Хар тамхи хэмээгч хорт бодисын уршиг олон монгол залуусын амьдралд тусаж амиа, эд эрхтэнээ алдах, шоронд суухад хүргэж байна. Мансуурагчид өөр олон гэмт хэрэг үйлдэж, эгэл жирийн хүмүүсийг гудамжинд зодон, эрүүл мэндэд нь хохирол учруулах болсон.
Хилийн чанадаас хар тамхийг элдэв аргаар Монгол Улсад нэвтрүүлж, зарж борлуулдаг сүлжээ ч гарч ирэв. Хар тамхи, түүнийг наймаалагсад, донтогсодтой цагдаагийн байгууллага тэмцсээр буй ч улам л хүрээгээ тэлсээр. Өөрөөр хэлбэл, цагдаагийнхны хийж буй өнөөгийн тэмцэл төдийлөн үр дүнтэй биш байна. Тэгэхээр тэмцлийнхээ арга хэлбэрийг өөрчлөхгүй л бол мансууруулах бодист донтогсод, худалдагч нарыг хазаарлаж чадахгүй нь.
Нийслэл дэх эрүүгийн хэргийн шүүхүүдэд мансууруулах бодистой холбоотой хэргийг шүүх хурал долоо хоногт нэг бус зарлаж байгаа нь хэрэглэгч, наймаалагч, хилээр оруулж ирдэг хүний тоо өссөнийг илтгэх мэт. Тухайлбал, долоодугаар сарын 28-наас энэ сарын 1-ний хооронд дүүргүүд дэх Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхүүдэд мансууруулах бодистой холбоотой 11 хэргийг хэлэлцэхээр товлоод байсан. Тэгвэл өнгөрсөн долоо хоногт прокурорын байгууллага борлуулах зорилгогүйгээр мансууруулах бодис олж авсан нэг бус хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлснээ мэдээ-лэв. Нөхцөл байдал ийм хүнд байгаа тохиолдолд төр засгаас хар тамхитай тэмцэх тусгайлсан нэгж байгуулна хэмээхийнхээ оронд мансуурагч, донтогчдыг эмчлэх төвөө шалавхан бий болговол үр дүнтэй биш гэж үү.
Хар тамхи, мансууруулах бодист донтогсод, түүнийг наймаалагчид өнөөдөр юу ч хийхээс буцахаа больж байна. Хайртай гэр бүлийнхнээ ч гаргуунд нь хаяж буй тохиолдол цөөнгүй. Зарим жишээг уншигчдадаа хүргэе.
60 НАСТАЙ ЭМЭГТЭЙ ХАР ТАМХИ ЗАРСАН ҮЙЛДЭЛДЭЭ ЯЛ ШИЙТГҮҮЛЛЭЭ
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд өнгөрөгч долоодугаар сард Ш.Х гэх 60 настай эмэгтэйд холбогдох хэргийг хянан шийдвэрлэлээ. Түүнд Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн 20.7-3.3 дахь хэсэгт заасан “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, бэлтгэсэн, боловсруулсан, хадгалсан, тээвэрлэсэн, илгээсэн, худалдсан” гэмт хэргийг улсын хилээр нэвтрүүлж үйлдсэн гэснийг үндэслэн яллагдагчаар татан тус шүүхэд шилжүүлсэн аж. Энэ эмэгтэйг ял шийтгүүлэх үндсийг түүний төрсөн хүү тавьсан гэхэд болно. Ш.Х-д 2023 онд хүү нь олон улсын шуудан ашиглан гадаадаас их хэм¬жээний мансууруулах бодис илгээсэн аж. Уг бодисыг нь тодорхой газруудад байршуулан хадгалж худалдсан гэх хэрэгт холбогдсон гэнэ.
