Цаг уурын байгууллагаас гаргасан улирлын ерөнхий төлөвөөр энэ сард баруун аймгуудын нутаг, төвийн аймгуудын баруун, говийн аймгуудын хойд хэсгээр олон жилийн дунджаас хүйтэн, хур тунадас Хангайн уулархаг нутгаар ахиу орох төлөвтэй байна. Харин арваннэг, арванхоёрдугаар сард зүүн аймгуудын нутаг, төв болон говийн зүүн хэсгээр олон жилийн дунджаас хүйтэн, хур тунадас арваннэгдүгээр сард нутгийн зүүн хэсгээр, арванхоёрдугаар сард зүүн хойд хэсгээр ахиу орох төлөвтэй байгааг цаг уурын байгууллагынхан мэдээлэв. Тодруулбал, өвлийн саруудад зүүн аймгуудын нутгаар цаг агаар хүйтэн, хур тунадас харьцангуй их байх төлөв ажиглагджээ. Мөн өнгөрсөн зуны хугацаанд хуурай гандуу байсан баруун аймгуудын нутгаар бэлчээрийн даац муу, хадлан тэжээлийн нөөц багатай зэргийг харгалзан үзэж малын тэжээл нөөцлөх арга хэмжээ авч, өвлийн бэлтгэлээ эртнээс хангахыг зөвлөсөн.
Баян-Өлгий, Увс, Ховд, Завханы нутаг, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангайн ихэнх, Архангайн баруун өмнөд, Дундговийн баруун хэсгээр энэ сард олон жилийн дунджаас хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим байх гэнэ. Харин ирэх сард агаарын дундаж температур Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Говьсүмбэр, Дорноговийн нутаг, Сэлэнгэ, Төв, Дундговь, Өмнөговийн зүүн хэсгээр олон жилийн дунджаас хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй гарчээ. Эдгээр аймгийн ихэнх нутгаар олон жилийн дунджаас ахиу хур тунадас орох нь. Арванхоёрдугаар сард мөн зүүн аймгуудад олон жилийн дунджаас хүйтэн, хур тунадас ахиу орох юм байна.
Ч.Туяа