Хөвсгөл, Сүхбаатар аймагт ой, хээрийн түймэр гарчээ
Хөвсгөл, Сүхбаатар аймгийн нутагт энэ сарын 10-нд ой, хээрийн түймэр гарчээ. Тухайлбал, Хөвсгөлийн Жаргалант сумын Харгана багийн нутагт ой, хээрийн түймэр гарч, аймгийн Онцгой байдлын газрын Галт сум дахь Гал түймэр унтраах, аврах 76 дугаар ангийн алба хаагчид, Жаргалант сумын ойн мэргэжлийн ангийнхан, орон нутгийн иргэд хамтран энэ сарын 10-ны орой бүрэн унтраасан байна. Түймэрт хоёр га талбай шатсан гэнэ.
2024-06-12
Цэцийн хуралдааныг шууд дамжуулна
Үндсэн хуулийн цэцийн нийт гишүүний хуралдаанаар Цэц, түүний Тамгын газрын үйл ажиллагааг боловсронгуй болгох талаар хэлэлцэж, тодорхой саналууд дэвшүүлжээ. Ялангуяа Цэцийн үйл ажиллагаа олон нийтэд нээлттэй, ил тод байх, үнэн бодит мэдээллээр хангахад онцгой анхаарахыг гишүүд чухалчилсан гэнэ. Үүнтэй холбоотой зарим арга хэмжээг Цэц авч хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд үйл ажиллагааныхаа талаарх мэдээ, мэдээллийг өөрийн байгууллагын цахим хуудсанд тогтмол байршуулж, олон нийтийн сүлжээнд албан ёсны хаягаар түгээж эхэлсэн байна. Мөн Цэцийн дунд, их суудлын хуралдааны явцыг шууд дамжуулахаар техник, зохион байгуулалтын бэлтгэл ажлыг хангаж буй аж.
2024-06-12
Үерт өртсөн аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл хохирлыг нь барагдуулахыг шаардав
Их хэмжээний аадар борооны улмаас усанд автсан аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл төв талбайд өчигдөр тайван жагсаал хийж, холбогдох албаныханд шаардлага хүргүүллээ. Тодруулбал, өнгөрөгч оны 7-8 дугаар сард нийслэлийн 70 орчим хороо, 200 гаруй орон сууц, хашаа үерт өртөж, 40 мянга гаруй өрх цахилгаангүй болж, иргэд эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирсон билээ. Түүнээс хойш 10 гаруй сар өнгөрсөн ч иргэд, аж ахуйн нэгжүүдийн хохирлыг барагдуулаагүй байна. Тэдний төлөөлөл тухайн үед хохирлын хэмжээ, мөнгөн дүнгээ баримт бичигтэй нь холбогдох байгууллагад хүргүүлсэн ч одоо хүртэл ямар ч арга хэмжээ авч, хариу өгөөгүйг онцоллоо.
2024-06-12
Энэ он гарснаас хойш 12 хүн ДОХ-оор өвчилснийг тогтоожээ
Манай улсад энэ оны таван сард 12 хүн ДОХ-оор өвчилснийг тогтоожээ. Эдгээрээс тал хувь буюу зургаан тохиолдлыг өнгөрсөн сард илрүүлсэн нь нэлээд өндөрт тооцогдож байна. Үүний өмнөх буюу дөрөвдүгээр сард нэг хүн ХДХВ-ийн халдвар авсныг тогтоож байсан аж. Манай улсад ХДХВ-ийн халдвар авсан нийт хүний тоо одоогоор 380-д хүрчээ. Уг халдварын улмаас нас барсан тохиолдол энэ онд бүртгэгдээгүй гэнэ.
