Авто засварын газарт зэвсгийн чанартай зүйл ашиглан бусдыг зодож, гудамжинд явж байхдаа тээврийн хэрэгсэл дээрээ гарч бие зассан холимог тулаанч гэх Г.Чинзоригт прокурорын байгууллагаас яллах дүгнэлт үйлдэн Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд шилжүүллээ. Тэрбээр өнгөрсөн зургаадугаар сард иргэн М.Т-тэй үл ялих зүйлээс болж маргалдан зодож, улмаар хохирогч ухаан алдаж, биеэ хамгаалах чадваргүй байгааг мэдсээр байж, автомашины төмөр эд анги ашиглан халдаж, хэрцгийгээр хүний амь хөнөөхийг завдсан хэрэгт холбогдож, олон нийтийн сүлжээнд зураг, бичлэг нь тухайн үедээ хүмүүсийн анхаарлыг татаж байсан билээ. Г.Чинзоригт холбогдох хэргийг Чингэлтэй дүүргийн Цагдаагийн газрын II хэлтэст шалгаад яллах дүгнэлт үйлдүүлэхээр прокурорт шилжүүлсэн аж. Прокуророос түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8-1, тусгай ангийн 10.1-2.1, 10.1-2.7 дахь хэсгийн онц харгис хэрцгийгээр, хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй байх үед хөнөөхийг завдсан, 11.6-1-ийн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэх заалтыг үндэслэн яллах дүгнэлт үйлдсэн юм байна.
Г.Чинзоригийн талаар цахим мэдээллийн хэрэгсэлд “холимог тулаанч” хэмээн бичиж буй ч Монголын тулааны шилдэг тамирчдын холбоо ТББ-аас “Уг бичлэгт гарч буй Г.Чинзориг гэдэг залуу нь 2017 онд манай холбооны зохион байгуулсан реалити шоунд оролцож, нэг тулаанд оролцох байсан боловч гэмтэл бэртлийн шалтгаанаар цуцлагдсан. Түүний дараа ямар ч тамирчинд байж болохгүй үйлдэл гаргасан тул цаашид холбооны зүгээс зохион байгуулж буй нэг ч арга хэмжээнд оролцуулахгүй гэдэг шийдвэрийг Удирдах зөвлөлөөс 2023 онд гаргасан билээ. Холимог тулаанаар нэг ч тулаанд оролцож байгаагүй танхай этгээдийг энэ спортоор хичээллэж буй мянга мянган залуучуудын төлөөлөл мэтээр мэдээлэл түгээж байгаад гүн харамсаж байна” хэмээж байв.