Сонгуулийн ерөнхий хороо “Тунгаахуй өгөгдлийн урлан” судалгааны байгууллагатай хамтран “Улс төрийн намын санхүүжилтийн ил тод байдал” сэдэвт өгөгдлийн дүрслэлийн үзэсгэлэнг “Норфей арт” галерейд нээгээд байна. Эл үзэсгэлэнд Улсын дээд шүү хэд бүртгэлтэй улс төрийн намуудын 2025 оны санхүүгийн тайлангийн үзүүлэлтүүдийг дэлгэн үзүүлж буйгаараа онцлог.
Дэлхий дахинд хэрэгжүүлж буй нийтлэг жишгээр улс төрийн намууд сонгуулийн хороо, аудитын болон шүүх байгууллага, Засгийн газар, түүний харьяа яам, агентлагт санхүү гийн тайлангаа хүргүүлдэг байна. Тухайлбал, 61 улсад намууд нь сонгуулийн хороондоо, 25 оронд аудитад, 18 улсад шүүхэд, 14 оронд Засгийн газарт буюу харьяа яаманд, 16 улсад хөндлөнгийн, бие даасан институцэд тайлан хүргүүлдэг аж. Манай улсын хувьд 2025 оны хоёрдугаар сард анх удаа улс төрийн намуудын 2024 оны санхүүгийн болон үйл ажиллагааны тайланг хүлээн авчээ. Тухайн үед 15 нам л хуулийн хугацаанд нэгтгэсэн тайлангаа үнэн зөв мэдүүлсэн бол 13 нь санхүүгийн үйл ажиллагаа явуулаагүй гэсэн Х тайлан хүргүүлжээ. Түүнчлэн есөн нам хуулийн хугацаанд санхүүгээ тайлагнаагүй гэнэ. Эдгээр тайланд буй нийтлэг зөрчил дутагдалд үндэслэн Сонгуулийн ерөнхий хорооноос улс төрийн намуудад 11 чиглэлээр зөвлөмж, мэдээлэл хүргүүлсэн аж. УИХ-д суудалтай долоон намд 2025 онд төрөөс 6.9 тэрбум төгрөгийн санхүүжилт олгосон бол намуудын хөрөнгийн нийт үнэлгээ 34.1 тэрбум төгрөг байжээ.
Энэ мэтчилэн намуудын орлогын эх үүсвэр, хөрөнгийн байдал, хандивын эх сурвалж, төрөөс олгосон санхүүжилт, гишүүнчлэл зэрэгтэй холбоотой өгөгдөл, мэдээллүүдийг олон нийтэд ил болгосноороо иргэдийн улс төрийн болон сонгуулийн боловсрол, оролцоог нэмэгдүүлэх, дүн шинжилгээ хийх боломжоор хангах ач холбогдолтой гэнэ.
“Ардчиллыг хэмжих нэг чухал үзүүлэлт нь улс төрийн намуудын санхүүжилтийн ил тод байдал. Намууд хаанаас санхүүжиж, түүнийгээ хэрхэн зарцуулж байгааг олон нийт мэдэх эрхтэй. Ил тод санхүүжилт нь авлига, ашиг сонирхлын зөрчлийг бууруулж, бодлогын нам төлөвшүүлэхэд чухал нөлөөтэй” гэж зохион байгуулагчид нь онцлов.
Н.Мишээл