БНХАУ-ын иргэн Ван Тэхуй (Wang Tiehui) гэх хүнийг өнгөрсөн пүрэв гарагт Монгол Улсаас албадан гаргаж, БНХАУ-ын хууль сахиулах байгууллагынханд хүлээлгэн өглөө. Энэ ажлыг Гадаадын иргэн харьяатын газар (ГИХГ)-ынхан хийсэн бөгөөд манай Гадаадын ир¬гэний эрх зүйн байдлын тухай хууль, Засгийн газрын 2021 оны 193 дугаар тогтоолоор баталсан Гадаадын иргэнийг Монгол Улсаас ал¬бадан гаргах, албадан гаргахаас чөлөөлөх болон Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацааг тогтоох журмын холбогдох заалтыг үндэслэн өмнөд хөршийг 44 настай дээрх хүнийг хилээр гаргасан аж. Баттай эх сурвалжуудаас авсан мэдээллээр Ван Тэхуй нь эх орондоо эрүүгийн гэмт хэрэг, тэр дундаа хар тамхи, мансууруулах бодис их хэмжээгээр худалдсан хэрэгт холбогдсон аж. Улмаар түүний гадаад паспортыг БНХАУ-ын холбогдох байгууллагаас хүчингүй болгосон юм байна. Тиймээс түүний Монгол Улсад оршин суух зөвшөөрлийг нь ГИХГ-аас хүчингүй болгож, гарах сануулга гардуулж, улмаар энэ сарын 3-нд Замын-Үүд авто замын боомтод хуяглан хүргэж, хилээр гаргасан байна.
Монгол Улс нэг сая жуулчин хүлээж авах зорилтын хүрээнд аялах зорилгоор ирж буй БНХАУ, БНСУ-ын иргэдийг визгүй оруулахаар болсон байдаг. Гэтэл энэ визийн хөнгөлөлтийг ашиглаж, эх орондоо гэмт хэрэг үйлдсэн хүмүүс Монголд орж ирж орогнох гэж оролдох болов. Үүнийг төр засаг, тагнуул, ГИХГ-ынхан анхааралдаа авах ёстой юм биш үү.