Санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллага (ФАТФ)-ын ээлжит чуулга уулзалт болж, 200 гаруй орны төлөөлөл, олон улсын байгууллагын ажиглагчид оролцсоныг Санхүүгийн зохицуулах хорооноос мэдээллээ. Чуулганаар санхүүгийн системийн тогтвортой, аюулгүй байдалд учирч буй шинэ болон хувьсан өөрчлөгдөж буй эрсдэлийг хэлэлцэж, Канад, Турк улсын мөнгө угаах, терроризмыг санхүүжүү лэхтэй тэмцэх тогтолцооны үр нөлөө, зөвлөмжийн хэрэгжилтийг үнэлсэн үнэлгээний тайлангуудыг баталлаа. Түүнчлэн Алжир, Намиби улсыг стратегийн дутагдлаа арилгахад бодит ахиц гаргасан гэж үнэлэн “саарал” жагсаалтаас хасахаар шийдвэрлэлээ. Харин Босни Херцеговин болон Иракийг “саарал” жагсаалтад оруулжээ. ФАТФ-ын стратегийн шинэчлэлийн хүрээнд зургаан зөвлөмж гаргасан бөгөөд үүнд хү мүүнлэгийн тусламж болон иргэдийн үндсэн хэрэгцээг хангахад шаардлагатай хөрөнгө, бүтээгдэхүүн, үйлчилгээний урсгалыг саатуулахгүй байх нөхцөлийг бүрдүүлэх, цахим шилжүүлгийн хүрээнд хил дамнасан төлбөр тооцооны ил тод байдлыг нэмэгдүүлэхтэй холбоотой удирдамжийн төслийг боловсруулж, олон нийтийн саналыг авахаар шийдвэрлэв. Түүнчлэн виртуал хөрөнгө, ийм үйлчилгээ үзүүлэгчид болон төвлөрсөн бус санхүүгийн системтэй холбоотой мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх, үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэхийг санхүүжүүлэх эрсдэлийн талаарх тайлангуудыг нийтлэхээр болсон байна. Хөгжиж буй 83 улсын Төвбанк, санхүүгийн зохицуулагч байгууллагуудыг нэгтгэсэн Санхүүгийн хүртээмжийн нийгэмлэг (AFI)-ийг энэ үеэр ФАТФ-ын ажиглагч гишүүнээр элсүүлжээ.
С.Дулам