Шүүх хэргийг хэлэлцээд Ш.Х-г мансууруулах бодис хилээр нэвтрүүлж борлуулсан хэрэгт гэм буруутайд тооцсон ч Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасныг үндэслэн ялыг нь хөнгөрүүлж, гурван жил зургаан сарын хугацаагаар хорих ял оноосон аж. Өөрөөр хэлбэл, шүүх насных нь байдлыг харгалзан ялыг нь хөнгөрүүлсэн бололтой. Хар тамхи зарж байгаа нь үндэсний аюулгүй байдлын эсрэг өдүүлж буй гэмт хэрэг гэхэд хилсдэхгүй. Тиймээс Эрүүгийн хуульд заасан үндэсний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэгт хөнгөрүүлэх нөхцөл байдлыг шүүх хэрэглэдэггүй шигээ хар тамхи зарж буйд ч гэсэн адилхан авч үзмээр санагдана. Ш.Хгийн борлуулах гэж завдаад баригдсан мансууруулах бодис ганц нэг бус, олон хүнийг донтуулах “бараа” байсан гэнэ. Хар тамхины хар балгаар төрүүлсэн ээжийгээ ялтны тоонд оруулчхаад буй хүү нь хэзээ нэгэн цагт хариуцлага хүлээх биз ээ.
Мансууруулах бодис наймаалж мөнгө олно гэсэн ахархан бодол, болчимгүй үйлдлээс болж гэр бүлийнхнээ шоронд суулгасан тохиолдол цөөнгүй. Хэдэн жилийн өмнө Б.Хулан, Б.Халиун гэгч хар тамхи зардаг эгч дүүс хамгийн бага дүү, түүний гэргийг ашиглан “бараа”-гаа тээвэрлүүлж байгаад харийн шоронд ял эдлүүлсэн юм даг.
Тэгвэл одоо ч бас гэр бүлийнхнээ золиосолсон хар тамхи борлуулагчдыг ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газарт шалгаж байна. Тодруулбал, И гэх залуу өнгөрсөн зургаадугаар сард БНХАУ-аас олон улсын шуудан илгээмж ашиглан Монгол руу мансууруулах бодис оруулж ирээд аав, ах, эхнэр, төрөл садангийнхаа хүмүүстэй хамтран худалдан борлуулж байсан хэрэгт холбогдсон юм. Мөрдөн шалгах ажиллагааны явцад багагүй хэм¬жээний мансууруулах бодис хураан авчээ.
ЭМЧ НЬ ТАРИЛГЫН ШИНГЭНИЙГ МАНСУУРАГЧДАД БОРЛУУЛЖ БАЙСАН ГЭВ ҮҮ
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд өнгөрсөн долоо хоногт мансууруулах бодистой холбоотой нэгэн хэргийг хэлэлцэхээр товлоод байсан боловч есдүгээр сарын 17 болтол хойшлуулсан юм. А.Уранцэцэг, Б.Болоргэрэл, Б.Бадамсэд, Д.Тэсмэнд, С.Болд, С.Бэгзжав, Ж.Хангал, Ц.Тогтуун, Т.Бат-Эрдэнэ нарт НПГ-аас яллах дүгнэлт үйлдсэн уг хэрэгт эмч, өвчтөн болон өвчин намдаах зориулалттай тарилгын шингэнийг зүй бусаар ашиглаж, мансуурдаг байж болзошгүй залуус холбогдсон аж. Тэдний нэг нь тод манлай уяач, “Ургац хүдэр” ХХК-ийг үүсгэн байгуулагч Л.Цандэлэгийн хүүхэд хэмээн зарим цахим мэдээллийн хэрэгсэлд нийтлээд байгаа. Дээр нэр дурдсан хэргийн холбогдогч нар тарилгын шингэнийг нэгэндээ худалдан борлуулж байсан нь мөрдөн шалгах ажиллагаагаар тодорхой болсон гэнэ.
Үүнээс гадна өвчин намдаах үйлчилгээтэй эмийг орон нутгаас хот хоорондын тээврийн хэрэгслээр илгээж, бусдад зардаг Д гэх хү¬ нийг хууль сахиулах байгууллагынхан мөрдөн шалгаж байна. Тэрбээр 1000-ад ширхэг эм борлуулахаар хадгалж байсан бөгөөд түүнээс худалдан авч хэрэглэдэг байж болзошгүй 2227 настай найман хүнийг тогтоогоод буй аж.
