Ерөнхий сайд Н.Учрал БНХАУ-ын Далянь хотноо болж буй “Зуны Давос” чуулга уулзалтад оролцох үеэрээ БНСУ-ын Ерөнхий сайд Ким Мин Согтой уулзаж, 2019 онд эхлүүлсэн ч өдгөө зогссон 10 аймгийн төвд дулааны станц барих төслийн үйл явцыг хурдасгахаар тохиролцсон байна. Энэ төсөл бүрэн хэрэгжвэл Архангай, Баянхонгор, Говь-Алтай, Говьсүмбэр, Дундговь, Завхан, Өвөрхангай, Сүхбаатар, Хэнтий, Төв аймгийн төвд дэвшилтэт технологи бүхий дулааны 10 станц, дулаан дамжуулах 88 төв, 65 км урт үргэлжлэх шугам сүлжээ бүхий дулаан хангамжийн төвлөрсөн систем ашиглалтад орох юм.
Хүрээлэн буй орчинд сөрөг нөлөө багатай төвлөрсөн дулаан хангамжийн систем барьж, иргэдийг халаалт, хэрэгцээний халуун усаар хангах зорилго бүхий эл ажлыг анх БНСУ-ын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилттэй хэрэгжүүлэхээр хоёр улсын Засгийн газар хооронд зээлийн гэрээ байгуулсан. Гэвч төслийн ерөнхий гүйцэтгэгчээр ажиллаж байсан БНСУ-ын “Бьюксан инженеринг” компани дампуурлаа зарласан тул дулааны станц барих ажил зогсонги байдалд ороод буй юм. Өдгөө Өвөрхангай, Баянхонгор, Говь-Алтай, Завхан, Төв, Дундговь, Хэнтий, Говьсүмбэр, Сүхбаатар аймагт төслийн ажил 45-48 хувийн гүйцэтгэлтэй байна. Нийт 110.7 сая ам.долларын төсөвт өртөгтэй уг зээлийг Монгол Улс 40 жилийн хугацаатай авсан ба төсөл БНСУ-ын компаниас шалтгаалж гацсан ч манай улс зээлийнхээ хүүг тогтмол төлсөөр байгаа билээ.
Д.Хэрлэн