2024-06-12
Шударга, ёс зүйтэй өрсөлдөхийг ХЭҮК-оос зөвлөлөө
УИХ-ын сонгуулийн сурталчилгаа албан ёсоор эхэлсэнтэй холбоотойгоор Хүний эрхийн үндэсний комиссоос таван зүйл бүхий зөвлөмж гаргажээ. Сонгуулийн ил тод байдлыг хангах ажлын хүрээнд сонгогчдын бүртгэл тойрсон зөрчил, маргааныг шуурхай арилгах, ажиглагчдыг ялгаварлахгүй байх, санал хураах төхөөрөмжийн ажиллах горим, санал хураалтын үнэн зөв байдлыг хянах механизмын талаарх мэдээлэл, сурталчилгааг өргөн хүрээтэй явуулахыг тэд зөвлөжээ. Мөн сонгуулийн оролцоог хангах, сонгогчдыг ялгаварлахгүй байх, ялангуяа хөгжлийн бэрхшээлтэй сонгогчдын санал өгөх боломжийг бүрдүүлэх ёстой гэсэн байна.
2024-06-12
Зудад өртсөн хүүхдүүдэд дасгал ажлын дэвтэр хүргэнэ
НҮБ-ын Хүүхдийн сангийн дэмжлэгтэйгээр “Миний анхны сурах бичиг” дасгал ажлын дэвтэр хэвлүүлээд буйгаа Боловсролын ерөнхий газраас мэдээлэв. Эхний ээлжид 1000 дэвтэр хэвлэсэн бөгөөд тэдгээрийг Архангай, Дорнод, Дорноговь, Дундговь, Говьсүмбэр, Хэнтий, Сүхбаатар, Төв, Завхан зэрэг аймгийн өвөлжилт хүндэрсэн, зудад өртсөн сумууд дахь 4-5 настай хүүхдүүдэд хүргэх гэнэ. Бага насны хүүхдийн хөгжил, боловсролын талаарх судалгаа дүн шинжилгээ, дэвшилтэт арга зүйд тулгуурлан энэхүү дэвтрийг гаргаснаараа онцлогтой аж. Сургуулийн өмнөх боловсролын сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэх, эцэг, эх, асран хамгаалагчид хүүхдээ сургуульд амжилттай бэлтгэхэд туслах мэргэжлийн баг үүнийг боловсруулжээ. Мөн бусад хүүхэд ч уг дэвтрийг ашиглах боломж бүрдүүлэхийн тулд цахим орчинд байршуулаад буй юм байна.
2024-06-11
Азийн инновац, соёлын форум зохион байгуулах нь
“Азийн инновац, соёлын форум-2024” энэ баасан гарагт болно. Уг хэлэлцүүлэг нь манай улсын соёлын үнэт зүйлсийг сурталчлан таниулж, олон улсын арга туршлага, технологиос суралцах, хамтран ажиллах боломжийг нээх зорилготой аж. Хэлэлцүүлгийн үеэр виртуал ертөнцөд суурилсан нийгмийн сүлжээ “Guyuk metaverse”-ийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал А.Энхбаяр “Монгол дахь метаверсийн өнөөгийн чиг хандлага” сэдвээр илтгэл хэлэлцүүлнэ. Мөн Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр “Монголын түүх ба соёл” сэдвээр илтгэл тавих юм байна. Харин гадаадаас Япон, Хятад улсын төлөөллүүд оролцож, техник, технологи, метаверс, виртуал орчны талаар илтгэл хэлэлцүүлж, сэтгэгдлээ хуваалцах гэнэ. Энэхүү хэлэлцүүлгийг Соёлын яам, БОАЖЯ, Монголын анимэйшний холбоо хамтран зохион байгуулах юм.