Хүүхэд, залуус эмийг мансуурах зорилгоор хэрэглэх явдал удаа дараа гарч байна. Ингэж зориулалт бусаар хэрэглэсэн цөөнгүй хүүхэд амиа алдсан. Маш олон хүүхэд, залуус гар хуруугаа тайруулах зэргээр эрүүл мэндээрээ хохироод байгаа юм. Жороор эм олгодог болсон хэмээж буй ч орон нутагт хяналт сул учраас эм, тарилгын шингэнийг хэн дуртай нь худалдан авч мансуурагчдад зарж борлуулж байгааг дээрх хоёр хэрэгт холбогдогчдын жишээ тодорхой харуулав.
“МОТИВ” ХАМТЛАГИЙН ДУУЧИНД ХОЁР ЖИЛ ХОРИХ ЯЛ ОНООЖЭЭ
2017 онд шалгаж эхэлсэн, 2020 оны зун яллах дүгнэлт үйлдэж, хуучин нэрээр Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн хар тамхи борлуулсан, хэрэглэсэн хүмүүст холбогдох хэргийг энэ хавар хэлэлцэн шийдвэрлэсэн юм. Олны танил буюу “Мотив” хамтлагийн дуучин “Жижгээ” хэмээх Б.Эрдэнэбаяр тэргүүтэй зургаан хүн холбогдсон уг хэрэг анхан шатны шүүх дээр бүхэл бүтэн таван жил болсон гэхэд хилсдэхгүй. Тодруулбал, Т.Билгүүнээс 2019 оны арванхоёрдугаар сарын 16-17-нд шилжих шөнө Б.Эрдэнэбаяр мансууруулах бодис олж авсан бөгөөд 2023 онд уг хэргийг хэлэлцэн шийдвэрлэхдээ зарим үйлдлийг нь гэмт хэргийн шинжгүй хэмээн хэрэгсэхгүй болгож байв. Тухайлбал, Т.Билгүүн, Э.Энхбилэг нарын үйлдлийг гэмт хэргийн шинжгүй хэмээн цагаатгасан. Харин Д.Эрдэнэ-Очир, Б.Одхүү, Б.Эрдэнэбаяр нарт холбогдох хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж, мансууруулах бодисыг худалдах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэм буруутайд тооцсон байдаг. Улмаар Б.Одхүүд хоёр жил зургаан сар, Д.Эрдэнэ-Очирт гурав, Б.Эрдэнэбаяр, Б.Бат-Эрдэнэ нарт тус бүр хоёр жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял шийтгэсэн юм. Түүгээр ч зогсохгүй дээрх ху гацаанд мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоож байв
Уг шийтгэх тогтоолыг давж заалдах шатны шүүх хүчингүй болгож дахин хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн билээ. Түүнээс хойш ийнхүү хоёр жил гаруйн дараа анхан шатны шүүх дахин хэлэлцсэн аж. Бие биедээ мансууруулах бодис худалдсан, Орхон аймгаас тээвэрлэж хотод авчирч дамлан зарсан Д.Эрдэнэ-Очир, Т.Билгүүн, Э.Энхбилэг, Б.Эрдэнэбаяр, Б.Одхүү, Г.Анхмаа нарт холбогдох хэргийг Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх бүрэлдэхүүн тавдугаар сарын 20-нд шийдвэрлэсэн юм. Улмаар Д.Эрдэнэ-Очирт тав, Г.Анхмаад нэг жил, бусад шүүгдэгчид хоёр жил хорих ял шийтгэжээ. Г.Анхмаа нь шүүх хурлаас өмнө нэг жилийн хугацаанд саатуулагдсан учраас эдлэх ёстой ялд хоригдсон хоногийг оруулан тооцож, шүүх танхимаас сулласан байна. Бусад хүний эдлэх ёстой ялаас ч цагдан хоригдсон хоногийг хассан юм билээ. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч таван хүн, тэдний өмгөөлөгч нар нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хандсан бөгөөд маргааш хянан хэлэлцэхээр товлоод байна.