Венесуэлийн нийслэл Каракасын баруун хэсэгт энэ сарын 24 буюу өнгөрсөн лхагва гарагт хоёр удаа 7.2-7.5 магнитудын хүчтэй газар хөдөлсний улмаас барилга, байгууламжууд нурж, хэдэн зуун хүн амиа алджээ. АНУ-ын Геологийн судалгааны газрын мэдээлснээр хоёр дахь удаагийн чичиргээ нь илүү хүчтэй байсан бөгөөд нэг минут орчим үргэлжилж, их хэмжээтэй хохирол учруулсан. Тус байгууллагынхны урьдчилан таамагласнаар гамшгийн улмаас нас барсан хүний тоо 10 000100 000 хооронд байна. Каракаст 1967 оноос хойш ийм том хэмжээний газарт хөдлөлт болоогүй аж. Тухайн үед Венесуэлд болсон 6.5 магнитудын хүчтэй газар хөдлөлтийн үед 236 хүн амиа алдсан баримт бий.
Каракаст газар шилгээсний дараа Пуэрто Рико болон АНУ, Британийн Виржинийн арлуудад цунами үүсэх эрсдэлтэйг мэргэжлийнхэн сэрэмжлүүлсэн юм. Үүнээс гадна уржигдар Японы зүүн хойд хэсэгт 6.9 магнитудын хүчтэй газар хөдөлснийг дэлхийн хэвлэлүүд мэдээлэв. Мэргэжилтнүүдийн тэмдэглэснээр эл үзэгдлийн төв нь Иватэ мужийн зүүн хэсэгт, Номхон далайн 50 километрийн гүнд байжээ.
Өнөөгийн практикт газар хөдлөлт хэзээ, хаана болохыг цаг хугацаа, байршлаар нь яг таг таамаглах боломжгүй ч статистик загварт үндэслэн ойрын хэдэн арванд тохиож болзошгүй гамшгийг сэрэмжлүүлэх боломжтой аж. Ийм аргаар гаргасан судалгааны тоймоор бол Япон улс “мега газар хөдлөлтийн үе”-тэй тулгарч байгааг өнгөрсөн тавдугаар сард мэргэжилтнүүд нь Засгийн газартаа тайлагнажээ. Тэгвэл АНУ-ын Геологийн судалгааны төвийнхөн ирэх 30 жилд 6.7 болон үүнээс давсан хүчтэй чичирхийлэл болох магадлалыг мөн тооцоолжээ. Урд хөршийнхний хувьд улс даяар дэд бүтцийг бэхжүүлэхийн тулд газар хөдлөлтийн аюулгүй байдлын үндэсний төлөвлөгөөгөө энэ онд шинэчилж эхэлсэн байна.
Газар хөдлөлт бол байгалийн үзэгдэл учраас зугтах боломжгүй. Гэсэн хэдий ч аль болох хохирол багатай туулахын тулд урьдчилан тооцоолох сэргийлэх, голомтот бүс нутгийхныг аюулгүй газарт нүүлгэн шилжүүлэх зэргээр мэргэжлийнхэн олон талт судалгаа, шинжилгээ хийж, зохих арга хэмжээнүүд авч ирсэн. Гэвч бодит байдалд төсөөллөөс давсан гамшиг нүүрлэх нь бий.
Дэлхийн царцдасыг 54 блок буюу хэсэгт хуваадаг бөгөөд эдгээр нь харилцан үйлчлэлтэй жижиг, том литосфер (царцдас болон дээд хатуу манти багтах бөгөөд 5-300 км зузаан)-ийн хавтангууд юм. Эдгээр блок хөдөлж, тодорхой хэсэгт шахаж, эсвэл сунадаг бол зарим хэсэгт цуурдаг. Ийм өөрчлөлтүүдийг хэвийн гэж үздэг бөгөөд сүүлийн 2.5 тэрбум жилийн турш байнга ийм хөдөлгөөнтэй байсаар ирснийг мэргэжилтнүүд тэмдэглэсэн байна. Газар хөдлөлтийн долгионыг уртааш /Р /болон хөндлөн /S/ гэж ангилдаг бөгөөд эхнийх нь илүү хурдан.