2024-06-11
Гудамжны хоолны үйлчилгээ эрхлэгчдэд зөвшөөрөл олгосон ч цахилгааныг нь холбосонгүй
Хоол хүнс бол тухайн улс үндэстний соёлыг илэрхийлэх томоохон хүчин зүйлсийн нэг. Тиймдээ ч уламжлал, соёлтой нь салшгүй холбоотой. Зарим улс орны хувьд гудамжны хоол нь нэрийн хуудас болтлоо хөгжсөн нь ч бий. Тухайлбал, БНСУ, БНХАУ, Япон гэх мэт Азийн оронд энэ соёл нийтлэг ажиглагддаг. Манай улс ч үүнтэй хөл нийлүүлэхийг хичээж буй. Уламжлалт хоол болох хуушуур, буузнаас эхлэн бусад орны үдэн, жантай гоймон зэргийг ч манай үйлчилгээ эрхлэгчид хийж, иргэддээ хүргэж, дэлхийд гудамжны хоолны соёлыг түгээсээр багагүй хугацаа үджээ. Өдгөө хүрээгээ улам л тэлж, хаа нэг харагддаг байсан өнгө өнгийн бүхээгтэй түргэн хоолны машинуудаар нийслэлийг чимэх болсон. Street food буюу гудамжны хоолны соёл Монголд нутагшихад юу саад болж буй болон иргэд үүнийг хэрхэн хүлээж авч буйг сурвалжиллаа.
2024-06-11
“Монголын нууц товчоо”-ыг брайл үсгээр хэвлэжээ
Харааны бэрхшээлтэй иргэдэд зориулан брайл, кирилл бичгээр “Монголын нууц товчоо”-ыг бүтээжээ. Мөн харааны бэрхшээлтэй иргэдэд зориулсан ярьдаг хувилбарыг ч гаргасан байна. Энэхүү бүтээлийг Үндэсний номын сангийн шинэ салбарт өчигдөр нээлээ. Соёлын яамны санхүүжилтээр Чингис хааны өв, соёлын хүрээлэнгээс уг номыг эрхлэн гаргажээ. Үүгээр харааны бэрхшээлтэй иргэдэд зориулсан номын хүрэлцээг нэмэгдүүлэхийг зорьсон аж. Мөн монголчуудын бахархалт үеийн түүх, эзэн богд Чингис хааны үлдээсэн өв соёлыг түгээн дэлгэрүүлэх зорилготой гэнэ.
2024-06-11
Чойжин ламын сүм музейг сэргээн засварлах ажил 50 хувьд хүрэв
Чойжин ламын сүм музейг сэргээн засварлах ажил 50 хувьтай үргэлжилж байгааг Соёлын яамнаас мэдээлэв. Уг ажлын хүрээнд тус музейн Хаалган, Махранз сүм зэрэг гол байгууламжийг эх төрхөөр нь сэргээн засварлаж буй аж. Ингэхдээ соёлын өвийн хадгалалт, хамгаалалтын шинжлэх ухаан, сэргээн засварлалтын технологийн суурь судалгаанд үндэслэж байгаа гэнэ. Мөн музейн барилгын ур хийц, дүр дүрслэлийн анхны хэлбэр төрхийг алдагдуулахгүйгээр засахаар төлөвлөжээ. Засварын ажлыг ирэх наймдугаар сард багтаан дуусгах гэнэ. Ташрамд дурдахад, Чойжин ламын сүм музейг 300 гаруй уран дархан1904-1908 онд барьж байжээ.
2024-06-11
"MongolZ" багийнхан олон улсын тэмцээнд аваргаллаа
Цахим спортын нэгдүгээр түвшний тэмцээнд 14 жилийн дараа Азийн баг шилдгээр тодорсон тохиолдол нь энэ болж, шинэ түүхэн амжилт гаргалаа. Аваргаар тодорсноор “MongolZ” багийнхан 200 000 ам.долларын эзэн болов. Мөн тус багийн тамирчин Б.Өсөхбаяр буюу “910” Азиас анх удаа HLTV сайтын MVP буюу шилдэг тоглогчоор шалгарлаа. Энэхүү сайт нь цахим спортын тоглогчдын чансааг тодорхойлдог юм байна. Дээрх тэмцээний аваргыг энэ сарын 9-10-нд шилжих шөнө шалгаруулсан. “MongolZ”-ийнхэн үүний дараа Швед улсад энэ сарын 14-16-нд зохион байгуулах “ESL сhallenger jonkoping-2024” тэмцээнд оролцох нь. Тэд үүнээс өмнө “MESA nomadic masters-2024” тэмцээний аварга болсон билээ.
