Иран, АНУ хоёр харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурснаар 60 хоногийн хугацаанд Ливаныг оролцуулан бүх фронт дээр байлдааны ажиллагааг зогсоохоор болсноо мэдэгдлээ. Трамп Парисын Версалийн ордонд гарын үсэг зурж гарч ирээд ийн мэдэгдээд, Иран авсан үүргээ биелүүлэхгүй бол довтолгооноо шинээр эхлүүлнэ хэмээн заналхийлээд авлаа. Хоёрдугаар сарын 28-нд АНУ, Израилын эхлүүлсэн Ираны эсрэг дайн олон мянган хүний амь сүйтгэсний дийлэнх нь Иран, Ливанд амиа алдсан юм. Иран Ормузын хоолойг хааснаас эрчим хүчний өргөн цар хүрээтэй хямрал манай гарагт үүссэн гэж хэлж болно.
Уг санамж бичиг 14 зүйлтэй юм. АНУ, Иран болон холбоотнууд нь бүх фронт дээр цэргийн ажиллагааг “бүрэн эцэслэн” зогсоож буйг нэгдүгээр заалтад нь өгүүлжээ. Энэ мөчөөс аль ч тал нь цэргийн ажиллагаа эхлүүлэхгүй, бие биедээ заналхийлэхгүй, Ливаны “нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, тусгаар тогтнолыг хангах” юм байна. Харин “Хезболла” бүлгийн эсрэг Израилын цэргийн ажиллагаа Ирантай хийж буй тохиролцоог аюулд оруулах вий хэмээн зовинож буйгаа Трамп илэрхийлсэн байна. Санамж бичгийн энэ заалтад Израил хэрхэн хандах нь одоогоор тодорхойгүй.
Хоёрдугаарт, биенийхээ дотоод хэрэгт оролцохгүй. Гуравдугаарт, хоёр улс 60 хоногийн хугацаанд яриа хэлэлцээ хийж, эцсийн тохиролцоонд хүрэх үүрэг авлаа. Тэгэхдээ уг хугацааг хоёр талын тохиролцоогоор сунгаж болно. Энэхүү 60 хоногийг хоёр удирдагч санамж бичигт гарын үсэг зурсны дараа тоолж эхлэх юм. Цагаан ордон тэмдэглэснээр Дональд Трамп лхагва гаргийн орой Францад болсон “Их 7”-гийн дээд хэмжээний уулзалтын дараа оройн зоогийн үеэр гарын үсгээ зуржээ.
Ираны усан буудлуудыг бүсэлсэн ажиллагаагаа АНУ зогсоохоор дөрөвдүгээр зүйлд нь өгүүлсэн байна. Ираны Гадаад хэргийн яам мэдээлснээс үзвэл тэнгисийн бүслэлтийг 30 өдрийн хугацаанд бүрэн зогсоох аж. 30 хоног өнгөрөхөөр Ираны газар нутагт хамаарах хилээс АНУ зэвсэгт хүчнээ татах юм байна. Энэ нь байлдааны ажиллагаа эхэлсэн хоёрдугаар сарын 28-нд АНУ-ын зэвсэгт хүчин бэлэн байдалд байсан тэр л байршилдаа тэр үеийн бүрэлдэхүүн, зэвсэг хэрэгсэлтэйгээ эргэж очно гэсэн үг юм байна.
Ормузын хоолойгоор худалдааны хөлөг онгоцнууд аюулгүй, үнэ төлбөргүй нэвтрэх боломжтой болгох арга хэмжээнд Иран улс бүхий л хүчин чармайлтаа гаргахыг Санамж бичгийн тавдугаар зүйлд туcгажээ. Уг хоолойг хааснаар дэлхий дахинд нефтийн үнэ огцом өссөн тул түүнийг нээх нь байлдаан эхэлснээс хойш АНУ-ын чухал зорилт байв. Баримт бичигт тэмдэглэснээс үзэхэд цаашдаа Ормузын хоолойг хэрхэн зохицуулж байх тухайд Оман болон Персийн булангийн бусад улстай Иран “ажиллах” юм.
Ираны эдийн засгийг сэргээн хөгжүүлэх 300 тэрбумаас доошгүй ам.долларын “харилцан тохирсон эцсийн төлөвлөгөөг” АНУ түншүүдтэйгээ хамт бэлтгэхийг зургаа дахь заалтад үүрэг болгожээ. Тэгэхдээ энэ төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд АНУ санхүүгийн хувьд оролцохгүй аж. Нэгний нь тайлбарласнаар Тегеран хэрэв хэлэлцэн тохирсноороо байвал тухайлбал, Иранд Арабын нэгдсэн Эмират цахилгаан станц байгуулж өгөхөөр боллоо гэхэд АНУ ердөө л зөвшөөрөл өгөхөөс хэтрэхгүй аж.
НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн шугамаар тавьсныг оролцуулан Ираны эсрэг эдийн засгийн бүх хоригийг АНУ зогсоохоор долоодугаар заалтад оруулсан байна. Харин хязгаарлалтыг яг хэдийд цуцлах нь тодорхой бус. Хоригоос болж Иран асар их хохирсон бол АНУ-ын хориг Тегераныг дэлхийн санхүүгийн тогтолцооноос салгахад чиглэж байв.
Цөмийн зэвсэг үйлдвэрлэхгүй, худалдаж авахгүй байхыг Иран улс зөвшөөрөв. Нэгэнт баяжуулж, хуримтлуулсан ураныг яахыг талууд хэтдээ шийдэх бөгөөд тэр болтол Олон улсын атомын энергийн агентлаг (МАГАТЭ)-ийн хараа хяналтад байх юм байна. Баримт бичгийн наймд ийн заажээ. Энэ шийдлийг АНУ-ын өндөр албаны хүн Вашингтоны хувьд “томоохон ялалт” гэж нэрлэжээ. Трамп ч Ираныг цөмийн зэвсэггүй болгох нь бидний зорилтын тухайд 99 хувь нь гэж урьд нь мэдэгдэж байв.
Дараачийн хоёр заалт нь ураны асуудлаар хэлэлцээр хийж байх үеийн талуудын статусквотой холбоотой аж. Энэ нь АНУ шинээр хориг тавихгүй, Ираны нефть, нефтийн бүтээгдэхүүн, эдгээртэй холбоотой банкны ажиллагаа, ложистикийн экспортыг түр хугацаагаар цохилтод өртүүлэхгүй байхыг хэлж буй юм байна.
Баримт бичгийн 11 дүгээр зүйлд зааснаар Санамж бичигт гарын үсэг зурсны дараа царцаасан болон хэрэглэхийг хязгаарласан хөрөнгийг АНУ бүрэн захиран зарцуулах бөгөөд нарийн ширийнийг нь хэлэлцээрийн үеэр тохиролцох юм.
Сүүлчийн гурван (12-14) заалтад үйл явцын ложистикийн асуудлыг тусгажээ.
Уг үйл явдлыг гадаадын хэвлэл мэдээллийн хэрэгсэл хэрхэн үнэлж цэгнэсний заримаас сонирхуулбал, “Bloomberg”: “Тохиролцоо тэнцвэртэй бус, Тегеранд их ашигтай болж, Вашингтон байлдаан эхлэхээс өмнөх үеийн зарим давуу талаа л сэргээлээ.” “The Wall street journal”: АНУ, Ираны хоорондын энхийн тохиролцоо Тегераны нефтийн үйлдвэрт асар их түлхэц болж, жилд 60 тэрбум ам.долларын орлого оруулахаар болов”.
Иран дахь АНУ-ын ажиллагаа барагцаалбал 70-75 хувь дээрээ зогслоо, Вашингтон түүнийг эцэст нь хүргэхийг зорьж байна гэж Дональд Трамп хэлсэн байна. Түүний нотолсноор Ираны флот, Агаарын цэргийн хүчин, Агаараас эсэргүүцэн хамгаалах, ажиглах тогтолцоог нь, мөн удирдагчдыг нь АНУ-ын зэвсэгт хүчин устгажээ. Түүнчлэн Иранд цэргийн бүрэн ялалт байгууллаа гэж Трамп мэдэгджээ. Ираны дэд бүтцийг АНУ хоёр өдрийн дотор устгаж чадна гэж тэрбээр бас хэлсэн байна.
Гарын үсэг зурсан харилцан ойлголцлын санамж бичиг нь талуудын тохиролцоо хийгээд ерөнхий төлөвлөгөөг тусгасан баримт бичиг юм. Тэгэхдээ эрх зүйн хатуу чанга хүчгүй. Гэрээнээс ялгаатай нь талууд түүнийг зөрчсөн тохиолдолд шүүхэд хандах үүрэг хүлээдэггүй. Харин албан ёсны хууль эрх зүйн болон санхүүгийн эрсдэлийг өөртөө хүлээх хүртэл ирээдүйн харилцан үйлдлийн бүтэц, хүрээ далайцыг нээлттэй хэлэлцэх боломжийг талуудад олгоно.
Р.Жаргалан