Сүүлийн жилүүдэд газар шилгээх үзэгдэл дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлттэй хэрхэн холбогдож байгааг олон улсын мэргэжилтнүүд судалж, шууд бусаар хамаардаг болохыг тогтоосон гэнэ. Тодруулбал, дэлхийн дулаарал нь тектоник шилжилтийн гол шалтгаан биш боловч уур амьсгалын өөрчлөлт нь дэлхий дээрх массын тархалтыг өөрчилдөг нь тодорхой бүс нутагт газар хөдлөлтийн идэвхжилийг өдөөх нэг хүчин зүйл. Тухайлбал, дулаарлын улмаас мөсөн гол, цэвдгүүд хайлж, тодорхой хэмжээнд массаа алдаж буй нь дэлхийн царцдас дахь даралтыг ихээр бууруулдаг. Үр дагаварт нь тектоник хавтангууд дээшилж, хагарлыг идэвхжүүлэх боломжтойг Альпийн нурууны олон жилийн ажиглалтаар тогтоожээ. Цаашлаад мөнх цэвдгүүд хайлж, “дайжсан” их ус далай, тэнгист нийлж их хэмжээний массыг дахин хуваарилдаг. Энэ нь далайн ёроол болон эргийн бүсэд дарамт учруулж, дэлхийн гаднах хатуу бүрхүүл буюу литосферийн хөдөлгөөнийг өөрчилдөг. Үүнээс гадна их хэмжээгээр хайлсан мөсөн бүрхүүлийн ус дэлхийн чулуулаг давхаргад гүн нэвчсэнээр ан цав дахь даралтыг нэмэгдүүлж, хагарлыг “тослох” боломжтой. Ингэснээр илүү хөдөлгөөнтэй болгоно. Ийм үйл явц нь тектоник чулуулгийг “өдөөж” голчлон жижиг хэмжээний газар хөдлөлтийг үүсгэдэг байна. Энэ удаагийн газарт хөдлөлттэй холбогдуулан дэлхийн хэмжээнд болсон эл гамшгийн үед тохиосон сонин, хачин, бас сургамжтай түүхүүдээс товчлон хүргэе.
ГАЗАР ХӨДЛӨЛТИЙГ ҮЛ ТООСОН МЭРГЭЖИЛТНҮҮД “ДЭЭЛЭЭ НӨМӨРСӨН” ҮҮ
Турк, Сирийн хил залгаа хэсэгт 2023 онд газар 6.3 магнитудын хүчтэй шилгээхэд олон барилга нурж, нийт 59 000 гаруй хүн амиа алдсан. Турк улсад 39 000 орчим орон сууц сүйрсэн нь барилгын стандарт ямар байгааг харуулсан том сургамж байв. Олон мянган амиар илчлэгдсэн чанаргүй барилгуудынхаа хариуцлагыг зохих хүмүүс нь үүрсэн гэдэг.
Тэгвэл Италид болсон газар хөдлөлттэй холбоотойгоор эрдэмтэн, мэргэжилтнүүдийг ялласан түүх байна. 2009 оны дөрөвдүгээр сард Италийн төв хэсэгт орших, 800 жилийн түүхтэй Акила хот нэг шөнийн дотор балгас болж хувирав. ХIII зууны дунд үед Ромын эзэн хаан II Фредерикийн “өлгийдсөн” эл хот орчин цагийн Италийн аялал жуулчлалын чухал бүсийн нэг бөгөөд эдийн засагт оруулах хувь нэмэр нь Венец зэрэг том хотынхоос дутахгүй аж.
Тэнд газар 6.3 магнитудын хүчтэй шилгээж, хагас минут ч хүрэхгүй хугацаанд 309 амь хорвоог орхиж, 10 гаруй хүн сураггүй болжээ. Энэ үзэгдэл нийслэл Ромд болон тус улсын зүүн хэсэгт орших Адриатын тэнгисийн эрэг дагуу мэдрэгдсэн. Газар хөдлөлтийн улмаас ойролцоогоор эртний болон орчин үеийн 15 000 гаруй барилга байгууламж нурсан бөгөөд хотын зүүн хэсэгт орших тосгодод байдал илүү ноцтой байв. Онна тосгон бараг бүрэн сүйджээ. Эмгэнэлт эл явдлаас гурван жилийн дараа зургаан эрдэмтэн, нэг албан тушаалтан “дээлээ нөмөрчээ”. Байгалийн гамшигт үзэгдлээс долоо хоногийн өмнө цаг уур судлаач Ж.Жулиани өөрийн арга барилд тулгуурлан гаргасан газар хөдлөлтийн талаарх мэдээллийг олон нийтэд цацсан ажээ. Гэвч Италийн Иргэний хамгаалалтын газрын дарга Г.Бертоласо олон нийтийг тайвшруулж, нүүлгэн шилжүүлэх нүсэр ажлаас зайлсхийх зорилгоор геофизикийн салбарын нэр хүндтэй зургаан эрдэмтнийг Акила хотод дуудаж, уулзав. Ингээд өөрийн хүсснээр эрдэмтдийн “дүгнэлт” гаргуулсан гэнэ. Үүнийхээ балгийг хүртэж, газар хөдлөлт болохыг мэдсээр байж эрсдэлийг буруу үнэлсэн, гамшигт үзэгдэлд хайхрамжгүй хандсан, иргэдэд худал мэдээлэл түгээсэн хэргээр зургаан жилийн ял сонсоцгоожээ.
