” олгож байна. Өнөөдөр би ийм юм бичлээ гээд маргааш нь “амаа мэдээрэй” хэмээн дарамтлуулж, хариуцлага үүрэх ёсгүй юм.
Бидний үзэл бодлоо илэрхийлэх эрхийг хамгаалах үүднээс НҮБ-ын Ерөнхий ассамблейгаас 2013 онд “Цахим орчинд халдашгүй байх эрхийг хэрэгжүүлэх” талаарх тогтоол баталсан. Түүгээр бүх улс орныг “...интернэтээр үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх, эрх чөлөөг эдэлж буй аливаа хүний цахим харилцаанд халдашгүй байх эрхийг хүндэтгэн хамгаалах, энэ эрхийг зөрчих явдлыг зогсоох шаардлагатай арга хэмжээ авах, дотоодын холбогдох хууль тогтоомжийг олон улсын хүний эрхийн гэрээний дагуу хүлээсэн үүрэгт нийцүүлэн уялдуулах, хэрэгжүүлэх зэргээр ийм зөрчил гарахаас урьдчилан сэргийлэх нөхцөл бүрдүүлэх”-ийг уриалсан байдаг. Энэ нь интернэтэд үзэл бодлоо илэрхийлэх эрх, эрх чөлөөг тусгайлан баталгаажуулсан олон улсын стандартад тооцогддог.
-Сошиал орчинд үнэн, худал нь мэдэгдэхгүй маш их хэмжээний мэдээлэл цацагддаг. Үүнийг хууль, эрх зүйн хүрээнд “хумих” ямар арга байна вэ. Мөн улс орнууд худал мэдээлэлтэй хэрхэн тэмцдэг юм бол?
-Сингапур улс нь fake news буюу худал мэдээллийн тухай тусгайлсан хууль 2019 онд баталсан. Гэвч энэ төрлийн хууль нийгмийн хэрэгцээ, шаардлагад тэр бүр нийцэхгүй байгааг олон улсын экспертүүд хэлдэг. Хамгийн үр дүнтэй арга бол технологийн нөөц боломжид нь тулгуурлаж арга хэмжээ авах юм. Жишээлбэл, бүхий л томоохон нийгмийн сүлжээ эрхлэгч компаниудын өөрсдийн бодлогод нь худал мэдээллийг мэдэгдсэнээр устгах хүртэл арга хэмжээ авах эрх нь нээлттэй бий. Бодлогын түвшинд мэдээллийн суурь боловсролыг сайжруулах, найдвартай эх сурвалжаас мэдээлэл авах, баримт шалгагчдын (fact checker) үйл ажиллагааг дэмжих гэх мэт асуудлыг нэрлэж болох юм.
Албан тушаалтнуудыг хаацайлж, мэргэжлийн сэтгүүл зүйн бүтээлийг гутаах санаархал
Э.Батцэцэг (Монголын баримт шалгах төвийн ерөнхий эрхлэгч)
-Худал мэдээлэлтэй тэмцэх төв байгуулах тухайд та ямар байр суурь илэрхийлэх бол?
-Хуурамч мэдээллийг гурав ангилдаг. Misinformation буюу түгээж буй хүн өөрөө үнэн гэж итгэсэн худал мэдээлэл. Андуурч ташаарсан тоо баримт зэрэг нь аяндаа залруулагддаг, бодит мэдээллийг авч болдог. Харин худал гэдгийг нь мэдсээр байж ямар нэгэн зорилгоор түгээж байгаа disinformation, malinformation гэсэн хоёр төрлийг зохион байгуулалттайгаар, тодорхой зүйлд чиглүүлж, бүтээж түгээдэг үйл ажиллагаа тасралтгүй өрнөж байна. Энэ үйл ажиллагаатай тэмцэх нь зөв. Гэхдээ төрийн байгууллага биш, хараат бусаар ажиллах бие даасан, мэргэжлийн редакцууд, баримт шалгах байгууллагууд учир шалтгаан, үр дагаврыг нь олон нийтэд таниулж, эрэн сурвалжилж, хуурамч мэдээллийг бууруулах боломжтой.