2024-06-11
398 мянга гаруй цэцэг суулгажээ
Улаанбаатар хотын ногоон байгууламжийг нэмэгдүүлэхийн тулд энэ зун 99 байршилд 15 нэр, төрлийн 1.5 сая орчим цэцэг суулгахаар төлөвлөжээ. Ингэхдээ ихэвчлэн нийслэлийн авто замын томоохон уулзварууд болоод цэцэрлэгт хүрээлэн, хөшөө дурсгалын өмнөх талбайг цэцгээр чимж байгаа гэнэ. Үүнээс одоогоор 398 мянга гаруй цэцэг суулгажээ. Тухайлбал, мандарваа, тахиан залаа, хайтан, лили, алтан зул, хун цэцэг, хилэн цэцэг, алаг нүдэн, халганаа, астра, бербиния, энхэлгэнэ, хумсан зэрэг төрлийн цэцгийг сонгон хотын өнгө үзэмжийг сайжруулахад ашиглаж буй аж. Мөн нийтийн эзэмшлийн сул шороон хөрс бүхий талбайд нэг болон олон наст цэцгэн байгууламж бий болгохоор төлөвлөжээ.
2024-06-11
Суудлын автомашины импорт 93.3 хувиар өсөв
Ачааны болон суудлын автомашины импортын мэдээллийн Гаалийн ерөнхий газраас өчигдөр танилцуулав. Улсын хэмжээнд энэ он гарснаас хойш суудлын 52 392 автомашин импортолжээ. Уг тоо нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 93.3 хувиар өссөн үзүүлэлт аж. Тухайлбал, 2023 оны эхний таван сард суудлын 24 693 машин импортолж байжээ. Түүнчлэн 12 484 ачааны автомашин импортолсон байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 44.3 хувиар өссөн дүн болжээ. 2024 оны эхний таван сарын байдлаар бензин 365.1 мянган, дизелийн түлш 669.9 мянган тонныг импортолсон нь мөн л өнгөрсөн жилийнхээс нэмэгдсэн үзүүлэлт юм байна.
2024-06-11
Ялтны нэр дээр халамж олгосон хэлтсийн даргад холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэв
Сүхбаатар дүүргийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтсийн даргаар ажиллаж байсан М.Отгонтуяад холбогдох хэрэгт НПГ-аас яллах дүгнэлт үйлдэн тус дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүллээ. Түүнийг албан тушаалаа урвуулан, хорих ангид ял эдэлж буй иргэний нэр дээр зээл гаргуулах талаар хамаарал бүхий хүмүүст нь санал тавьж, улмаар хэд хэдэн хөтөлбөрөөс тодорхой хэмжээний мөнгө гаргуулахаар шийдвэрлэн, өөртөө эдийн засгийн давуу байдал бий болгосон хэрэгт буруутгаж буй юм.
2024-06-11
Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ сумд загас үржүүлгийн лаборатори нээжээ
Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ сумын нутаг дахь Шишгэд, Тэнгис голын бэлчирт загас үржүүлгийн лаборатори нээлээ. Хулдын овгийн тул, зэвэг, хадран загасыг уг лабораторид үржүүлнэ. Ингэхдээ нэг жилд 400-500 мянган жараахайг тэнд өсгөх боломжтой аж. Өдгөө уг лабораторид дээрх загаснуудын 230 000 түрсийг өсгөж буй гэнэ. Тэдгээрийг 2-3 см хүртэл нь бойжуулаад амьдрах чадвартай болох үед нь байгальд тавихаар төлөвлөжээ.
