Өмнөговь аймагт уул уурхайн салбарт хийж буй хамтарсан хяналт, шалгалт үргэлжилж байна. БОУАӨЯ, АҮЭБЯ, ГБХНХЯ, Экологийн цагдаагийн алба болон холбогдох байгууллагаас бүрдсэн хамтарсан ажлын хэсэг тус аймагт ажиллаж, 37 аж ахуйн нэгжийг хянаж, шалгажээ. Шалгалтын явцад давхардсан тоогоор нийт 432 зөрчил, дутагдал илэрсний 49 нь байгаль орчны, 68 нь геологи, уул уурхай, газрын тосны, 212 нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн, 103 нь стандарт, хэмжил зүйн чиглэлийнх байж. Үүний хүрээнд 32 аж ахуйн нэгжид албан шаардлага хүргүүлж, гурван байгууллагын үйл ажиллагааг түр зогсоожээ. Түүнчлэн хоёр аж ахуйн нэгжид зөрчлийн хэрэг нээж, гэмт хэргийн шинжтэй гурван үйлдлийг илрүүлэн, шалгаж буй гэнэ.
Хайгуулын цооногуудыг стандартын дагуу нөхөн сэргээж, аюулгүй байдлыг хангахыг холбогдох аж ахуйн нэгжүүдэд хүргүүлсэн байна. Мөн Гурвантэс, Ноён, Баяндалай сумын нутагт үйл ажиллагаа явуулж буй нийт зургаан тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хайгуулын 270 цооногийг шалгахад 127-г нь нөхөн сэргээгээгүй байжээ. Үүнээс 126 цооног нь “Энх тунх орчлон” ХХК-ийн уурхайн бүсэд хамаарч буй гэнэ.
Ч.Болор