Уг нь газар хөдлөлт болохын өмнөх хэдэн сарын турш чичиргээ мэдрэгдэж байсныг мэргэжилтнүүд баталсан бөгөөд эрх баригчид болон зарим эрдэмтэн “Жижиг хэмжээний чичирхийлэл нь “энерги ялгаруулдаг” тул аюулгүй. Эсрэгээрээ ашигтай байхыг үгүйсгэхгүй” гэж хэвлэлийн хурлаар мэдээлж олон нийтийг тайвшруулсан аж. Эл хэргийн анхны шүүх хурал 2012 онд болж дарга болон зургаан мэргэжилтнийг хүн амины хэрэгт буруутгаж, зургаан жил хорих ял оноожээ. Хоёр жилийн дараах давж заалдах шатны шүүхээр тухайн үеийн шинжлэх ухааны хүрээнд газар хөдлөлтийг урьдчилан таамаглах боломжгүй хэмээн тэднийг цагаатгав. Кассацийн шүүх хожим нь давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.
ТОДРУУЛГА
Өнөөг хүртэлх дэлхийн түүхэнд хамгийн хүчтэй буюу 8.7-9.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт таван удаа болжээ.
•1960.05.22. Чилийн Вальдиви хотод болсон. 9.5 магнитудын хүчтэй газар хөдлөлтийн улмаас 25 метр өндөр давлагаатай цунами үүсжээ. Барагцаагаар 5700 хүн амиа алдаж, хоёр сая орчим оршин суугч орон гэргүй болсон.
•АНУ-ын Аляска (1964.03.27)-д болсон газар хөдлөлтийн хүч 9.2 баллаар хэмжигдсэн бөгөөд хөрсний гулсалт, цунами “хавсарч” 120 километрийн радиус дахь дэд бүтэц бараг бүхэлдээ сүйджээ. Харин амиа алдсан хүн харьцангуй бага буюу 139 бүртгэгдсэн аж.
•2004.12.26. Энэтхэгийн далай, Индонезийн Суматра арлын эрэг орчмоор усан доор 9.1-9.3 магнитудын хүчтэй газар хөдөлснөөр 30 метрийн өндөр цунами үүссэн. Ойролцоогоор 300 000 хүн хорвоогоос явжээ.
•2011.03.11. Японы Тохоку бүс нутагт болсон 9.1 баллын хүчтэй газар хөдлөлтөөр үүссэн цунамийн өндөр 40 метр. “Агуу” хэмээн тодотгосон эл үзэгдлийн улмаас амь үрэгдсэн болон сураггүй болсон хүний тоо хүн 18 000 давж, “Фүкүшима-1” цөмийн цахилгаан станцад том осол гарсан билээ.
•1952.11.04. Оросын Камчаткад газар 9.0 баллын хүчтэй шилгээсний үр дагаварт үүссэн 13 метр өндөр цунамийн үеэр хүний амь хохироогүй ч эдийн засгийн хувьд ноцтой гарзтай байжээ.
МЭРЭГЧИД БИДНИЙГ АВАРДАГ
Аливаа гамшгийн үеэр аврах ажиллагаанд амьтдыг “дайчилдаг” түүх хэдэн зууны тэртээгээс улбаатай. Эрэн хайх, аврах ажиллагаанд анх нохойг ашигласан баримтыг албан ёсоор баримтжуулжээ. Тодруулбал, ХVII зууны үед Альпын нуруунд буюу Гэгээн Бернардын даваа (Швейцар, Итали)-нд төөрсөн аялагчдыг аварсан лам нарын багт том биетэй нохой байжээ.
Барри нэртэй эрэлхэг, дөрвөн хөлт баатар ХIХ зуунд 40 гаруй хүнийг аварснаараа алдартай. Дэлхийн I дайны (1914-1918 он) жилүүдэд нохой шархадсан цэргүүдийг олж, аварч байв. 1939- 1945 оны дайнд тэдний байгуулсан гавьяаг үнэлж баршгүй бол алгын чинээ мэрэгчдийг ч энэ салбарын “мэргэжилтнээр” бэлтгэдэг. Тэдгээрээс хамгийн алдартай нь Магава хэмээх харх. Мина бүхий талбайд ажилладаг Магавагийн чадварын ачаар Камбожид олон зуун хүний амийг аварчээ. Мөн 100 гаруй мина, дэлбэрээгүй сум илрүүлсэн бөгөөд амьтдад олгодог эр зоригийн хамгийн өндөр шагнал болох алтан медаль хүртсэн анхны харх юм. Дөрвөн жил тусгай албанд зүтгэхдээ эл амьтан 20 000 ам км талбайг аюулгүй болгожээ. Тэгвэл 2011 онд Японд гамшгийн үеэр эрэн хайх, аврах ажиллагаанд олон мэрэгч ашигласан билээ.
Э.Хана