Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, илрүүлэхэд камерын хяналт чухал хэрэгсэл болоод байгаа билээ. Гэтэл орон нутгийн удирдлага хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхгүй, камержуулах ажилд хойрго хандаж байгаа аж. ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх албаны дарга, цагдаагийн хурандаа Г.Арсланхуягтай энэ талаар ярилцлаа.
-Цагдаагийн байгууллагаас хэрэгжүүлж буй “Ногоон бүс” төсөл уг нь иргэдэд ихээхэн ач холбогдолтой гэж үздэг хүний нэг нь би. Камер суурилуулж, хяналтын төв байгуулах ажлын хэрэгжилт ямар байгаа бол?
-Цагдаагийн байгууллага иргэний эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, амар тайван амьдрах орчныг бүрдүүлэх ажлын хүрээнд камержуулах ажлыг өнгөрсөн онуудад үе шаттай зохион байгуулж ирсэн. Камержуулах ажлын эхлэлийг Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгийн газар, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл-төй хамтран дүүргийн нутаг дэвсгэрийг камерын бүрэн хяналттай “Ногоон бүс” төслийг амжилттай хэрэгжүүлсэн. Ингэснээр тухайн хороодын нутаг дэвсгэрээс ирэх дуудлага, мэдээлэл 41.4 хувиар буурч, хэргийн илрүүлэлт 40 хувиар өссөн сайн жишээ болсон. Мөн дүүрэгт камер ашиглалтын анхны “дэд төв”-ийг байгуулсан. Ингээд бид улсын хэм¬жээнд хуулийн хүрээнд аж ахуйн нэгжийн үүрэг, оролцоо дэмжлэгтэй гадна орчинд 80 мянга гаруй хяналтын камер байршуулах ажлыг зохион байгуулж “Ногоон бүс” төслийг дараагийн түвшинд хүргэсэн.
-Улсын хэмжээнд суурилуулж буй камерууд стандартад нийцэж байгаа юу?
-Өнгөрсөн 20 жил камержуулах ажил нэгдсэн бодлого, төлөвлөлтгүй, ашиглалт, засвар, үйлчилгээний зардал шийдвэрлэхгүй, мэдээлэл хариуцагч нь тодорхойгүй хэрэгжиж ирсэн. Цагдаагийн байгууллага гэмт хэрэгтэй тэмцэх чиг үүргийнхээ хүрээнд хариуцаж байсан гэхэд болно. 2019 оноос хууль эрх зүйн орчин бий болж одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа MNS6423:2019 стандартыг боловсруулан батлуулж, улсын хэмжээнд мөрдөж байна.
-Камержуулах ажил цагдаагийн байгууллагын үндсэн үүрэг уг нь биш биз дээ. Хуулиар хэн, ямар үүрэг оролцоотой байхыг тусгаж өгсөн байлгүй.
-Орон нутгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг дарга нар иргэдийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр нийтийн эзэмшлийн гудамж, зам, талбайн камержуулалтын санхүүжилтийг батлах, хэрэгжүүлэх үүрэг¬тэй. Тодруулбал, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 28.1.15-д зааснаар “иргэдийн аюулгүй байдлыг хангах зорилгоор нийтийн эзэмшлийн гудамж, талбайд байршуулан ашиглаж байгаа дүрс бичлэгийн техник, хэрэгслийн бүрэн бүтэн, хадгалалтын аюулгүй байдал, хэвийн ажиллах нөхцөл, боломжийг бүрдүүлж арчлан хамгаалах, шаардагдах зардлыг хариуцах” нь нутгийн захиргааны байгууллагын үүрэг гэж тодорхойлсон байдаг.
Цагдаагийн байгууллагаас аймаг, дүүргийн Засаг дарга нарт хариуцсан нутаг дэвсгэрийн гэмт хэрэг, зөрчил ихээр гардаг, гарч болзошгүй эмзэг цэгүүдийн судалгаа хийж олон улсын сайн туршлага, урьдчилан сэргийлэх ажлын чанар үр дүнгийн төсөөлөл, гүйцэтгэлийн техник эдийн засгийн тооцоо судалгаа гаргаж өгөх, төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудад сургалт оруулах зэргээр хамтран ажиллаж, мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлж байгаа ч үр дүн гарахгүй байна.
Тухайлбал, хуулиар зохицуулагдсан батлан хэрэгжүүлэх ёстой төсөв, хөрөнгийг шийдвэрлэхгүй, шийдсэн төсөв, хөрөнгийн зарцуулалт зохицуулалт нь Монгол Улсын “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлогоор тодорхойлогдсон гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох цогц арга хэмжээний шаардлагад нийцэхгүй, ажил хариуцсан албан тушаалтнууд нь мөн энэ чиглэлээр ойлголтгүй, ажлын гүйцэтгэл муу зэрэг шалтгаанаар энэ ажлын хэрэгжилт орон нутагт хангалтгүй байна.
-Камержуулах ажлын төсвийг хэрхэн тооцож, төлөвлөх ёстой вэ?
-Төсөв хөрөнгийг шийдвэрлэхдээ камержуулалтын цэгт байрлуулах хэдэн камер, камерын нэгж үнээр тооцож төсөвлөж байгаа нь буруу. Олон улсын жишигт камержуулах ажлын төсвийг тооцохдоо камерын үнэд дэд бүтцийн, систем, программ хангамжийн лицензийн, тоног төхөөрөмжийн, суурилуулалтын гээд олон зардлыг багтааж төсөвлөдөг. Өөрөөр хэлбэл, нэг камерыг гудамж, зам, талбайд суурилуулж хяналтын төвд холбож ажиллуулах хүртэл дунджаар 5.3 сая төгрөг болдог.
Камер хэвийн, найдвартай ажиллах үндсэн суурь нь дэд бүтэц (шилэн кабель), ашиглалтын зардлыг заавал тусгаж хэрэгжүүлэх нь чухал. Камержуулах ажлыг улсын бодлого стандартын хүрээнд зөв төлөвлөлт, шийдлээр анхнаасаа үе шаттай хэрэгжүүлэх ёстой.
Өөрөөр хэлбэл, камержуулах ажил нь их төсөв, хөрөнгө шаардсан зардал өндөртэй хэдий ч нөгөө талаар иргэдийн эд хөрөнгө амь нас, болзошгүй эрсдэлээс хамгаалах гол хэрэгсэл, дэлхийн улс орнуудын аюулгүй байдлын чиг хандлага хяналтын систем, камераар тодорхойлогдож байна.
-Улсын төсвийн хөрөнгө оруулалтаас гадна төр-хувийн хэвшлийн түншлэл, хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх боломж бий биз дээ?
-Цагдаагийн байгууллагаас мэдээлэл холбоо, сүлжээний дэд бүтцийн үйлчилгээ үзүүлэгч болон мэдээллийн технологийн чиглэлийн байгууллагуудтай хамтран аймаг, дүүргийн баг, хороодыг камержуулах ажлыг хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх тооцооллыг хийж аймаг, дүүргийн Засаг дарга нарт танилцуулаад байна.
Камержуулалтын ажлыг зөвхөн улсын төсвийн хөрөнгөөр худалдан авахаас гадна, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааны төслөөр хэрэгжүүлэх эрх зүйн орчин байгаа.