Баянзүрх дүүргийн III хорооны нутагт үйл ажиллагаа явуулдаг, “И-Март” худалдааны төвийн VI давхарт утаа гарч байна гэх дуудлага уржигдар 22.39 цагт онцгой байдлын байгууллагад иржээ. Дуудлагын дагуу нийслэлийн Гал түймэр унтраах, аврах 10, 34, 63, 14 дүгээр ангийн алба хаагчид ажиллаж, 23.25 цагт галын тархалтыг зогсоон, 00.15 цагт бүрэн унтраасан байна. Алба хаагчдыг очиход тус барилгын зургаадугаар давхарт үйл ажиллагаа эрхэлдэг ресторан, зоогийн газрын гал тогооны өрөөнд түймэр гарч байсан гэнэ. Энэ үед ажлын цаг дууссан байсан тул тухайн төвд нэг ч хүн байгаагүй, гэмтэж, бэртсэн тохиолдол гараагүйг онцгой байдлын байгууллагынхан хэлэв. Барилгын бусад давхрыг шалгаж дууссан бөгөөд галын шалтгаан, нөхцөлийг тодруулахаар албаныхан ажиллаж буй аж. Урьдчилсан дүгнэлтээр гал тогооны өрөөний цахилгааны утаснаас түймэр гарсан байж болзошгүй гэнэ. Галыг унтраах үеэр тухайн төвийн ажилтан, түрээслэгч, худалдаа эрхлэгчид гээд цөөнгүй хүн барилгын гадаа цугларсан юм. Одоогоор хохирлыг хэмжээг тогтоогоогүй байна.
Ч.Туяа