Хоёр жилийн өмнө Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хангах тухай хуулийн төслийг Хууль тогтоомжийн тухай хууль, УИХ-ын дэгийн тухай хууль зэргийг зөрчөөд хоёрхон хоногийн дотор парламентаар батлуулж байсан. Тухайн үед хэвлэл мэдээллийн эрх чөлөөний төлөөх дотоодын болон олон улсын байгууллагуудын хараанд өртөж, эсэргүүцсэнээр Ерөнхийлөгч хориг тавьж, хүчингүй болгуулсныг уншигчид санаж буй байх. Тэр хуулийн дөрөвдүгээр бүлэгт төрийн байгууллага харьяандаа худал мэдээлэлтэй тэмцэх нэгж байгуулаад иргэдийн цахим орчинд нийтэлсэн зүйлсийг 72 цагийн дотор хянаж, шалгах, цаашлаад эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр бол хуулийн байгууллагад шилжүүлнэ гэж заасан байсан. Энэ мэт олон заалтаасаа болж хүчингүй болсон хуулиас өөрсдөд хэрэгтэй хэсгээ таслаад, дахин оруулж ирэх нь. Ер нь л иргэдээ хянах, үзэл бодлоо илэрхийлэх, төрийн алдаа, авлигын хэрэг, тооцоо судалгаагүй шийдвэрүүдийг нь шүгэл үлээж мэдээлэх орон зайг хумих оролдлогоо ингэж аажмаар зүтгүүлсээр буй хэлбэр гэж харж байна. Төрийн худал мэдээлэлтэй тэмцэх төв нь ШУА-ийн эрдэмтэн, судлаачидтай хамтран ажиллана гэсэн байсан. Сэтгүүлч, баримт шалгагч нарын хамгийн түрүүнд эх сурвалж болгож, тодруулга мэдээлэл авдаг хүлээн зөвшөөрөгдсөн хүмүүс л дээ. Гэхдээ тэд мэргэшсэн сэдвээрээ л мэдээлэл өгөхөөс биш, баримт шалгагч нар шиг тухайн хуурамч мэдээллийг хаанаас, ямар зорилгоор түгээж байгааг, хэрхэн өөрчлөн бүтээсэн зэргийг хэлэх боломжгүй юм.
-Төр нь Худал мэдээлэлтэй тэмцэх төв байгуулаад амжилт олоогүй жишээ олон улсад цөөнгүй юм билээ.
-Олон улсад төрийн дэргэдэх баримт шалгах байгууллагууд ажиллаж ирсэн туршлага бий ч муу жишээгээр яригддагийг судалгаанууд харуулсаар байна. Манай Монголын баримт шалгах төв гишүүнээр нь элссэн Олон улсын баримт шалгах сүлжээ (IFCN)-ний хүрээнд ч энэ асуудлыг хөндөж, fake-factcheckers буюу “хуурамч баримт шалгагч нар” гэж дүгнэсэн байдаг. Жишээлбэл, Бразилын Засгийн газрын баримт шалгах хөтөлбөрт хийсэн судалгааг дурдаж болно. “Лупа” гэж манайх шиг IFCN-ий гишүүн байгууллага тус төвийн долоон сарын хугацаанд хийсэн 168 баримт шалгалтад судалгаа хийжээ. Ингэхэд 38 хувь нь зөвхөн Засгийн газрын өгсөн мэдээллээр, 14 хувь нь нээлттэй эх сурвалжгүйгээр шууд худал гэсэн байсан. Ингээд 52 хувь буюу талаас илүү нь эх сурвалжийн шаардлага хангахгүй тул түүнийг баримт шалгалт гэж үзэх боломжгүй. Бүр нарийвчилбал 506 эх сурвалжийн линк хавсаргасан ч 70.2 хувь нь Засгийн газрын эх сурвалж байжээ. Өөрөөр хэлбэл, Засгийн газрын мэдээллийн алба шиг л ажилласан. Мөн тэд баримт шалгагчдын мэдээллийг “сайд, албан тушаалтныг гутаах зорилготой” гэж дүгнэж гаргаж байв. Ялангуяа манайх шиг дурын байгууллагынхан нь худал мэдээлэл гээд л хэлчихвэл худал юм шиг аашилдаг улсад төр үүнийг хянах нь өрөөсгөл. Тэр дундаа хүний үзэл бодлыг хүртэл “худал мэдээлэл” гэж тамгалж түгээдэг, төрийн ажлын болохгүй, бүтэхгүйг шүүмжилсэн бүтээлч хуудаснуудыг шалгаж, байцаадаг гэх мэт үзэгдэл нэгэнт бий болсон газарт төрийн мэдлийн баримт шалгах төв байгуулна гэдэг нь шууд л дарангуйлал, хэлмэгдүүлэлт рүү хөтөлнө. Төр өөрийнхөө эсрэг баримт шалгалт хийхгүй шүү дээ. Албан тушаалтнуудыг хаацайлж, мэргэжлийн сэтгүүл зүйн бүтээлийг гутаах зорилгоор ашиглах санаархал гэдгийг олон улсын жишээ харуулсаар байна.
