Байнгын асаргаанд байдаг буюу хэвтрийн өвчтөний тэтгэмжийг сунгахын тулд биеэр ирүүлж, хурууны хээг нь уншуулсан тухай мэдээлэл уржигдар цацагдан, иргэдийн бухимдлыг төрүүллээ. Тодруулбал, Чингэлтэй дүүргийн Улсын бүртгэлийн нэг цэгийн үйлчилгээний газарт хэвтрийн өвчтөнийг өргүүлэн авчруулж, бүртгэл хийжээ. Үүнийг олон хүн буруушаан, “Цахим үндэстэн боллоо хэмээсэн ч иргэддээ чирэгдэл учруулсан хэвээр байна, сонгуулийн саналыг гэрээр явж авдаг атлаа өвчтэй хүмүүст харгис хандлаа, хүнд суртал гаргалаа” хэмээн ширүүн шүүмжилсэн юм.
Энэ талаар Чингэлтэй дүүргийн ЗДТГ-ынхнаас тодруулахад “Байнгын асаргаанд байдаг, хэвтрийн өвчтөн болон өндөр настнуудын гэрээр очиж, төрийн үйлчилгээ үзүүлэх журам бий. Яагаад уг журмыг үл хайхарсныг мэдэхгүй. Гэхдээ тус иргэн нь Сэлэнгэ аймгийн харьяат бөгөөд яаралтайгаар хүргүүлж ирсэн бололтой. Эл тохиолдол Чингэлтэй дүүргийн төрийн байгууллагуудтай холбоогүй, УБЕГ-ынхны хариуцах асуудал” гэлээ. Харин УБЕГ-аас тайлбар авч чадсангүй. Ямартай ч тус газрынхныг тухайн иргэнээс уучлал гуйж, технологийн боломж, шийдлийг ашиглан төрийн үйлчилгээг аль болох төвөг багатай, чирэгдэлгүй үзүүлэхэд анхаарахыг Ерөнхий сайд сануулсан юм.
С.Цэрэн