2024-06-10
Дархан цаазат Булган ууланд 16 янгир нэмж нутагшууллаа
Архангай аймгийн нутагт орших дархан цаазат Булган ууланд өчигдөр 16 янгир нэмж нутагшууллаа. Тэдгээрийг Богдхан уулнаас барьжээ. Ингээд Булган уул 31 янгиртай болов. Өнгөрсөн онд Булган ууланд 11 янгир нутагшуулж байсан юм. Шинэ төрсөн хоёр ишиг тус сүрэгт багтсан аж. Тус аймгийн ерөнхий боловсролын сургуулийн төгсөгчдөөс “Янгир” төсөл санаачилж, жил бүр 10 янгирыг Булган ууланд нутагшуулахаар төлөвлөжээ. Булган уул нь энэ жил 16 дахь дархан цаазат газар болсон тул мөн тооны янгирыг нутагшуулсан гэнэ. Амьтдыг байгальд нь тавих үед орон нутгийн иргэд олноор зорин очсон байв.
2024-06-10
Монголын шигшээ баг эмэгтэйчүүдийн дэлхийн гран при тэмцээнд тэргүүллээ
“Ulaanbaatar urban festival-2024” өчигдөр өндөрлөж, шилдгүүдээ тодруулав. Уг фестивалийн үеэр зохион байгуулсан, сагсан бөмбөгийн 3х3 төрлийн эмэгтэйчүүдийн дэлхийн гран при тэмцээний шилдгээр Монгол Улсын шигшээ баг шалгарлаа. Тодруулбал, Монгол, Австри, Украин, Хятад, Филиппин зэрэг улсын найман баг эл тэмцээнд өрсөлдсөн. Манай улсаас үндэсний болон 23 хүртэлх насны залуучуудын шигшээ баг оролцсон билээ. Үүнд манай улсын шигшээ баг тэргүүн байр эзэлж, тус багийн тамирчин О.Хулан шилдэг тоглогчоор шалгарсан юм.
2024-06-10
Ес дэх удаагийн “Талын салхи” фестивальд 2000 гаруй мотоциклч оролцов
Ес дэх удаагийн “Талын салхи” олон улсын мото фестиваль өчигдөр өндөрлөлөө. Уг фестивальд гадаадын улс орноос 450 гаруй мотоциклч зорин ирж оролцсон байна. Фестивальд оролцогчдын тоо өнгөрсөн оныхоос 20 хувиар нэмэгдсэнийг зохион байгуулагчид нь онцолсон. Мотоциклчид цуваа үүсгэн Сүхбаатарын талбайгаас Цонжин болдогийг зорьсон юм. Үйл ажиллагааных нь гол хөтөлбөрүүд тэнд өрнөв. Тухайлбал, мотоциклын чөлөөт үзүүлбэр, үзэсгэлэн, циркийн тоглолт зэрэг арга хэмжээ болсон юм. Мөн урлагийн тоглолт уржигдар болсон бөгөөд “Ice top”, “Niciton”, “Tatar”, “Gangbay” зэрэг хамтлаг оролцжээ.
2024-06-10
Хамгийн үнэтэй цэцэг нь диваажингийн шувуу
Иргэдэд экологийн боловсрол олгох, цэцгийн соёлыг таниулах зорилготой “Цэцгийн фестиваль-2024” арга хэмжээ өнгөрсөн амралтын өдрүүдэд боллоо. “Misheel walking street”-ийн үүдээр дөнгөж орвол “Цэцгийн фестиваль-2024” гэсэн цайвар ягаан өнгийн хаяг бий. Энэ даруухан хэрнээ өнгө өнгийн цэцэгсээр хүрээлэгдсэн хаягийн цаана цэцэгт дурлагсдын ертөнц байна уу гэлтэй. Монголд анх удаа зохион байгуулсан эл фестивальд иргэд өргөнөөр оролцож буй нь илт. Үүднээсээ эхлээд л шинэхэн ургамал, анхилам цэцэгсийн үнэр ханхална. Тэнд олон төрлийн баглаа, таримал, тасалгааны болон бүх төрлийн ургамлын тохижилтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудын 1500 гаруй нэр, төрлийн бүтээгдэхүүн байв. Ихэнх нь дахин давтагдахгүй, өөр өөрийн онцлогтой ургамал аж.
2024-06-10