-Иргэдэд бодит мэдээллийг хүргэхийн төлөө Баримт шалгах төв ажилладаг гэж ойлгодог. Та бүхэн ямар эх сурвалжид үндэслэн мэдээллийг нягталдаг вэ?
-Бид IFCN-ий ёс зүйн зарчмыг мөрдөж ажилладаг. Баримт шалгагч нар нам бус байх шаардлагатай. Мөн сэтгүүлчдээс ялгаатай нь эх сурвалжаа нээлттэй мэдээлэх буюу аль болох нээлттэй, баталгаатай эх сурвалжуудыг зааж өгдөг. Цахим орчинд түгж буй эмх замбараагүй мэдээллүүдэд найдвартай эх сурвалж, мэргэжлийн сэтгүүл зүйн бүтээл дарагдаж байгаа энэ үед алгоримтыг ашиглан, хүмүүсийн уур бухимдал, сэтгэл хөдлөл дээр тоглож буй дуулиан, шуугианы цаад шалтгааныг тайлбарлаж, хаанаас явуулж байгааг таамаглан ажилладаг. Харамсалтай нь, улс төрчид, нам бүлэглэл, бизнесийн байгууллагаас гээд зохион байгуулалттай мэдээллийн манипуляц хийх үзэгдэл тасралтгүй явж байна. Энд дотоодын төдийгүй гадаадын нөлөөлөлтэй мэдээлэл ч бий. Таван жилийн хугацаанд бид 1300 гаруй мэдээлэлд баримт шалгалт хийснээс хамгийн их түгдэг хуурамч мэдээлэл нь эрүүл мэндийн сэдэв, удаах нь улс төр, нийгмийн асуудлуудтай холбоотой байв. Түүнчлэн цахим залилангийн мэдээллүүд хүүхдийн мөнгө, хувьцааны ногдол ашиг тараахад буюу иргэд мөнгөтэй болох үед тогтмол идэвхэждэг. Сүүлийн үед хиймэл оюун ашиглан бүтээсэн хуурамч мэдээллүүд сорилт болж байна. IFCN бол гишүүн байгууллагуудынхаа баримт шалгагчдыг чадавхжуулах, хуурамч мэдээллийг бууруулах чиглэлээр ажилладаг. Бид 2021 онд ёс зүйн кодын шаардлага хангаж элссэнээс хойш гурав дахь удаагаа гишүүнчлэлээ сунгуулаад байна. Ингэснээрээ зөвхөн баримт шалгагч нар ашиглах технологийн хэрэглүүрүүд, эх сурвалжийн нээлттэй дата санд ажиллаж, AI мэдээлэлд хандах гэх мэт сүүлийн үеийн ур чадваруудад суралцаж явна.
Эх сурвалжийн хувьд олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн судалгааны дата сан, хууль, эрх зүй, нээлттэй мэдээллийн сан, баталгаатай хэвлэл мэдээллийн байгууллагууд зэрэгт цахим орчинд шуурхай хайлт, бусад хэрэглүүрийн тусламжтайгаар дүн шинжилгээ хийдэг. Нөгөө талаас дотоодын мэргэжилтнүүд, холбогдох эх сурвалжуудаас тодруулдаг. Гол нь тухайн хүний хэлсэн мэдээллийг батлах баримт нь юу болохыг заавал давхар баталгаажуулдаг юм. Жишээ нь, албан тушаалтан холбогдсон авлигын хэргийн талаар өөрийгөө өмөөрсөн мэдээлэл өглөө гэхэд буруугүйг нь баталсан шүүхийн шийдвэрийг олж, хамтад нь нийтлэх гэдэг ч юм уу, эсвэл ямар нэг өөрчлөлт оруулсан мэдээллийг технологийн хэрэглүүрээр ямар өөрчлөлт хийснийг нь харуулах гэх мэтээр ажилладаг.